Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 852

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.От холбогдох эрүүгийн 1905029710940 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, А.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.О нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Love” нэртэй диско бааранд иргэн Б.А-ыг шалтгаангүйгээр биед нь халдан нүүрэн тус газар нь цохиж, түүний биед “дээд үүдэн нэг шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Оын өгсөн:

“...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл таних залуу намайг түлхэхээр нь буцааж түлхээд байхад өөр нэг залуу хажуу талаас орж ирэн намайг татахаар нь нэг удаа цохисон. Энэ асуудалдаа маш их харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, өөрийн үйлдлээ ухамсарлаж байгаа учраас одоо ажил хөдөлмөр эрхлэн хохирогчид учирсан хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ын өгсөн:

“...Би цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл болон мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан болохоор одоо нэг их юм яриад баймааргүй байна. Миний үүдэн дээд нэг шүд унасан. Мөн дээд талын уруул язарсан бөгөөд унасан шүдний доод талын гурван шүд хөдөлгөөн орсон. Миний биед учирсан гэмтлийг Лов бааранд байсан хэсэг залуучуудын гаран дээрээ шивээстэй залуу нэг удаа цохисны улмаас учруулсан. Одоохондоо эм тариа авсан хэдэн төгрөгийн зардал гарсан байгаа бөгөөд миний шүд унасан асуудалд эдгэрэлт явагдсаны дараа шүд хийлгэх зардал гарах байх. Одоогоор хичнээн төгрөгийн зардал гарах талаар мэдэхгүй байна. Миний биед учирсан хохирлыг барагдуулаад өгвөл гомдол санал байхгүй. Надад одоо биед учирсан хохирлын улмаас гарсан зардал болон цаашид гарах зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Г-ийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 17:00 цаг өнгөрч байхад найз Атай Бэлхэд уулзан хот руу орж ирээд зуун айл орчим байдаг Чили нэртэй буудалд орсон. Тэгээд тэр буудалдаа бид хоёр архи ууж байгаад А гэрлүүгээ явсан. Би харин буудалдаа унтаад үлдсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед гэрээсээ миний байсан Чили нэртэй буудалд буцаад ирсэн. Тэгээд бид хоёр тэр буудалд Аыг ирсэн даруй найз Анхбаяр, Ариунаа, Нуураа нарын хамтаар архи ууж байгаад 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 00:00 цаг өнгөрч байхад А бид хоёр хорооллын Парадокс орчим байдаг Лове нэртэй бааранд орсон. Тэгээд тэр бааранд ороод бид хоёр Экс нэртэй 750 граммын архи нэг шилийг ундаа, устай аван ууж байхдаа А бид хоёр баарны тайзан дээр бүжиглээд байж байтал танихгүй 6-7 залуучуудын яг хэд гэдэг нь мэдэхгүй намайг цохисон. Тэр үед манай найз А салгах гээд иртэл манай найзыг намайг цохидог залуучуудын хэн нь мэдэхгүй, манай найз Аын хэлснээр гаран дээрээ шивээстэй нэг залуу цохисон гээд байсан бөгөөд дараа нь би найзыгаа харахад нэг шүд нь уначихсан байсан. Тэгээд тухайн үедээ А бид хоёр баарны гадна гараад цагдаа дуудан хүлээж байгаад цагдаа ирсэн даруй хэлтэс дээр ирсэн боловч согтуу байсан болохоор мэдүүлэг өгөлгүй явсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ц-ийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 16:00 цагийн үед Хайлаастын 17-р буудал орчим байдаг Ю-Би 17 нэртэй зочид буудалд таньдаг дүү зүс таних Хатнаа / бүтэн нэрийг нь мэдэхгүй / гэх залуугаар шивээс хийлгэсэн. Тэгээд орой 22:00 цагийн үед найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Б болон найз охин Үүлэн буюу С, хуурай дүү бүтэн нэрийг нь мэдэхгүй Ж нарын хамтаар гараад хүнсний 4-р дэлгүүр орчим байдаг нэрийг нь санахгүй байна нэг караокед орсон. Тэгээд тэр караокед Б, Үүлэн бид гурав хүний хоёр, хоёр пиво захиалан уусан. Тэгээд бид нарын орсон караокены цаг дуусч байх үед манай найз О буюу О өөрийнхөө 94998866 дугаарын гар утаснаас залгаад гарах уу гэсэн. Тэгээд удаагүй байж байтал О өөр нэг найз О, бүтэн нэрийг нь мэдэхгүй Ганаа гээд залуугийн хамтаар гурвуулаа ирж бид нарыг авсан. Тэгээд би найз Б, найз охин Үүлэн, хуурай дүү Ж болон О, О, Ганаа нарын хамтаар 4-р дэлгүүр орчмоос хорооллын Парадоксын автобусны буудал орчим байдаг Лове гээд бааранд очсон. Тэгээд бид зургаа Лове гээд бааранд орон 14 шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво, нэг ширхэг Кока коло нэртэй ундаатай захиалан нэг ширээнд суусан. Тэгээд бид нар Лове бааранд авсан пиво уун бүжиглээд байж байхад манай найз охины найз нь гээд нэг охин бид нар дээр ирчихсэн бүжиглэж байсан. Тэгээд байж байтал манай найз охин Үүлээ наддээр ирээд “нэг танихгүй залуу миний бөгсөн дээр алгадаад байна” гэхээр нь миний уур хүрээд одоо гомдол гаргаад байгаа хоёр залуугийн нэг болох туранхай биетэй залууг нь нэг удаа цохисон. Тэр үед нөгөө туранхай залуугийн найз нь гээд өөр нэг махлаг биетэй залуу цаанаас ирж байх үед манай найз О буюу О тэр махлаг биетэй залуугийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Б-гийн өгсөн:

“...Би одоо яг цагийг нь санахгүй байна. Би баарны тек орчим хяналт хийж байгаад баарны гадна орчинд юу болж байгаа, ямар нэгэн асуудал болж байгаа үгүйг шалгахаар гарсан. Тэгээд дөнгөж гараад удаагүй байтал манай баарны одоо хэн байсныг нь санахгүй байна эрэгтэй зөөгч гарч ирэн гадна хамгаалагч болон надад баарны бүжгийн талбайд зодоон болоод байгаа тухай хэлсэн. Тэр үед би гадна байсан хамгаалагч Ерөөлтийн хамтаар дотогшоо ороход, баарны бүжгийн талбайд хөгжим зогсоод баарны дотор талд хяналт тавьж байсан хамгаалагч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Отгоо гээд залуу зодоон хийсэн гэх залуучуудыг салгачихсан байсан бөгөөд зодуулсан гэх хоёр залуугийн нэг болох бондгор биетэй залуугийн амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны орой 19:00 цагийн үед найз Цэнд- Аюуш болон түүний найз охин Үүлэн нарын хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг хайлааст орчим байдаг одоо нэрийг нь санахгүй байна нэг зочид буудалд пиво уунгаа шивээс хийлгээд байж байтал шөнө 23:00 цагийн үед Шинэбаяр ирсэн. Тэгээд бид нар зочид буудлаас гараад хүнсний 4-р дэлгүүр орчим байдаг Сонор нэртэй караоке орсон. Тэгээд караокед ороод одоо тодорхой санахгүй байна хэдэн пиво аваад дуулаад суусан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны 00:00 цаг өнгөрөөд караокены цаг дуусч байхад гаднаас О ирсэн. Тэгээд бид нар тавуулаа болоод Сонор караокеноос гарч хорооллын Лов нэртэй бааранд орохоор явсан. Тэгээд одоо цагийг нь санахгүй байна Лов бааранд ороод дан пиво захиалан уунгаа баарны бүжгийн талбай дээр бүжиглээд байж байхад миний харж байснаар О миний баруун гар талд метр гарангийн зайтай зогсоод бүжиглэж байсан бөгөөд миний зүүн гар талд Шинэбаяр, миний урдаас Цэнд- Аюуш харан бүжиглээд байж байхад О нэг залуутай маргах гэж байгаа юм шиг баарны ая тоглуулагчийн тийшээ явсан. Тэр үед би юу болоод байгааг хараад байж байтал Ц нэг залууг цохих шиг болсон бөгөөд миний урдуур баарны бүжгийн талбай дээр байсан хүмүүс болон баарны хамгаалагч ороод ирсэн. Тэр үед О цаашаа харчихсан нэг зүйл цохих шиг болсон чинь баарны хамгаалагч нар Ц болон бид нарыг баарнаас танихгүй хоёр залуугийн хамтаар аваад гарсан. Тэгээд баарны гадаа гараад байтал нэг мэдсэн чинь манай найзууд байхгүй, би Цийн найз охин Үүлэнтэй үлдсэн байхад цагдаа нар ирээд бид хоёрыг саатуулан манай найз нарыг дуудуулаад хэлтэс дээрээ дагуулан ирээд Цийг эрүүлжүүлээд бид нарыг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 77-78/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Шинэбаярын өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны орой 23:00 цагийн үед найз Ц, Батбаатар, Үүлэн нар хайлаастын 17 гэдэг нэртэй зочид буудалд шивээс хийлгэж байгаа гэхээр нь би очсон. Тэгээд бид нар 23:00 цаг өнгөрч байхад 4-р дэлгүүрийн орчим байдаг Сонор гээд караоке орж нэг цаг, хэдэн пивотой авсан. Тэгээд тэр караокед дуулаад байж байтал гаднаас О ирсэн. Бид нар 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 00:00 цаг өнгөрч байхад караокенаас гарч хорооллын Парадокс орчим байдаг Лов нэртэй бааранд орсон бөгөөд орохдоо дан пиво захиалан орсон. Тэгээд одоо цагийг нь санахгүй байна Лов баарны бүжгийн талбай дээр О, Батбаатар, Ц бид нар бүжиглээд байж байтал О ардаа бүжиглэж байсан цайвар өнгийн сорочкон цамцтай залууг мөрлөөд түлхсэн. Тэр үед нөгөө залуу нь баарны ая тоглуулагч залуугийн зүг унах гэж байгаа юм шиг болсон чинь түүний хажуу талаас Ц, Од түлхэгдсэн залууг баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед цохиулдаг залуугийн найз гээд бондгордуу биетэй залуу Оын баруун талаар салгах гээд ирсэн чинь О нөгөө залууг зүүн гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон чинь нөгөө цохиулсан залуу амаа дараад хойшоо болсон. От цохиулсан залуугийн амнаас цус гараад нэг шүд нь унасан гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 8728 тоот: 

  1. Б.А-ын биед дээд үүдэн нэг шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5% алдагдуулна гэх дүгнэлт /хх-н 35/,

 

  - камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 51-53/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.О нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Love” нэртэй диско бааранд иргэн Б.А-ын биед  шалтгаангүйгээр халдаж нүүрэн тус газар нь цохиж, түүний биед “дээд үүдэн нэг шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Оын “...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл таних залуу намайг түлхэхээр нь буцааж түлхээд байхад өөр нэг залуу хажуу талаас орж ирэн намайг татахаар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Б.А-ын “...уруул язарсан бөгөөд унасан шүдний доод талын гурван шүд хөдөлгөөн орсон. Миний биед учирсан гэмтлийг Лов бааранд байсан хэсэг залуучуудын гаран дээрээ шивээстэй залуу нэг удаа цохисны улмаас учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Г-ийн “...А бид хоёр баарны тайзан дээр бүжиглээд байж байтал танихгүй 6-7 залуучуудын яг хэд гэдэг нь мэдэхгүй намайг цохисон. Тэр үед манай найз А салгах гээд иртэл манай найзыг намайг цохидог залуучуудын хэнийг нь мэдэхгүй, манай найз Аын хэлснээр гаран дээрээ шивээстэй нэг залуу цохисон гээд байсан бөгөөд дараа нь би найзыгаа харахад нэг шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Ц-ийн “...манай найз охин Үүлээ над дээр ирээд “нэг танихгүй залуу миний бөгсөн дээр алгадаад байна” гэхээр нь миний уур хүрээд одоо гомдол гаргаад байгаа хоёр залуугийн нэг болох туранхай биетэй залууг нь нэг удаа цохисон. Тэр үед нөгөө туранхай залуугийн найз нь гээд өөр нэг махлаг биетэй залуу цаанаас ирж байх үед манай найз О буюу О тэр махлаг биетэй залуугийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Б-гийн “...би гадна байсан хамгаалагч Ерөөлтийн хамтаар дотогшоо ороход, баарны бүжгийн талбайд хөгжим зогсоод баарны дотор талд хяналт тавьж байсан хамгаалагч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Отгоо гээд залуу зодоон хийсэн гэх залуучуудыг салгачихсан байсан бөгөөд зодуулсан гэх хоёр залуугийн нэг болох бондгор биетэй залуугийн амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...бүжиглээд байж байхад О нэг залуутай маргах гэж байгаа юм шиг баарны ая тоглуулагчийн тийшээ явсан. Тэр үед би юу болоод байгааг хараад байж байтал Ц нэг залууг цохих шиг болсон бөгөөд миний урдуур баарны бүжгийн талбай дээр байсан хүмүүс болон баарны хамгаалагч ороод ирсэн. Тэр үед О цаашаа харчихсан нэг зүйл цохих шиг болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Шинэбаярын “...О ардаа бүжиглэж байсан цайвар өнгийн сорочкон цамцтай залууг мөрлөөд түлхсэн. Тэр үед нөгөө залуу нь баарны ая тоглуулагч залуугийн зүг унах гэж байгаа юм шиг болсон чинь түүний хажуу талаас Ц, Од түлхэгдсэн залууг баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед цохиулдаг залуугийн найз гээд бондгордуу биетэй залуу Оын баруун талаар салгах гээд ирсэн чинь О нөгөө залууг зүүн гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон чинь нөгөө цохиулсан залуу амаа дараад хойшоо болсон. От цохиулсан залуугийн амнаас цус гараад нэг шүд нь унасан гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 8728 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирлын нийт 45.000 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх хохирлыг төлсөн гэх тул шүүгдэгч А.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.А-ыг гэмт хэргийн улмаас бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд услын яллагчаас шүүгдэгч А.От 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, одоогоор эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ