Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 847

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Хд холбогдох эрүүгийн 1905027950943 тоот хэргийг хүлээн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, О.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна бага насны буюу 5 настай О.Аг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатайгаар толгойн тус газар нь дуслын шилээр цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн зүүн хэсэгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ:

“...Зуны семинарт явж байгаад бухимдалтай явж байгаад гэртээ орж ирээд ээждээ уурлаад гэрт байсан дуслын шилийг аваад гараад явж байхад тэр хүүхэд таарсан тэгээд дуслын шилээрээ толгойруу нь цохисон. Би их ууртай өөрийгөө хянаж чадахааргүй байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр 2 хүүхдээ аваад дэлгүүр гарсан. Хүүхдээ салхилуулаад зогсож байхад аав явлаа гээд манай том хүүхэд гүйсэн машин зам ойрхон байсан болохоор би араас нь гүйгээд авсан тэгээд тоглоомын талбайн гадаа миний хүүхэд тоглож байхад нь шууд толгойруу нь цохичихсон би их сандарч балмагдаад тухайн үед юу болсныг санахгүй байна. Миний охин толгойдоо 2 оёдол тавиулсан одоо болтол үс нь ургахгүй байгаа айснаас болж шөнө унтаж чадахгүй байнга цочиж сэрдэг...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Хы өгсөн:

“...би тухайн өдөр ээжтэйгээ маргаад гарч явахдаа уурандаа тэр охины биед халдсан асуудалдаа маш их гэмшиж байна, хэрэг болсноос хойш би өөрийн ээж Ц.Бын хамтаар хохирогч охины ээжтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйсан. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байхаар баталгаа гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны орой хоёр охин О.А, М нарын хамтаар гэрээсээ гарч дэлгүүр орон зайрмаг аваад орцныхоо үүдэнд жаахан суух гээд байж байтал манай орцны урдуур нэг улаан өнгийн машин явсан чинь манай бага охин М аавынхаа машинтай андуураад дагаад явсан. Тэр үед би том охиноо үлдээгээд бага охиныхоо араас очиж аваад зогсож байтал ард шил хагарах чимээ гарахаар нь эргээд хартал манай орцонд амьдардаг нэг охин гартаа барьсан нэг шилийг газар шидэн хагалж байсан бөгөөд хажууд нь манай охин уйлчихсан зогсож байсан. Тэгээд би сандраад том охин дээрээ очоод юу болов гээд тэврээд автал манай том охин О.Агийн толгойн зүүн хэсгээс маш их цус гарч байсан. Тэгээд би юу болов гээд ийш тийш харсан чинь манай орцонд амьдардаг шил газар шидэж хагалсан охин манай бага охины хажуугаар явж байхдаа бас бага охиныг маань түлхэж унагаад явчихсан. Тэгээд би хоёр охинтойгоо гэрлүүгээ орох гэтэл нөгөө манай хоёр охины биед халдсан охин орцны үүдэнд өөр нэг танихгүй залууг цохиж аваад байсан. Тэгээд би гэртээ орж чадахгүй хүний гар утсаар нөхөртэйгээ яриад нөхөр ирсэн даруй охиноо аваад эмнэлэг явж үзүүлсэн. Тэр үед манай том охины толгойн зүүн орой хэсэгт хагарч цус гарсан байсан. Харин бага охиныг тэр охин түлхэж унагаах үед манай охин духаараа ямар нэгэн зүйл мөргөж унаад духан дээр жаахан хөхөрсөн байсан. Гомдолтой байна, эмчилгээнд гарсан зардлуудаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бын өгсөн:

“...Манай охин О.Х нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн явдаг сүмийнхээ хүмүүстэй Гачуурт руу нэг семинарт явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай охин семинараас ирээд маш их уурлаад “би их өлссөн, маш их даарсан” гээд байсан. Тэр үед би охиндоо уурлаад “чамд хэлээ биздээ, чи өөрөө явах юм уу, яах юм өөрөө шийд” гэж хэлсэн чинь манай охин уурлаад хувцас хунараа тайлаад шидлээд байсан. Тэгээд би гал тогооны өрөөндөө нэг бичиг цаасны ажил хийгээд сууж байтал манай охин надад уурлаад гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй буцаад орж ирэхдээ манай охин “би сая эмнэлэгт үзүүлсэн, намайг дусал хийлгэ гэж байна” гэхээр нь би уурлаад “чамд ямар юмаараа дусал хийлгэдэг юм, чиний юу өвдсөн юм. Битгий балай юм яриад бай, одоо ус цасанд ороод унт” гэж хэлээд хийж байсан ажлаа хийгээд байж байтал манай охин дахиад гэрээсээ хаалга саваад гарсан. Тэр үед би охиноо байнга уурлахаараа гэрээсээ гарч яваад, жоохон алхаж байгаад тайвшраад ороод ирдэг болохоор, тэгээд ороод ирэх байлгүй гэж бодоод тоогоогүй. Тэгээд удаагүй байж байтал манай охин гаднаас гэртээ орж ирээд шууд жижиг өрөөндөө ороод унтсан. Тэгээд би хийж байсан ажлаа нилээн удаан сууж хийж байгаад 00:00 цаг өнгөрөөд байхад унтсан. Тэгээд унтаж байтал шөнө дунд манай ээж намайг сэрээгээд “миний охин хаалга тогшоод байна” гэхээр нь босоод хаалгаа онгойлготол нэг танихгүй залуу, 5 орчим насны толгойг нь цагаан өнгийн зүйлээр боосон охины хамт орж ирээд “танай жижигхэн халимаг шар үстэй охин байдаг уу” гэхээр нь би “манайд шар үстэй охин байхгүй, харин жижигхэн үстэй охин байгаа тэр бол миний охин” гэж хэлээд юу болсон талаар асуутал танихгүй залуу надад “танай охин чинь манай охины толгойг архины шилээр цохиж гэмтэл учруулсан” гэхээр нь би гайхаад юун архины шил вэ, манайд тийм архины шил байхгүй, архи уудаг хүн ч байхгүй гэж хэлээд гэнэт гэрт манай ээжийн яаралтай үед хэрэглэнэ гэж хадгалж байсан дусал байгааг санаад мөн манай охин сүүлд гарахынхаа өмнө нэг гараад орж ирэхдээ дусал хийлгэх тухай яриад байсныг санаад ээжийн хадгалж байсан дуслыг үзтэл байхгүй байсан. Тэгээд би шууд охиныгоо гэртээ байсан дуслын шил авч гараад надтай маргасан уурандаа айлын хүүхэд гэмтээсэн юм байна гэж ойлгосон бөгөөд манай охин өмнө бас гэрийнхээ гадаа айлын хүүхэд түлхэж байсан талаар ээжийнхээ хэлж байсныг санасан. Тэгээд би гэрт хүүхэдтэйгээ орж ирсэн залуугаас охиныхоо өмнөөс уучлалт гуйгаад тухайн үедээ маш их сандарсан байсан болохоор гар утасны дугаарыг нь авалгүй, гэр нь 9 давхарт байдаг гэдгийг л мэдээд гаргасан байсан. Тэгээд би охиндоо уурлаад унтаж байсан газраас нь босгох гэтэл манай охин ерөөсөө босч ирээгүй. Тэгээд маргааш нь би ээжийнхээ хамтаар нөгөө охин болон аав, ээжтэй нь уулзах гээд 9 давхрын бүх айлуудыг тогшиж байгаад хаана амьдардгийг нь мэдээд уулзах гэсэн боловч гэртээ байхгүй байсан. Мөн тэр өдрөөс хойш хэд хэдэн удаа уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй бөгөөд нэг орой харин нөгөө залуу гэртээ байхад нь уулзаад охиных нь биеийн байдлын талаар асуутал тэр залуу одоохондоо гайгүй байгаа эгчээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 8253 тоот: 

  1. О.А-н биед тархи доргилт, зулайн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 25/,

 

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 968 тоот:

  1. О.Х нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. О.Х нь хэрэг үйлдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

  2. О.Х нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

  3. О.Х нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэх өгөх чадвартай байна.

  4. О.Х нь хэрэг хариуцах чадвартай байна.

  5. О.Хы дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.

  6.О.Хд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-н 35-36/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна бага насны буюу 5 настай О.Аг санаатайгаар толгойн тус газар нь дуслын шилээр цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн зүүн хэсэгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Хы “...би тухайн өдөр ээжтэйгээ маргаад гарч явахдаа уурандаа тэр охины биед халдсан асуудалдаа маш их гэмшиж байна, хэрэг болсноос хойш би өөрийн ээж Ц.Бын хамтаар хохирогч охины ээжтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйсан. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байхаар баталгаа гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

насанд хүрээгүй хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын “...манай орцонд амьдардаг нэг охин гартаа барьсан нэг шилийг газар шидэн хагалж байсан бөгөөд хажууд нь манай охин уйлчихсан зогсож байсан. Тэгээд би сандраад том охин дээрээ очоод юу болов гээд тэврээд автал манай том О.Агийн толгойн зүүн хэсгээс маш их цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Бын “...унтаж байтал шөнө дунд манай ээж намайг сэрээгээд “миний охин хаалга тогшоод байна” гэхээр нь босоод хаалгаа онгойлготол нэг танихгүй залуу, 5 орчим насны толгойг нь цагаан өнгийн зүйлээр боосон охины хамт орж ирээд “танай жижигхэн халимаг шар үстэй охин байдаг уу” гэхээр нь би “манайд шар үстэй охин байхгүй, харин жижигхэн үстэй охин байгаа тэр бол миний охин” гэж хэлээд юу болсон талаар асуутал танихгүй залуу надад “танай охин чинь манай охины толгойг архины шилээр цохиж гэмтэл учруулсан” гэхээр нь би гайхаад юун архины шил вэ, манайд тийм архины шил байхгүй, архи уудаг хүн ч байхгүй гэж хэлээд гэнэт гэрт манай ээжийн яаралтай үед хэрэглэнэ гэж хадгалж байсан дусал байгааг санаад мөн манай охин сүүлд гарахынхаа өмнө нэг гараад орж ирэхдээ дусал хийлгэх тухай яриад байсныг санаад ээжийн хадгалж байсан дуслыг үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 8253 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Х нь (IQ=57%)-тай, Сорилын явцад зан төрхийн өөрчлөлт илэрсэн болох нь хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14/42 тоот Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлтээр О.Х нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. О.Х нь хэрэг үйлдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай гэх боловч хохирогчийг бага насны хүүхэд биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь хууль зүйн ойлголт тул шүүгдэгч нь дээрх хууль зүйн ойлголтыг ухамсарлан ойлгож байсан эсэх нь эргэлзээтэй байх тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч О.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг хохирогчийн зүгээс гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохиролд 279.000 төгрөгийн хүлээлгэн өгсөн гэсэн 1 хуудас баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч О.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Хд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Хд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ