| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00354/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 367
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 10 сарын 14 Дугаар 367 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р баг, “Ар-Хадат” гэх газар нутаглах Боржигон овогт Жигжидийн Оюунцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд миний 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Боржигон овогт Жигжидийн Оюунцэцэг нь 1978 оны 08-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн 171/15 тоот цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалын хуулбар /Барилгачид томилох тухай хавсралтын 1-т: Ж.Оюунцэцэг гэх, 1989 оны 12-р сарын 14-ний өдрийн 70 тоот тушаалын хуулбар /тэтгэмж олгох тухай хавсралтын 8-т Жигжидийн Оюунцэцэг гэх/, барилгын бригадын цалин олгосон хүснэгтийн 2, 6-т Ж.Оюунцэцэг/ гэх, гэрч А.Лхагважавын шүүхэд өгсөн: “Ж.Оюунцэцэг нь 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд янз бүрийн ажил хийж явсан хүн. Ж.Оюунцэцэг нь аав Жигжид, нөхөр Пүрэвжав, дүү Зоригт нарын хамт гэр бүлээрээ нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Ж.Оюунцэцэгийн нөхөр нь сайн мужаан хүн байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор Ж.Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Тус нэгдэлд Оюун нэртэй хүн бол ажиллаж байсан. Харин Жигжидийн Оюунцэцэгээс өөр Оюунцэцэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Би 1962-1990 он хүртэл Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Сандагдоржийн шүүхэд өгсөн: “Ж.Оюунцэцэг нь 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд янз бүрийн ажил хийж явсан хүн. Туслах бригадад ажиллаж байгаа улс бол хонь ноослох, хашаа, саравч барих, худаг ус гаргах, мал төллүүлэх, адуу хөөвөрлөх, барилга барих г.м. Нэгдлээс өгсөн ажил болгоныг хийдэг, нэгдлийн туслах үйлдвэрлэлийн шуурхай албаны улсууд нэртэй ажиллаж байсан. Нэгдлийн туслах бригад гэж 15 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан, хамт ажиллаж байсан болохоор Ж.Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Тус бригадад Оюун нэртэй хүн бол ажиллаж байсан. Харин Жигжидийн Оюунцэцэгээс өөр Оюунцэцэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Би 1983-2000 он хүртэл Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд тракторын жолооч, туслах ажилчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Боржигон овогт Жигжидийн Оюунцэцэгийн 1978 оны 08-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Жигжидийн Оюунцэцэгийн 1978 оны 08-р сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА