Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 877

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч Г.Ганхөлөг,

  шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн 1805008650816 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Т.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхонд Б.Г-тай маргалдан зодож биед нь тархи доргилт, зүүн дух, хөмсөг, 2 нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ:

“...Өмнө мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Эы өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай найзтай хамт ажилладаг Б.Г-ын төрсөн өдөр нь болоод Ё, Б бид дөрөв Б.Г-ын төрсөн өдрийг нь тэмдэглээд Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн ойролцоо нэг газарт орж 1 шил 0,75 литрийн архи хувааж ууж байгаад тэндээсээ гараад Б, Ё хоёр түрүүлж яваад Б.Г- бид хоёр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхон руу тухайн үед танилцсан байсан У гэх эмэгтэйгийн гэр лүү явсан. Тэгээд Г бид хоёр У-ын гэрт орж хоноод маргааш өглөө нь Г Ёг дуудаад нэг шил архи аваад ир гээд хэлчихлээ гэсэн.

11 цагийн орчим Ё нэг шил 0,75 литрийн архи авчраад Г бид хоёр хувааж ууж байгаад хоорондоо муудалцаад намайг алгадаад байхаар нь би Гантулгыг У-ын гэрээс нь авч гараад Гантулгын нүүр лүү нь нэг удаа цохиод нэг удаа мөргөхөд Г газар уначихсан. Тэгэхээр нь би Гантулгын цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ын өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний төрсөн өдөр болоод би ажлын залуу Ё, түүний найз Э манай найз Б нарын хамт гадуур гарч баяраа тэмдэглэсэн. Ё, Б хоёр нилээн согтсон байсан болохоор нь такси барьж өгөөд гэрлүү нь явуулсан. Би Этай үлдээд Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвөөс такси бариад 10 дугаар хороололд караоке орох санаатай ирсэн боловч бүх газар хаалттай байсан Э У гэдэг найз руугаа яриад автобусны буудалд уулзсан. Тэгээд У-ын гэрт нь орохоор болоод Голден парк хотхоны байр луу орохдоо дэлгүүрээс нэг шил архи аваад орсон юм. Бид гурав архиа баралгүй унтацгаасан. Маргааш өглөө нь сэрээд 11 цагийн орчим үлдсэн архиа хувааж уусан. Тэгсэн Ё ирээд Ёгоор дэлгүүрээс нэг шил архи авчруулж ууцгаасан. Ё удалгүй явсан. Бид гурав нилээн согтож байсан бөгөөд Этай юунаас болж маргалдсанаа санахгүй байна ямар ч байсан миний нүүр лүү Э цохиж байсныг санаж байна би нүүрээ дараад газар унасан толгой дээрээс баахан цохиж нүдэж дэвсэлсэн. Миний ухаан нэг хэсэг балартсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 2302 тоот: 

  1. Г-н биед тархи доргилт, зүүн дух, хөмсөг, 2 нүдний дээд доод зовхи баруун нүдний алимны салстад цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

  4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 15/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхонд Б.Г-тай маргалдан зодож биед нь тархи доргилт, зүүн дух, хөмсөг, 2 нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Эы “...Г бид хоёр хувааж ууж байгаад хоорондоо муудалцаад намайг алгадаад байхаар нь би Гантулгыг У-ын гэрээс нь авч гараад Гантулгын нүүр лүү нь нэг удаа цохиод нэг удаа мөргөхөд Г газар уначихсан. Тэгэхээр нь би Гантулгын цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

хохирогч Б.Г-ын “...Этай юунаас болж маргалдсанаа санахгүй байна ямар ч байсан миний нүүр лүү Э цохиж байсныг санаж байна би нүүрээ дараад газар унасан толгой дээрээс баахан цохиж нүдэж дэвсэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 2302 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...надад гомдол санал үгүй...” гэх мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Отгонбаярын утсаар мэдэгдэв гэсэн тэмдэглэл байх тул шүүгдэгч Т.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Эд 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Эд 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 42 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн хасаж нийт 630 нэгжтэй тэнцэж байх тул түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд 630 /зургаан зуун гучин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч Т.Эы цагдан хоригдсон 42 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн хасаж түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Шүүгдэгч Т.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ