Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 845

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ут холбогдох эрүүгийн 1906031070957 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Д.У.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Гранд Плаза” төвийн В1 давхарт байрлах “Хүрмэн” эмийн санд жор баригчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эмүүдийн төлбөрийг завшиж 875.076 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Уийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза” худалдааны төвийн В1 давхарт байрлах “Хүрмэн” эмийн санд жор баригчаар ажилд орсон бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа байгууллагын эм, барааг худалдан борлуулахдаа үйлчлүүлэгчийн хүсэлтээр мобайл банкаар шилжүүлье гэх хүсэлтийн дагуу өөрийн Хаан банкны данс руу шилжүүлэн авдаг байсан. Учир нь өвлийн цагаар үйлчлүүлэгч ихтэй байдаг, зарим тохиолдолд байгууллагын пос машин ажиллахгүй уншихгүй байх тохиолдол их, зарим үйлчлүүлэгч нь бэлэн мөнгө байхгүй, эсвэл карт байхгүй гэх шалтгаанаар мобайлаар шилжүүлье гэх хүсэлтийн дагуу би өөрийн данс руу шилжүүлэн авдаг байсан ба би өөрийн данс руу шилжүүлэн авсан мөнгөө байгууллагын пос машинд уншуулан хийдэг байсан. Харин зарим мөнгийг өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсаны улмаас мөнгөө дутуу хийсэн, заримыг нь хийгээгүй байх тохиолдол гарсан байна. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.У-ын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Хүрмэн ХХК-ний захирлын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 112 тушаалаар Жор баригч албан тушаалтай ажилд авсан. Д.У нь ажилд орсноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын эмийг зарж борлуулахдаа зарим тохиолдолд өөрийн хувийн данс руугаа шилжүүлэн авч, байгууллагын пос машинд зарим мөнгийг уншуулдаггүй байсан юм. Ингээд дутагдал гарахаар нь шалгаад үзтэл нийт 1.341.136 төгрөгийн дутагдал гарч бид тооцоо нийлсэн. Байгууллагад учруулсан хохирол болох 1.341.136 төгрөгийг төлсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ийн өгсөн:

“...Би Хүрмэн эмийн санд 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Д.У гэх охин ирж ажилд орон ажилласан. Д.Уийг ажиллаж байх хугацаанд тооцооноос мөнгө дутаж байсан. Тэгэхээр нь тооллого хийж үзэхэд 1 сая гаруй төгрөг дутсан бөгөөд тооцоо нийлээд 1.341.136 төгрөг дутсан юм. Тэгээд хяналт тавиад шалгаад үзтэл Д.У нь мөнгө дутаасан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-гийн өгсөн:

“...Би “Хүрмэн” эмийн сангийн Гранд салбарын нягтлан бодогч албан тушаалтай ажилладаг. 1.323.325 төгрөг бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийгээд дутсан барааны мөнгө юм. Тооллого нь Д.У өдөрт хэдэн төгрөг тушаах ёстойгоос хэдийг тушаасан байгааг тооцоолж, бэлэн мөнгө болон бэлэн бус мөнгөний нийлбэрээр тушаасан мөнгийг бүртгээд программаас тушаах ёстой мөнгийг татаж авч, харьцуулан дутсан мөнгөний дүнг гаргадаг...” гэх мэдүүлэг /хх-н 64-66/,

 

- Хүрмэн ХХК захирлын тушаал /хх-н 23-24/,

- Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-н 25-26/,

- Депосит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 36-39/,

- Эд зүйл хүлээн авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 50/,

- Эд мөрийн баримт флашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 76-80/,

- Хохирогч Э.У-ын “...Д.У нь хохирол нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-н 93/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Гранд Плаза” төвийн В1 давхарт байрлах “Хүрмэн” эмийн санд жор баригчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эмүүдийн төлбөрийг завшиж 875.076 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Уийн “...зарим мөнгийг өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй хандсаны улмаас мөнгөө дутуу хийсэн, заримыг нь хийгээгүй байх тохиолдол гарсан байна. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.У-ын “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Хүрмэн ХХК-ны захирлын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 112 тушаалаар Жор баригч албан тушаалтай ажилд авсан. Д.У нь ажилд орсноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын эмийг зарж борлуулахдаа зарим тохиолдолд өөрийн хувийн данс руугаа шилжүүлэн авч, байгууллагын пос машинд зарим мөнгийг уншуулдаггүй байсан юм. Ингээд дутагдал гарахаар нь шалгаад үзтэл нийт 1.341.136 төгрөгийн дутагдал гарч бид тооцоо нийлсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Т-ийн “...Би Хүрмэн эмийн санд 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм. ...тооллого хийж үзэхэд 1 сая гаруй төгрөг дутсан бөгөөд тооцоо нийлэхэд 1.341.136 төгрөг дутсан юм. Тэгээд хяналт тавиад шалгаад үзтэл Д.У нь мөнгө дутаасан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-гийн “...Би “Хүрмэн” эмийн сангийн Гранд салбарын нягтлан бодогч албан тушаалтай ажилладаг. 1.323.325 төгрөг бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооллого хийгээд дутсан барааны мөнгө юм. Тооллого нь Д.У өдөрт хэдэн төгрөг тушаах ёстойгоос хэдийг тушаасан байгааг тооцоолж, бэлэн мөнгө болон бэлэн бус мөнгөний нийлбэрээр тушаасан мөнгийг бүртгээд программаас тушаах ёстой мөнгийг татаж авч, харьцуулан дутсан мөнгөний дүнг гаргадаг...” гэх мэдүүлэг, Хүрмэн ХХК захирлын тушаал, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Депосит дансны дэлгэрэнгүй хуулга, Эд мөрийн баримт флашинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Уийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь Эд зүйл хүлээн авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 50/, хохирогч Э.У-ын “...Д.У нь хохирол нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-н 93/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Уийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ут холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Уийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ