Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 876

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П.Лд холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, П.Л.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Алтан цайз” зочид буудалд иргэн Б.Сгийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар данснаас нь 400.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би согтуу байсан. Найзыгаа дагаж яваад л ийм хэрэгт орчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Лгийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз нэртэй буудалд С гэх хүний Хаан банкны картыг хулгайлан авч 400.000 төгрөгийг авсан хэргийг үйлдсэн. Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр хохирогчид хохирлоо өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 70-71/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сгийн өгсөн:

            “...Би 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 18:00 цагийн үед өөрийн найз Ц-тэй 10 дугаар хорооллын Намуун нэртэй пабад уулзсан. Тэндээ бид хоёр хоёр пиво хамт уучихаад хойшоо Баянгол дүүргийн 6 дугаар хорооллын Алтан цайз нэртэй зочид буудлын хоёрдугаар давхарт нэг ортой өрөө авч ороод тэндээ орохдоо 0,75 литрийн Соёрхол  архи, болон хоёр том 2 литрийн пиво авч ороод хамт уугаад байж байтал Ц-ийн хамаатных нь ах гээд Л гэх залуу ирээд хамтдаа ууж суусан юм. Тэгээд Ц- архиндаа согтоод унтаад өгсөн. Харин Л бид хоёр үүр цайтал хоорондоо юм ярьж байгаад сандал, сандал дээрээ нам унтчихсан байсан. Тэгээд өглөө нь Ц- нь ажилтай гээд 08:00 цагийн үед яваад өгөхөөр нь Л бид хоёрын архи гараагүй болохоор нь архиа гаргаж явах гээд өрөөгөө хоногоор би сунгасан. Тэгээд бид хоёр дахин гаднаас 0,75 литрийн Соёрхол архи хувааж ууж байгаад би унтаад өгсөн байсан. 

Тэгээд Л надаас Т гэх нэг найзыгаа дагуулж орж ирж байхыг би мэдсэн. Тэр Т гэх залуу нь гаднаас 0.5 литрийн Хараа байна уу, Ерөөл архи болон нэг том пивотай орж ирээд гурвуулаа хамт ууж сууцгаасан юм. Тэгээд Л гэх залуу архинд согтоод муудаад унтаад өгөхөөр нь Т би ч бас явлаа гээд яваад өгснөөс нэг их удаагүй буцаж Т нэг залуутай орж ирээд мөнгийг нь гаргаад Тэрэлж явъя гээд байсан гэхээр нь би үгүй ээ тийм юм байхгүй гээд Лг сэрээгээд танай хоёр найз чинь ирчихлээ гээд би зөрж унтаад өгсөн юм. Тэгээд би унтаж байгаад сэртэл Лгийн хоёр найз болон өөрөө байхгүй болохоор нь би хаалгаа дотроос нь түгжээд унтахаар хэвтэж байтал хаалга тогшоод Л ганцаараа энгийн жижиг лаазтай пиво барьчихсан орж ирэхээр нь би хаачаад ирсэн юм бэ гээд хэлтэл бааранд нөгөө хоёр найзтайгаа сууж байгаад орж ирлээ гэсэн юм. Тэгээд би Лг мөнгөгүй байсан болохоор нөгөө хоёр найз нь даасан юм байлгүй гэж бодоод нэг их юм бодолгүй унтаад өгчихсөн. Тэгээд би өглөө нь хариад амарсан. Надад хүн 200.000 төгрөгийн өртэй болохоор өрөө авахаар нөгөө хүн рүү гээ залгаад мөнгө өгөөч гэхэд би 200.000 төгрөгийг чинь шилжүүлчихсэн шүү гэхэд би гар утсаа гаргаж ирээд харахад мөнгө орж ирсэн мессеж байхгүй болохоор нь лавлагаа авахаар банк орж хуулга авч шалгахад миний дансанд 200.000 төгрөг орчихсон байсан.

Миний данснаас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 02:20 цаг минутанд 460.000 төгрөгийг данснаас авчихсан байсан. Тэгээд би нөгөө хэдийг сэжиглэж Л рүү залгахад эхлээд аваагүй гэж байгаад сүүлд нь найз Т нь чи өөрөө ав гээ биздээ гээд надад хэлэхээр нь би Лд хэлэхэд за юун сүртэй юм бэ тэрийг чинь сарын дараа өгчихнө гээд байсан. Тэгээд дараа нь виски авсан гээд худлаа яриад байсан. Би ердөөсөө виски аваагүй, дэлгүүрлүү архи пивонд гаргахдаа Лг гаргаад байсан. Тэгээд л миний кодыг мэдээд миний мөнгийг надад хэлэлгүй авчихсан юм. Тэгээд одоо хүртэл надтай холбогдоогүй сураггүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Тгийн өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би гадуур хувийн ажлаа хөөцөлдөөд явж байтал надтай хамт ажиллаж байсан Л гэх залуу надруу 14:00 цагийн залгаад бичил хороололд нэг зочид буудалд хүрээд ирээч гэхээр нь би их завгүй гадуур ажилтай явж байна гээд хэлэхэд намайг хүрээд ирээч л гээд байсан юм. Тэгээд өдөр өглөө нь бас надруу залгаад өдрөөс хойш л надруу залгаад хүрээд ир гэхээр нь оройхон тийшээ 20:00 цагийн үед бичил хорооллын Алтан цайз нэртэй зочид буудлын гурав байна уу хоёрдугаар давхарт манай Л гэх найз нэг хүүхэнтэй нэг ортой өрөө авчихсан буудалд нөгөө хүүхэнтэйгээ юм яриад сууж байсан. Тэгээд би ойр зуур юм ярьж байгаад нөгөө хүүхэн нойлын өрөө орсон хойгуур Л Хаан банкны карт өгөөд нууц дугаарыг хэлж өгөөд найздаа энэ картнаас бэлэн мөнгө аваад ирээч гэхээр нь би тухайн үед буудлаас гараад манай арван жилийн найз Чингүүнээ гэх найзтайгаа машинтай явж байсан болохоор бичил хорооллын Хаан банкны ATM ороод найз Чингүүнээр Лгийн өгсөн Хаан банкны картнаас нь бэлэн 400.000 төгрөг авхуулаад би уг мөнгийг нь аваад буудалд найз Лдаа авчирч өгсөн. Тэгээд намайг шууд дэлгүүр гаръя гээд ойр хавийн дэлгүүр орж уг мөнгөөрөө архи, пиво аваад тэгээд буудлынх нь үүдэнд нь хүргэж өгөөд п би найз Чингүүний хамт салаад явцгаасан. Тэгээд би гэртээ харьж амраад тэрнээс хойш хоёр гурав хоногийн дараа Лтай байсан тэр хүүхэн надруу залгаад та нар миний хаан банкны картнаас мөнгө авсан гэхээр нь би наад асуудлыг чинь мэдэхгүй ээ наад Лтайгаа учраа ол би мөнгө төгрөгийг чинь аваагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

            - Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 3/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 17/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагт Баянгол дүүргийн 12 дугаар ороо, “Алтан цайз” зочид буудалд иргэн Б.Сгийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар данснаас нь 400.000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Лгийн “...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз нэртэй буудалд С гэх хүний Хаан банкны картыг хулгайлан авч 400.000 төгрөгийг авсан хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Сгийн   “...Миний данснаас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 02:20 цаг минутанд 460.000 төгрөгийг данснаас авчихсан байсан. Тэгээд би нөгөө хэдийг сэжиглэж Л рүү залгахад эхлээд аваагүй гэж байгаад сүүлд нь найз Т нь чи өөрөө ав гээ биздээ гээд надад хэлэхээр нь би Лд хэлэхэд за юун сүртэй юм бэ тэрийг чинь сарын дараа өгчихнө гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Тгийн “...Л Хаан банкны карт өгөөд нууц дугаарыг хэлж өгөөд найздаа энэ картнаас бэлэн мөнгө аваад ирээч гэхээр нь би тухайн үед буудлаас гараад манай арван жилийн найз Чингүүнээ гэх найзтайгаа машинтай явж байсан болохоор бичил хорооллын Хаан банкны ATM ороод найз Чингүүнээр Лгийн өгсөн Хаан банкны картнаас нь бэлэн 400.000 төгрөг авхуулаад би уг мөнгийг нь аваад буудалд найз Лдаа авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Лд  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч П.Лг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 63 дугаар талд хохирогч Б.С нь “...хохирлын 400.000 төгрөгийг хүлээн авч миний хохирол барагдсан тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч П.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ