Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0527

 

“Дк ББСБ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Дк ББСБ” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрээр: “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т заасныг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д “Дк ББСБ” ХХК-ийг зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байхад хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д заасныг үндэслэж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасантай нийцэхгүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байна. Иймд хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна. Уг үндэслэл, дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь тухайн “Дк ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сар болон 2017 оны 06 сараас эхэлж “Найман шарга” төв буюу Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байрны 14, 19 тоотод салбар нээж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад илэрч, таслан зогсоогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тогтоогдож, зөрчил үйлдсэн хугацаанд нь тохирсон Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг Улсын байцаагч Б.Н би ногдуулж, хуулийг буцаан хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн “Дк ББСБ” ХХК-ийн зөрчлийн үйлдэл хэдийгээр Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдэж эхэлсэн боловч, үйлдэл нь дуусаагүй, төгсөөгүй, үргэлжилж байсан бөгөөд тухайн үргэлжилсэн үйлдэл нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ойролцоогоор 3 жил орчмын дараа хяналт, шалгалт хийх явцад илэрч таслан зогсоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, гэж заасны дагуу эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” зөрчил үйлдсэн үеийг 2019 оны 12 сард гэж тооцон, тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн дагуу хариуцлага ногдуулсан.

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дк ББСБ” ХХК-ийг Зөрчлийн үйлчилж байх үед таслан зогсоогдсон үйлдэлд анх зөрчил гаргаж эхэлсэн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд хариуцлага ногдуулаагүй байгаа нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн нь харин ч эсрэгээр үргэлжилсэн үйлдэлтэй зөрчлийн зөрчил үйлдсэн хугацааг өөрөөр тоолох, зөрчилд тохирсон хариуцлагыг хүлээлгэх, хууль нэг мөр үйлчлэхийн эсрэг шийдвэр болж, зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн ялгамжтай байдлыг бий болгох, цаашид хууль хэрэглээний буруу жишиг тогтоох зэрэг үр дагаврыг болгох шийдвэр гаргасан байна.

Иймд “Дк ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0055554 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, “Дк ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Дк ББСБ” ХХК-ийн үйлдсэн зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөрчил үйлдсэн болохыг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тогтоосон боловч “Дк ББСБ” ХХК-ийг зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн зөрчилд 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байхад хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д заасныг үндэслэж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасантай нийцэхгүй...” хэмээн дүгнэж, маргаан бүхий актыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж заасны дагуу хэдийгээр нэхэмжлэгч “Дк ББСБ” ХХК хууль зөрчсөн үйл ажиллагааг 2016 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд явуулж эхэлсэн байх боловч уг зөрчлийг 2019 онд улсын байцаагч илрүүлэн зогсоох хүртэл үргэлжилсэн байдлаар үйлдэж байсан буюу үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ тохиолдолд хариуцагч шийтгэл ногдуулахдаа зөрчлийг 2019 онд үйлдэгдсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан нь зөв байна.

Өөрөөр хэлбэл, 2019 онд үйлдэгдсэн зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй учир энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Дк ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0055554 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Дк ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

  ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ