Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 853

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн .......... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............... дугаарын регистртэй, А.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.А нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20-р байрны 118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Ж-г зодож баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд шарх гэмтэл үүсэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ:

“...Манай нэг найз Э ирээд нэг шил архи уугаад дараа эхнэр ирээд 2 шил пиво уусан. Би том өрөөнд Эт ор засч өгсөн. Манай эхнэр Эийг ирээд оролдоод байсан. Тэгснээ зассан ор луу манай эхнэр Э 2 ороод бие биенийгээ илж таалаад эхэлсэн. Намайг унтсан л гэж бодсон байх тэгээд бүр болохоо байгаад эхлэхээр нь би уурандаа эхнэрээ цохичихсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Агийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 31-ний орой би Дорноговьт байдаг гэрээсээ Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 20 дугаар байр 2-118 тоотод гэртээ ирсэн. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ амарч байхад багын найз Э нэг шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи бариад ирэхээр нь хуваан уусан. Оройн 20 цаг өнгөрч байхад эхнэр Ж ажлаасаа ирээд хоол цай хийсэн. Энэ үед Э дахин дэлгүүр орж нэг шил 0,5 литрийн архи 2 лааз пиво авсан. Ж гурилтай шөл хийж өгсөн бөгөөд хоол хийж дуусаад бид 2-той сууж 2 лааз пиво архинаас хуваан уусан. Э тухайн үед машин барьж явсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн болохоор манай гэрт хонохоор болсон. Оройн 22-23 цагийн орчимд хүүхдүүд өрөөндөө унтахаар болсон. Би Эт газар ор засаж өгчихөөд өөрөө буйдан дээр хагас суугаа байдалтай хэвтсэн. Миний хажууд Эт ор засаж өгсөн боловч орон дээрээ унтахгүй буйдан дээр надруу хөлөө харуулаад унтчихсан. Тэгтэл манай эхнэр Ж Э бид 2-ын дундуур орж ирэн миний цээж хэсэгт толгойгоо тавин хэвтсэн. Би тухайн үед жаахан унтчихсан байсан чинь гэнэт нэг хүн миний өмд рүү гараа хийхээр нь сэрсэн чинь эхнэр Ж байсан. Би сэргээд нүдээ нээгээд харсан чинь эхнэр Ж миний өмдөнд хийсэн гараа аваад нөгөө гараараа манай найз Эийн бэлэг эрхтнийг нь өмднийх нь гаднаас нь бариад базлаад байсан. Би хараад л суугаад байсан. Харин эхнэр Ж намайг унтаж байна гэж бодсон байх. Ж миний хажуунаас босоод Эт газар зассан ор луу орчихоод Эт хандан хөөш би унтлаа шүү гэж хэлэн шивнэж байсан. Харин Э нь мм гэж дуугараад байсан. Хэсэг хугацааны дараа буюу 5-10 минутын дараа Э буйдан дээрээс босож ирээд намайг хөөе хөөе гэж хэлэн цохиод байсан. Би ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй унтсан дүр үзүүлсэн. Э шууд манай эхнэр Жгийн хажуугаар хэвтэн хөнжил дотор нь ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрсөн. Хөнжил дотроо бие биенийгээ илж таалаад байх шиг байсан. Би ойролцоогоор 5-6 минутын хугацаанд харж байснаа тэсэлгүй босож очин хөнжлийг татсан. Тэгтэл Ж Эийн өмд руу гараа хийгээд бэлэг эрхтнийг нь барьчихсан байсан. Ж намайг хараад шууд гараа татаж авахаар нь би шууд Жгийн нүүрэн тус газар луу нь хэд хэдэн удаа гараараа ичдэггүй заваан хүн бэ гэж хэлэн цохисон. Энэ үед Э босоод ирэхээр нь би цээж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь газар унасан. Тэгтэл Ж босоод ирэхээр нь би заамдаж аван чи ичдэггүй юм уу ямар заваан юм бэ гэж хэлэн түлхсэн чинь арагш ухарсан. Би хажууд байсан ширээн дээр байсан заазуурыг аван гартаа бариад эргэж харан Э рүү ална гэж дайрсан чинь би юу ч мэдэхгүй байна гэж хэлэхээр нь Ж рүү чи муу янхан банзал гэж хэлэн дахин заамдан авсан.

Тухайн үед миний баруун гарт заазуур байсан бөгөөд би заазуураа газар шидсэн. Нэг мэдсэн чинь Ж гүйгээд хүүхдүүдийн унтаж байсан жижиг өрөө рүү орохоор нь араас нь ороход Ж үүд хэсэгт зогсож байсан бөгөөд миний гарыг зүсчихлээ гэж хэлэн хашгираад байхаар нь гарыг нь харсан чинь аль гарыг нь санахгүй байна хурууных нь хумсыг исгэчихсэн байсан. Ж нь аав чинь намайг зодоод байна гэж хашгирахаар нь би хүүхдүүддээ танай ээж чинь эрэгтэй хүний өмд рүү гараа хийсэн гэж хэлсэн. Энэ үед Э гэрээс гараад зугтчихсан байсан. Би хүүхдүүдээсээ санаа зовоод том өрөөндөө ороод суучихсан. Тэгтэл эхнэр Ж намайг хөөсөн бөгөөд цагдаагийн байгууллагад хандана гэхээр нь би ханддаг газраа ханд гэж хэлэн гарсан. Намайг гэрээс гарахад Жгийн нүд нь хөхөрчихсөн, аль гарыг нь санахгүй байна нэг хуруунаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 44-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ж-гийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 02-ны оройн 20 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн чинь нөхөр А найз Эийн хамт архи ууж байсан. Тэр 2 эхний 1 шил 0,75 литрийн Эдэн нэртэй архийг ууж дуусч байсан. Гэрт манай 3-13 насны 3-н хүүхдүүд байсан. Би шууд хоол хийж эхэлсэн. Энэ үед архи дуусаад Нөхөр А, Э нар дахин архи авахаар гараад удалгүй 1 шил 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй архи 0,5 литрийн Сэрүүн нэртэй 2 пивоны хамт авчирсан. Хоол ч болохоор би аягалж өгчихөөд хамт суусан чинь надад 2 пиво өгсөн. Би пивоо ууж дууссаныхаа дараа 50 грамм орчим архи уусан. Агийн найз Э нь тухайн үед машин барьж явсан архи уучихсан байсан болохоор манай гэрт хононо гэж ярьж байсан. Хэн хэн согтоод 3-лаа газар зэрэгцэн хувцастайгаа унтсан. Тухайн үед би аймаар ядарчихсан байсан болохоор нам унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь нөхөр А миний толгой хэсэг рүү өшиглөчихөөд дээшээ буйдан дээр гаран хэвтснээ та 2-ыг би хараад байгаа шүү гэж хэлснээ дахин буйдан дээрээс босож ирэн миний нүүрний баруун хэсэг рүү нүцгэн хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөчихсөн. Та хоёрыг алаад дуусгана гэх мэтээр хашгираад байсан. Тухайн үед Э том өрөөнд байсан бөгөөд А нь Эийг 1-2 удаа цохисон чинь Э гэрээс гараад явчихсан. Биеийнх нь яг хаана цохисон эсэхийг мэдэхгүй байна. Миний толгой руу цохисны дараа ухаан алдсан. Нэг сэрсэн миний баруун гарын дунд хурууны хумс дундуураа тасарчихсан цус нь тогтохгүй байхаар нь би босоод охин Энхжингийн өрөөнд орсон чинь Энхжин ээжээ таны хурууг хутгаар огтолчихсон юм бишүү гэж хэлэхээр нь би 103 дуудсан. Эмч ирээд цагдаагийн байгууллага дуудсан.

Намайг нөхөр А Э гэх найзтайгаа хардсны улмаас зодож гэмтэл учруулсан. Харин ямар зэвсгээр миний хурууг гэмтээсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай охин Энхжин таны хурууг хутгаар зүсчихсэн юм уу гэж хэлэхээр нь би А миний хурууг хутгаар зүссэн байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мэдүүлэгтээ хутгаар миний гарыг гэмтээсэн гэж хэлсэн. Гэхдээ би яг ямар зүйлээр миний хурууны хумсыг гэмтээсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед А Э бид 3 зэрэгцээ би голд нь орон унтаж байсан. Яагаад хардсан эсэхийг мэдэхгүй байна. Харин хэрэг гарсны маргааш А гэртээ эрүүл орж ирээд хүүхдүүдэд надад муу ээж чинь эрэгтэй хүний өмдөнд гараа хийгээд байсан хохь нь за юу шүүх дээр гурвуулаа уулзая гэж хэлсэн.

Би нөхөр Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохирлын ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 51-52/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э-гийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би гэртээ дүү Эмүжин, Ариунгоо нарын хамт унтаж байсан. Харин аав А, ээж Ж, аавын найз гэх ах нар том өрөөнд архи ууж байсан. Цагийг нь мэдэхгүй байна би унтаж байгаад зүүдлээд сэрсэн чинь том өрөөний гэрэл асаалттай байхаар нь би хаалгаа нээгээд харсан чинь аав А хөргөгчний хажууд зогсчихсон харин ээж Ж том өрөөний гэрлийн унтраалганы хажууд баруун гар хэсгээс нь цус гарчихсан гараа барьчихсан зогсож байсан. Харин аавын найз ах том өрөөний хивсэн дээр бохироод суучихсан байсан. Би ээж Жд санаа зовон хажууд талд нь очоод юу болсон талаар асуусан чинь аав А чинь миний гарыг гэмтээчихлээ гэж хэлсэн. Аав А найзыгаа ална шүү гэж хэлэн бөгс хэсэг рүү нь өшиглөн гэрээсээ хөөж гаргасан. Үүний дараа арай жаахан тайвшираад буйдан дээр хэвтэж байснаа гэнэт босоод ээж Жгийн нүүр хэсэг рүү гараараа ална гэж хэлэн цохьчихоод гараад явсан. Ээжийн нүд нүүр хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 10695 тоот: 

  1. Б.Ж-гийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 22/,

 

- Хохирогчийн “...Ад зодуулсан гэсэн хэдий ч хоорондын маргаан гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 63/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.А нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20-р байрны 118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Ж-г зодож баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруунд шарх гэмтэл үүсэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Агийн “...миний баруун гарт заазуур байсан бөгөөд би заазуураа газар шидсэн. Нэг мэдсэн чинь Ж гүйгээд хүүхдүүдийн унтаж байсан жижиг өрөө рүү орохоор нь араас нь ороход Ж үүд хэсэгт зогсож байсан бөгөөд миний гарыг зүсчихлээ гэж хэлэн хашгираад байхаар нь гарыг нь харсан чинь аль гарыг нь санахгүй байна хурууных нь хумсыг исгэчихсэн байсан. ...Намайг гэрээс гарахад Жгийн нүд нь хөхөрчихсөн, аль гарыг нь санахгүй байна нэг хуруунаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ж-гийн “...Нэг сэрсэн чинь нөхөр А миний толгой хэсэг рүү өшиглөчихөөд дээшээ буйдан дээр гаран хэвтснээ та 2-ыг би хараад байгаа шүү гэж хэлснээ дахин буйдан дээрээс босож ирэн миний нүүрний баруун хэсэг рүү нүцгэн хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөчихсөн. ...Миний толгой руу цохисны дараа ухаан алдсан. Нэг сэрсэн миний баруун гарын дунд хурууны хумс дундуураа тасарчихсан цус нь тогтохгүй байхаар нь би босоод охин Энхжингийн өрөөнд орсон чинь Энхжин ээжээ таны хурууг хутгаар огтолчихсон юм бишүү гэж хэлэхээр нь би 103 дуудсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Э-гийн “...аав А хөргөгчний хажууд зогсчихсон харин ээж Ж том өрөөний гэрлийн унтраалганы хажууд баруун гар хэсгээс нь цус гарчихсан гараа барьчихсан зогсож байсан. ...Аав А найзыгаа ална шүү гэж хэлэн бөгс хэсэг рүү нь өшиглөн гэрээсээ хөөж гаргасан. Үүний дараа арай жаахан тайвшираад буйдан дээр хэвтэж байснаа гэнэт босоод ээж Жгийн нүүр хэсэг рүү гараараа ална гэж хэлэн цохьчихоод гараад явсан. Ээжийн нүд нүүр хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 10695 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогчийн “...Ад зодуулсан гэсэн хэдий ч хоорондын маргаан гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 63/ үндэслэн шүүгдэгч А.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос А.Аг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ