Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 878

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн 1903008400376 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... регистрийн дугаартай, Н.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 22 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэс, Сайн ломбардны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 2.41 хувийн согтолттой үедээ Субару Самбар маркийн 54-40 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин явган зорчигч Б.Лг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой өдөр нь хүнтэй ажил ярьсан байж байгаад уулзсан. Тэгээд ганц хоёр пиво уусны дараа машинтайгаа гараад явчихсан. Орой болсон байсан. Тэгээд явж байтал машины цаанаас Л гарч ирээд мөргүүлсэн. Би тусламж дуудах гээд утсаа хайтал утсаа орхисон байсан тул хүний утас гуйж байгаад түргэн тусламж дуудсан. Би эмчтэй нь уулзсан 7 хоног эмчлүүлсэн. Тэгээд мөрдөн байцаагчид очиж байцаалт өгсөн. Би хувцас хоол авч өгсөн. Тэр хүн орон гэргүй хүн байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Эын өгсөн:

“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээнд ойролцоогоор 300.000 орчим төгрөг зарцуулсан. Би хохирогчийн эмчилгээний бүх төлбөрийг төлж барагдуулсан. Мөн хохирогч орон гэр байхгүй болохоор өнөөдрийг хүртэл манайд хамт амьдарч байгаа. Би согтуугаар автомашин жолоодон явахдаа хүн мөргөсөндөө их гэмшиж байгаа. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 66/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Лгийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө согтуу ганцаараа гэртээ харихаар 22 цаг өнгөрч байхад үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зурагтын хуучин эцсийн замд шил лааз түүгээд явж байснаа санаж байна. Түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байж байгаад эмнэлэг очоод өөрийгөө автомашинд мөргүүлсэн тухай цагдаагаас мэдсэн. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би их согтуу байсан юм. Би ослын улмаас толгой, нүүрэндээ гэмтэл авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл гэр орондоо байлгаж бүх эмчилгээг хийлгэж өгч байгаа жолоочид их баярлаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Х.С-гийн өгсөн:

“...Субару Самбар маркийн 54-40 СЭА улсын дугаартай бага оврын ачааны автомашиныг манай нөхөр Н.Э 2019 оны 7 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байх үед намайг гэрт байхгүй хойгуур хүнтэй ажил ярина гэж хэлээд унаж гарсан байсан. Тэгээд шөнө нөхрийгөө хүн мөргөж осол гаргасан талаар дүүгээсээ мэдэж эмнэлэг дээр хохирогчийн биеийн байдлыг асуухаар очсон. Цаашид гарах эмчилгээний бүх төлбөрийг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8984 тоот:

1. Б.Лгийн биед зүүн талд суурь яс, хоншоор яс хатуу тагнайруу үргэлжилсэн хугарал, хоёр талын нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндий урд, гадна хана, хацар ясны хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 33/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн

1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Харин урд салхины шил баруун гар талдаа цөмөрч хагарсан, баруун гар талын толь хагарсан гэмтэлтэй байна.

 Автотээврийн хэрэгслийг өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд, хөдөлгүүр, жолооч механизм, явах эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна.

2. Урд салхины шил баруун гар талдаа цөмөрч хагарсан, баруун гар талын толь хагарсан гэмтэлтэй байна.

3. Урд салхины шил баруун гар талдаа цөмөрч хагарсан, баруун гар талын толь хагарсан зэрэг гэмтэл нь тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Урд салхины шил баруун гар талдаа цөмөрч хагарсан, баруун гар талын толь хагарсан зэрэг гэмтлүүд нь жолооч замын хөдөлгөөнд оролцож байх үед үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлдөг боловч тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй.

6. Автотээврийн хэрэгслийн урд облон хойд хоёр дугуйн ажлын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй хэвийн ажиллаж байсан. Зогсоолын тоормос зогссон гэх дүгнэлт /хх-н 51-52/,  

 

ТЦА-ны албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 296 тоот:

1. Субару Самбар маркийн бага оврын ачааны 54-40 СЭА улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 3.7-д. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б-ийн Л /50 настай, эрэгтэй/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна: гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн оношилгооны үзлэгийн төвийн №253 дугаартай нэр бүхий шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтээр илэрсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэх магадлагаа /хх-н 57/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/,  

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 35-42/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71/

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 22 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэс, Сайн ломбардны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 2.41 хувийн согтолттой үедээ Субару Самбар маркийн 54-40 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин явган зорчигч Б.Лг мөргөж, биед зүүн талд суурь яс, хоншоор яс хатуу тагнайруу үргэлжилсэн хугарал, хоёр талын нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндий урд, гадна хана, хацар ясны хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Эын “...Би согтуугаар автомашин жолоодон явахдаа хүн мөргөсөндөө их гэмшиж байгаа. Миний буруу...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Лгийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө согтуу ганцаараа гэртээ харихаар 22 цаг өнгөрч байхад үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зурагтын хуучин эцсийн замд шил лааз түүгээд явж байснаа санаж байна. Түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байж байгаад эмнэлэг очоод өөрийгөө автомашинд мөргүүлсэн тухай цагдаагаас мэдсэн...” гэх мэдүүлэг, 

 

иргэний хариуцагч Х.С-гийн “...Субару Самбар маркийн 54-40 СЭА улсын дугаартай бага оврын ачааны автомашиныг манай нөхөр Н.Э 2019 оны 7 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байх үед намайг гэрт байхгүй хойгуур хүнтэй ажил ярина гэж хэлээд унаж гарсан байсан. Тэгээд шөнө нөхрийгөө хүн мөргөж осол гаргасан талаар дүүгээсээ мэдэж эмнэлэг дээр хохирогчийн биеийн байдлыг асуухаар очсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8984 тоот дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт, ТЦА-ны албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 296 тоот магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас Н.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Н.Эыг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.Эын үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол эмчилгээний зардал 6.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил тэнсэн харгалзаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Эт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт хураагдан ирсэн эд хөрөнгө үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ