| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00331/И |
| Дугаар | 364 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 364
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 10 сарын 12 Дугаар 364 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р баг, “Боонгийн-Хоолой” гэх газар нутаглах Мөр овогт Лхаасүрэнгийн Зоригтын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Зоригт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Зоригт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1972 оны 03-р сараас 1974 оны 05-р сарын 20-ыг дуустал, 1977 оны 08-р сарын 01-ээс 1982 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын-Зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир дээр дурдсан ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөр овогт Лхаасүрэнгийн Зоригт нь 1972 оны 03-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 20-ыг дуустал, 1977 оны 08-р сарын 01-ээс 1982 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын-Зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2004 оны 05-р сарын 10-ны өдрийн 91/15 тоот, 2011 оны 11-р сарын 02-ны өдрийн 290/15 тоот, 2016 оны 10-р сарын 11-ний өдрийн 235/15 тоот цалингийн лавлагаанууд, гэрч Д.Ган-Очирын шүүхэд өгсөн: “Л.Зоригт бид хоёр нэг ангид сурч байсан. Л.Зоригт нь 1971 онд сургуулиас гарч, 1972 онд эвлэлийн илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аав, ээжийн хамт үхэр, хонь, адуу маллаж байсан. Л.Зоригт нь 1974 онд цэрэгт явж, 1977 онд цэргээс халагдаж ирж байсан. Цэргээс ирэнгүүтээ нэгдэлд үргэлжлүүлэн “Зүүн-Сайн” тасаг дээр үхэр хариулж байсан. 1990 онд нэгдэл тараад хувийн аж ахуйтан болж, өмч хувьчлал явагдах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсныг би сайн мэднэ. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан улс. Би 1974-1984 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар, 1984-1990 он хүртэл зааварлагчаар, 1990-1994 он хүртэл сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Лхамсүрэнгийн шүүхэд өгсөн: “Л.Зоригт нь 1972 оноос хөдөлмөрийн насанд хүрсэн цагаасаа эхлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аав, ээжийн хамт үхэр, хонь маллаж байсан. Уулбаян сумын “Онгоцны бригад”, “Цагаан-Хошуу”-ны бригад болон 3, 4-р бригадад л ажиллаж байсан. Л.Зоригт нь 1974 онд цэрэгт явж, 1977 онд цэргээс халагдаж ирж байсан. Цэргээс ирэнгүүтээ нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж байсан. Нэгдэл тараад өмч хувьчлал явагдах хүртэл 1990 он хүртэл ажиллаж байсныг би сайн мэднэ. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан улс болохоор Л.Зоригтын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1974-1996 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын-Зам” нэгдэлд адуу маллах, агентын худалдагч, бригадын тоо бүртгэгч, бригадын дарга, сүүлдээ багийн даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Мөр овогт Лхаасүрэнгийн Зоригт нь 1972 оны 03-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 20-ыг дуустал, 1977 оны 08-р сарын 01-ээс 1982 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын-Зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Л.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мөр овогт Лхаасүрэнгийн Зоригт нь 1972 оны 03-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 20-ыг дуустал, 1977 оны 08-р сарын 01-ээс 1982 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын-Зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Л.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА