| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00382/И |
| Дугаар | 382 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 382
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би С.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******эд холбогдох 2.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 03-р сарын 18-наас 2014 оны 05-р сарын 09-ний өдрийн хооронд адуу авч өгөлцөхөөр Завхан аймгийн ******* сумын иргэн Д.*******эд 16.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл 2-3 жил нэхэл дагал болж байж цөөн тооны адуу, бэлэн мөнгө өгөөд одоо болтол үлдэгдэл мөнгө болох 2.300.000 төгрөгийг өгөхгүй байгаа бөгөөд би тэр мөнгийг чинь аваагүй, хүнд авч өгсөн гээд утсаа авахгүй, очихоор зугтаад өдийг хүрч байна. Мөн өөрийн төрсөн дүү болох Д.*******оос уг мөнгөө ав гээд байх юм. Би өөрөө бие муутай, группт байдаг болохоор эм тариа, эмчилгээний зардал хэрэгтэй байна.
Мөн идэр сумруу Д.*******, Д.******* нартай уулзах гэж 3-4 удаа явж 400.000 төгрөгийн зардал гарсан тул Д.*******, Д.******* нараас нийт 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2014 оны хавар ******* сумын иргэн С.*******ээс адуу авахаар 16.0 сая төгрөгийг өөрийн дансаар дамжуулан дүү Д.*******од авч өгсөн нь үнэн. Дүү Д.*******ын ... би таньд асуудал үүсгэхгүй төлчихнө. Та санаа зоволтгүй... гэсэн үгэнд нь итгэн өдийг хүрч бид ийм байдалд орсон. Адууны мөнгөний үлдэгдэл мөнгө болох 2.300.000 төгрөг мөн хохирол барагдуулах 400.000 төгрөгийг бид энэ ондоо /хүмүүс идшээ идэх үеэр адуу, мал зарж/ багтаан төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Д.*******эд холбогдуулж 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.******* уг төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.******* төлнө гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 58150 төгрөгийн 29075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 29075 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 29075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ