Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 846

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Жд холбогдох эрүүгийн 1903006820330 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ регистрийн дугаартай, Б.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08:35 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн зүүн замд “Honda CBR 125” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Жыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Жын өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 08:35 цагийн орчимд Баянгол дүүргийн 11-р хороо МҮОНРТ-н зүүн талын замд өөрийн худалдаж авсан Хонда маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үед урагшаа явж байгаа зам ачаалал ихтэй байсан учир эсрэг урсгал зааглаж тусгаарласан цагаан шугамыг унуулж явтал гэнэт миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун гар талаас нэг эмэгтэй зогсож байсан машин дундаас гүйгээд гараад ирсэн. Би хараад л зүүн тийш зугтаалгаж дайрахгүй гэж мотоциклын жолоог дарсан боловч тулсан байсан учир баруун гар талын хөлөөрөө буюу өвдгөөрөө нөгөө эмэгтэйг мөргөөд, шүргээд, нөгөө явган зорчигч эмэгтэй мөргүүлээд хойшоо шидэгдэж унасан. Би мотоциклоо зүүн тал руу зогсоолд оруулаад гүйгээд иртэл тэр эмэгтэй ухаангүй зам дээр голлосон хэвтэж байсан. Өөрийн бурууг ойлгож маш их гэмшиж байна. Бүх хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 64/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Жын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 08:35 цагийн орчим Баянгол дүүргийн 11-р хороо МҮОНРТ-н баруун замд өөрийн ажил руу явж байх үед хойноосоо хөдөлгөөн ихтэй, зам ачаалалтай байсан. Хойноосоо урагш явж байгаа тээврийн хэрэгслүүд маш зөөлөн урагшилж байсан. Тэгээд урагш явдаг хөдөлгөөн зогссон, энэ үед би зам хөндлөн гарч дэлгүүр орох гээд замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарахаар зогсож байсан. Машин дундуур гараад эсрэг урсгалаас буюу урдаасаа хойшоо хөдөлгөөн бага байсан учир урагш эсрэг хөдөлгөөнийг хараад голын цагаан зураас дээрээс урагш ухас хийтэл гэнэт хойноос буюу миний зүүн гар талаас нэг мотоциклтой хүн ирээд мөргөсөн, тэгээд л би юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан.

Ослоос болж миний биед зүүн чамархайн урд доод үзүүрээс зүүн талын суурь ясны их, бага далавч, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хана дайрсан нийлмэл хугаралтай гэсэн. Миний хувьд мотоциклын жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 6.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.М-ын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн орчимд ажилдаа ирж явтал манай ажлын зүүн талын замд осол гарсан бололтой, замын голд хүн хэвтэж байсан. Хэвтэж байгаа хүнийг нэг хүн цээжийг нь өндийлгөсөн байдалтай өвөр дээрээ дэрлүүлсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би энд юун осол гарсан юм бол гээд хажуугаар нь гарах үедээ хартал манай ажлын хүнтэй төстэй хүн харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад яваад очтол манай ажлын Жавзандулам толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ү.А-ы өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн орчимд ажлын зүүн талын замын зүүн талд машинаа зогсоол дээр тавиад явган хүний гарцаар гарах гээд хойшоо явган хүний гарц руу алхаж явтал хойноосоо урагш чиглэлд мотоциклтой хүн замын голын цагаан шугам дагуу зогсож байсан автомашинуудын хажуугаар нилээд хурдтай урагш явж харагдсан. Ингээд би явган хүний гарцаар гарах гэж байтал урд зам дээр түс тас гээд л чимээ гарсан. Тэгэхээр нь урагш хартал замын голын цагаан зураасны харалдаа нэг эмэгтэй доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Хойшоо урагш чиглэлд явсан мотоциклтой хүн замын зүүн тал руу зүүн дараад зогсоол руу орж байгаа харагдсан. Тэгээд л би мотоциклтой хүн явган хүн мөргөчихлөө гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.С-ын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 08:35 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг МҮОНРТ-н зүүн талын замд өөрийн эзэмшлийн Т.Королла маркийн 34-42 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд зорчих хэсгийн 2-р эгнээгээр зорчиж явтал миний явж байсан чиглэлд хөдөлгөөн ихтэй байсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссон байдалтай байсан. Тэгээд би зорчих хэсгийн 2-р эгнээнд зогсож байтал миний машины зүүн гар тал, зүүн хойд хаалга руу түг гээд юм цохиод авах шиг дуу чимээ гарсан, тэгээд миний машины зүүн талаар нэг мотоцикл урсгал сөрөөд замын зүүн тал руу яваад орсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад иртэл миний машины 2 дугуйны хооронд эмэгтэй хүн зам дээр унасан байдалтай, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Гэтэл мотоциклтой явсан 2 залуу гүйж ирсэн. Тэгээд л би мотоцикл мөргөсөн юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 11-р хороо МҮОНРТ-н зүүн талын замд өөрийн цуг ажилладаг Б.Жын хамт улсын дугааргүй мотоциклтой хойноосоо урагш чигт хотын төв орохоор явж байсан. Ж мотоцикл жолоодож, би хойно нь сууж явсан. Энэ үед зам хойноосоо урагш чиглэлд хөдөлгөөний ачаалал ихтэй автомашинууд зогссон байдалтай байсан. Тэгээд бид 2 яарч явсан учир замын голын цагаан зураас дагуу хөдөлгөөнд оролцоод урагш явж байтал явган хүний гарц таарсан, тэр гарц дээр хурдаа сааруулж гараад цааш явж байтал явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр баруун талаас нэг эмэгтэй хүн машины дундуур гүйгээд гэнэт гараад ирсэн, тэгээд Ж хараад жолоогоо зүүн тийш дараад эсрэг урсгал руу орсон, энэ үед хажуугаас гэнэт гүйж гарч эмэгтэй Ж болон миний баруун хөлөнд шүргүүлээд хойш газарт унасан. Ж бид 2 эсрэг урсгал руу ороод замын зүүн талын зогсоод мотоциклоо оруулж тавиад гүйгээд очтол бид 2-т шүргүүлсэн эгч газарт замын голд хэвтэж байсан. Тэгээд тэр эгч ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8036 тоот:

1. Ж.Жын биед зүүн чамархайн урд доод үзүүрээс зүүн талын суурь ясны их, бага далавч, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хана дайрсан нийлмэл хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцралт, субараханойдал зайн цус харвалт, тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 45/,

 

ТЦА-ны албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 296 тоот:

1. Хонда маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно. Мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Жаргалсайхан овогтой Жавзандулам /32 настай, эмэгтэй/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх магадлагаа /хх-н 52-53/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 68-79/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-11/,

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 94/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08:35 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн зүүн замд “Honda CBR 125” маркийн улсын дугааргүй мотоциклыг эрхгүйгээр жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Жыг мөргөж, биед зүүн чамархайн урд доод үзүүрээс зүүн талын суурь ясны их, бага далавч, зүүн нүдний ухархайн доод хана, хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хана дайрсан нийлмэл хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцралт, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Жын “...Хонда маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үед гэнэт миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун гар талаас нэг эмэгтэй зогсож байсан машин дундаас гүйгээд гараад ирсэн. Би хараад л зүүн тийш зугтаалгаж дайрахгүй гэж мотоциклын жолоог дарсан боловч тулсан байсан учир баруун гар талын хөлөөрөө буюу өвдгөөрөө нөгөө эмэгтэйг мөргөөд, шүргээд, нөгөө явган зорчигч эмэгтэй мөргүүлээд хойшоо шидэгдэж унасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Жын “...Машин дундуур гараад эсрэг урсгалаас буюу урдаасаа хойшоо хөдөлгөөн бага байсан учир урагш эсрэг хөдөлгөөнийг хараад голын цагаан зураас дээрээс урагш ухас хийтэл гэнэт хойноос буюу миний зүүн гар талаас нэг мотоциклтой хүн ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.М-ын “...2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн орчимд ажилдаа ирж явтал манай ажлын зүүн талын замд осол гарсан бололтой, замын голд хүн хэвтэж байсан. Хэвтэж байгаа хүнийг нэг хүн цээжийг нь өндийлгөсөн байдалтай өвөр дээрээ дэрлүүлсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би энд юун босол гарсан юм бол гээд хажуугаар нь гарах үедээ хартал манай ажлын хүнтэй төстэй хүн харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад яваад очтол манай ажлын Жавзандулам толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ү.А-ы “...2019 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн орчимд ажлын зүүн талын замын зүүн талд машинаа зогсоол дээр тавиад явган хүний гарцаар гарах гээд хойшоо явган хүний гарц руу алхаж явтал хойноосоо урагш чиглэлд мотоциклтой хүн замын голын цагаан шугам дагуу зогсож байсан автомашинуудын хажуугаар нилээд хурдтай урагш явж харагдсан. Ингээд би явган хүний гарцаар гарах гэж байтал урд зам дээр түс тас гээд л чимээ гарсан. Тэгэхээр нь урагш хартал замын голын цагаан зураасны харалдаа нэг эмэгтэй доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.С-ын “...зорчих хэсгийн 2-р эгнээнд зогсож байтал миний машины зүүн гар тал, зүүн хойд хаалга руу түг гээд юм цохиод авах шиг дуу чимээ гарсан, тэгээд миний машины зүүн талаар нэг мотоцикл урсгал сөрөөд замын зүүн тал руу яваад орсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад иртэл миний машины 2 дугуйны хооронд эмэгтэй хүн зам дээр унасан байдалтай, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Б-ийн “...Ж мотоцикл жолоодож, би хойно нь сууж явсан. Энэ үед зам хойноосоо урагш чиглэлд хөдөлгөөний ачаалал ихтэй автомашинууд зогссон байдалтай байсан. Тэгээд бид 2 яарч явсан учир замын голын цагаан зураас дагуу хөдөлгөөнд оролцоод урагш явж байтал явган хүний гарц таарсан, тэр гарц дээр хурдаа сааруулж гараад цааш явж байтал явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр баруун талаас нэг эмэгтэй хүн машины дундуур гүйгээд гэнэт гараад ирсэн, тэгээд Ж хараад жолоогоо зүүн тийш дараад эсрэг урсгал руу орсонн, энэ үед хажуугаас гэнэт гүйж гарч эмэгтэй Ж болон миний баруун хөлөнд шүргүүлээд хойш газарт унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8036 тоот дүгнэлт, ТЦА-ны албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 296 тоот магадлагаа, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Б.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.Жыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно.

 

Шүүгдэгч Б.Жын үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч Ж.Жын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол эмчилгээний зардал 6.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт хураагдан ирсэн эд хөрөнгө үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ