| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00331/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 366
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 10 сарын 13 Дугаар 366 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамжны 356 тоотод оршин суух Хошууд овогт Цэвэгмидийн Сосорбарамын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сосорбарам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цэвэгмид овогтой Сосорбарам би 1978 оны 09-р сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Усны Аж ахуйн удирдах газрын гүн өрмийн бригадад ажилчнаар ажилд орж, 1979 оны 09-р сарын 11-ний өдөр цэрэгт татагдаж, 1982 оны 07-р сарын 14-ний өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэрэгт явж ирээд үргэлжүүлэн ажлаа хийж байгаад 1985 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгэж, 1978 оноос ажиллаж байсан байдлаа нөхөн бичүүлсэн. 1993 онд өмч хувьчлал явагдаж Усны аж ахуйн удирдах газар татан буугдсан. Би 1993 оны 04-р сарын 03-ыг хүртэл ажилласан. Энэ бүгд бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч миний овог, нэрийг гүйцэд бичээгүй Цэгмид овогтой Сосор гэж хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаагаас болж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд 1978 оны 09-р сарын 11-ний өдрөөс 1993 оны 04-р сарын 03-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг бичсэн бичилт бүхий Цэгмид овогтой Сосор нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Сосорбарам мөн болохыг тогтоож өгнө үү. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд очих боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1985 оны 12-р сарын 24-ний өдөр нээсэн Цэгмид овогтой Сосор нэртэй 1978 оны 09-р сарын 11-ээс 1993 оныг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Сосорбарам мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Цэвэгмид овогтой Сосорбарам нэртэй иргэний үнэмлэхний хуулбар, гэрч М.Эрдэнэчулууны шүүхэд өгсөн: Сосорын аавыг нь Цэвэгмид, ээжийг нь Цэмбээ гэдэг. Сосорын аав, ээж хоёр нь өндөр настай хүмүүс байдаг. Би 1981 онд Сүхбаатар аймгийн Усны аж ахуйд жолоочоор ажилд орж байсан. Сосор нь 1978 онд Усны аж ахуйн гүн өрмийн бригадад туслах ажилчин, жолоочоор ажиллаж байсан. Би бол Сосор нэрээр нь сайн мэднэ. Ажлын хамт олон ч гэсэн Сосор гэж дууддаг, энэ нэрээр нь сайн мэднэ. Сосорбарам гэж бүтэн нэрээр нь дууддаг байгаагүй. Гэхдээ албан ёсны бичиг баримтных нь нэр Сосорбарам гэдгийг бол мэдэж байна. 1993 онд өмч хувьчлал явагдаж Усны аж ахуй татан буугдсан. Бид 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. Би 1981-1993 он хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Дорждэрэмийн шүүхэд өгсөн: “Ц.Сосорыг Цэвэгмидын Сосорбарам гэдэг. Манайх баазын баруун хойт талд Цэвэгмид гуайнх манай аавынх, Даржаа, Шагдар гуайнх бүгд нэг хашаанд олон жил айл аймаг явсан. Би 1976 оноос 1993 он хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Сосор нь Усны аж ахуйд жолооч, гүн өрмийн бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Гэрийнхэн болон ажлын хамт олон ч гэсэн Сосор гэж дууддаг, энэ нэрээр нь сайн мэднэ. Сосорбарам гэж бүтэн нэрээр нь дууддаг байгаагүй. Гэхдээ албан ёсны бичиг баримт нь Сосорбарам нэрээр явдаг гэдгийг бол мэдэж байна. Сосор бол 1978-1993 он хүртэл Усны аж ахуйд жолооч, гүн өрмийн бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. 1993 онд өмч хувьчлал явагдаж Усны аж ахуй татан буугдсан. Би 1976-1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гүн өрмийн бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Ц.Сосортой хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг ч сайн мэднэ” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд 1985 оны 12-р сарын 24-ний өдөр нээсэн Цэгмид овогтой Сосор нэртэй 1978 оны 09-р сарын 11-ээс 1993 оныг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Сосорбарам мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сосорбарамыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1985 оны 12-р сарын 24-ний өдөр нээсэн Цэгмид овогтой Сосор нэртэй 1978 оны 09-р сарын 11-ээс 1993 оныг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Сосорбарам мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сосорбарамыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА