Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 369

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 10 сарын 18                                          Дугаар 369                                        Баруун-Урт

                                                        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
                                                             хүлээн зөвшөөрснийг баталж,
                                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа  би Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт байрлах “Ус-Дулаан” ОНӨҮГ-т холбогдох нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 19835450 /арван есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг Түмэнцогт сумын “Ус-Дулаан” ОНӨҮГ-ын санхүүгийн баримтанд үндэслэн шалгахад 2015 оны жилийн эцсийн авлага, 2016 оны эхний 5 саруудын шимтгэл ногдуулалт хугацаандаа төлөгдөөгүй зөрчил илэрсэн болно. Иймд уг зөрчлөөр илэрсэн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй 15168775 төгрөг,  алданги 4666674 төгрөг, нийт 19835450 /арван есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг  Түмэнцогт сумын төрийн банкин дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 27090002730 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Түмэнцогт сумын “Ус-Дулаан” ОНӨҮГазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Манай байгууллага 2015, 2016 оны 08-р сар хүртлэх нийгмийн даатгалын шимтгэлийг гүйцэд төлөөгүй байгаа нь сумын төсөвт байгууллагууд дулаан, цэвэр, бохир усны төлбөрөө бүрэн гүйцэд хийгээгүйгээс болсон. Иймд 2016-2017 оны борлуулалтын хугацаанд дутуу төлбөр 15168775 төгрөг, алданги 4666674 төгрөг, нийт 19835450 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 27090002730 тоот дансанд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 19835450 /арван есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Түмэнцогт сумын “Ус-Дулаан” ОНӨҮГазар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Ус-Дулаан” ОНӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 128563 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
    
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 19835450 /арван есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Ус-Дулаан” ОНӨҮГазар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч “Ус-Дулаан” ОНӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 128563 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА