| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00327/И |
| Дугаар | 371 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 371
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 10 сарын 18 Дугаар 371 Баруун-Урт
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг Чулуутын 10-9 тоотод оршин суух Нийсэр овогт Ухнайн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох цалингийн үлдэгдэл 391667 /гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014.09.05-аас 2014.10.27-ны өдрийг хүртэл сарын 500.000 төгрөгний цалинтай тогоочийн ажил хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажилчдын эвдсэн ус буцалгагчийг өөрөөсөө 25.000 төгрөг гаргаж засуулсан. Уг засварын мөнгийг цалинтай хамт өгнө гэсэн боловч өгөөгүй. Надад 1 сар 22 хоногийн цалин 866.667 төгрөг, ус буцалгагч засуулсаны 25.000 төгрөг, нийт 891.667 төгрөг өгөхөөс 500.000 төгрөгийг өгч үлдэгдэл 391.667 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул тус албанаас 391.667 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаагүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 16 айлын орон сууцны барилгыг барьж байсан “Мөнхийн гэгээвч” ХХК-д тогоочоор ажиллаж байсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Алтанцэцэг нь хариуцагч Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас цалингийн үлдэгдэл 391667 /гурван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У.Алтанцэцэг нь “би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаагүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 16 айлын орон сууцны барилгыг барьж байсан “Мөнхийн гэгээвч” ХХК-д тогоочоор ажиллаж байсан” тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч У.Алтанцэцэгийн 391667 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12400 төгрөгний тал хувь 6200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч У.Алтанцэцэг нь хариуцагч Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас цалингийн үлдэгдэл 391667 /гурван зуун ерэн нэг зургаан жаран долоон/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч У.Алтанцэцэгийн 391667 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12400 төгрөгний тал хувь 6200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Алтанцэцэгт олгосугай.
3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА