Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 879

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дид холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн 48 дугаар байрны орцонд иргэн Т.Эын нүүр лүү гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний салст, баруун нүдний дээд зовхи, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 48-37 тоотод байрлах гэртээ тагтан дээр тамхи татаж байсан чинь Т гэх таньдаг залуу доороос дуудаад гараад ирэч гэхээр нь би гарч очоод уулзаад хамт тамхилж байхад Д ахаа ганц архи хувааж уух уу таниас би асуух зүйл байгаа гэсэн. Тэгээд Ттай хамт манай байрны 1 дүгээр орцонд байрлах Л-гийн гэрт орсон чинь А гэх залуутай хамт байсан. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад би пиво ууя гэсэн чинь А Т хоёр гараад 6 лааз Нийслэл пиво 0,5 литрийн хэмжээтэйг аваад хувааж ууцгаасан. Тэгсэн дахиад юм авахаар болоод Т Атай архинд гарсан. Тэгээд би Л-тай байрны өмнө байрлах сааданд сууж байхад Т, А хоёр 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол архи нэг шилийг авчирсан. Тэгсэн чинь манай найз Д утсаар яриад яваад очъё гэсэн. Тэр үед архи дууссан байсан чинь Т дахиад нэг шил архи авчихъя гэсэн. Тэгээд тэр үед Т надад би хадамдаа хутгалуулсан байж магадгүй юм шиг байна би цагдаад хэлэх үү яах вэ гэж байсан. Тэр үед Т, А хоёр дахиад архинд явсан. Тэр үед манай найз Д хүрээд ирсэн. Тэгээд Л-гийн гэрт орсон. Трэ үед Тгийн дүү нь гээд 12 насны хүүхэд дагуулаад явж байсан. Тэгээд Хараа 0,5 литрийн хэмжээтэйг дөнгөж задлаад байж байхад Т харснаа юун Хараа архи вэ ийм архи ууна гэж юу байдаг юм гэсэн чинь Д би авчирсан чи яасан сүртэй юм гэж байсан. Тэгсэн Т, Д хоёр маргалдах гээд байхаар нь би одоо больцгоо гэсэн чинь би явлаа гэхээр нь би чи ингэж болохгүй гээд байж байсан чинь Т Д руу салаавч гаргаад байснаа Дыг хоёулахнаа гараад уулзъя гээд байхаар нь би боль гэсэн. Тэгсэн Т хоёулаа гараад уулзъя гэхээр нь би орц руу Ттай хамт гарсан чинь өөдөөс та дээр үеийнх шиг бодоод байна уу гээд үгээр өдөөд ганц цохьчих намайг би цохиулж үзмээр байна гээд байсан. Тэгэхээр нь би чамтай ярих юм байхгүй би найзыгаа аваад явлаа чи согтсон байна гэхэд цаанаас хаалгаар хүн гарч ирэх гэсэн чинь Т хаалгаа хаагаад цаанаа байж бай бид хоёр уулзаж байна. Гэснээ намайг бариад авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь заамдаж барьцалдаад авсан чинь намайг нэг удаа мөргөсөн. Тэр үед би нүүр лүү нь мангасдаад түлхсэн чинь намайг давхар хамах гэхээр нь би доош нь гараараа дарсан чинь хөл рүү дайрч байгаад доошоогоо уначихсан. Тэр үед цаанаас А Тгийн дүүтэй хамт гарч ирсэн. Тэр үед Тгийн уруул орчимоос цус гарчихсан байсан ба орилж чарлаад байсан. Тэгээд буцаад орцгоосон чинь Л Д хоёр унтчихсан байсан ба араас Т орж ирээд Атай маргалдаад Аг бас цохиж авч байсан. Тэр үед би гэрлүүгээ орсон.

Т надтай маргалдаж байхаар над руу дайрахаар нь би нүүр лүү нь 2 удаа мангасдсан. Тэр үед намайг барих гээд хөл рүү дайрахаар нь би доош нь дарсан чинь угаалгын машин мөргөөд шалан дээр унасан. Тэр үед Э- нүүрээрээ унасан. Гэхдээ би хохирогч гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 23-24, 49, 72-73/,          

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Эын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө өдөр нь 15 цагийн орчим би найз Л-гийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Хараагүйчүүдийн 48 дугаар байрны урд талын орцны 1 дүгээр давхарт орцоор ороод зүүн урд талын хаалганд байрлах гэрт нь Л- ах, найз А, Д ах нарын хамт пиво 20 орчим, 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол архи 1 шилийг хувааж ууцгаасан. Тэр үед Д ахын найз гэх нэрийг мэдэхгүй нэг ах хүрч ирээд хамт ууж байсан. Тэгсэн чинь нөгөө танихгүй ах нь согтчихоод намайг гэрт хүргэж өг гээд байхаар нь би яагаад хүргэж өгдөг юм гээд тэр асуудлаас болж маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад гэрлүүгээ явах гээд Д ахтай хамт орцонд гараад би харилаа гээд яриад байж байтал Д ах гарч ирээд шууд нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед Д намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна.

Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 69/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.А-гийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 21 цагийн орчим би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48а-н 1 дүгээр орцны 15 тоотод байрлах гэртээ байж байхад манай нагац ах Т.Эа над руу утсаар яриад байрныхаа гадаа гараад ир гэсэн. Тэгэхээр нь би 48 дугаар байрны гадаа очиход Э- ах А, Д, Л- гэх найзуудтайгаа саадан дотор архи уугаад сууцгааж байсан. Тэр үед Д гэх ах нэг найзыгаа дуудаад нөгөө хүн нь ирээд Л- ахын 48 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт байрны ах гэрлүү бөөнөөрөө орцгоосон. Тэгээд Д ахын дуудсан ах нь хэсэг сууж байснаа би гэрлүүгээ харилаа такси дуудаж өг гэснээ Э- ахыг чи надад архи авч өгөөд таксинд суулгаж өг гэсэн чинь ах Т.Эа би сая архи авч өгөө биздээ гэсэн чинь нөгөө хүн нь маргалдаад байсан. Д ах Э- ахыг наашаа хүрээд ирээ гэснээ дагуулаад орцонд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь Д ах чи манай найз руу яагаад томроод байгаа юм чи гэрт нь хүргэж өгөх ёстой гэсэн чинь Э- ах заза уучлаарай гэсэн чинь Д гэх хүн Э- ахыг би хуульч хүн чи намайг аль ч талаараа барахгүй шүү гэснээ Э- ахын нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.А-ийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би гэрлүүгээ явалгүй Л- ахынд Л- ахтай хамт байж байхад орой 17 цагийн орчим манай найз Э- тус байрны ах Ддоржтой хамт орж ирээд бүгдээрээ хүний хоёр хоёр лааз пиво ууцгаасан. Тэр үед Э-ын дүү нь орж ирээд байж байхад бүгдээрээ гадагшаа гарч архи авч уухаар болоод гараад дэлгүүрээс Э- бид хоёр дэлгүүр ороод 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи нэг шилийг аваад буцаж нөгөөдүүл дээрээ очоод байрны гадаа саравчинд сууж байгад нэг нэг хундага ууцгаагаад хэсэг юм ярьж байсан. Ддоржийн найз Д гэх хүн ирээд тэгээд бүгдээрээ буцаад Л-гийн гэрлүү орцгоосон. Тэгээд ороод архи хувааж ууцгааж байсан чинь Э-, Ддорж хоёр босоод үүд рүү хоёулаа гаръя гээд ярилцахад босохоор нь би хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь зүгээр зүгээр гээд орц руу гарсан. Тэгээд удаагүй байж байтал орцонд хүн дуугарах шиг болсон чинь Э-ын дүү нь гарсан дараа нь би араас нь орц руу гарсан чинь Э-ын хамарнаас цус гарчихсан хажууд нь Ддорж зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Ддоржийг та яаж байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс Ддорж өмнө Э- над руу согтуу халамцуу над руу олон юм яриад байсан. Тэгэхээр нь би цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Ды өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 11-ний үдээс хойш 17 цагийн орчим Ддорж руу залгаа дуулзах уу гэсэн чинь тэгье гэхээр нь би замаараа 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи нэг шилийг аваад Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48 дугаар байрны гадаа ирсэн чинь Л- ах Ддорж хоёр хоёулахнаа зогсож байсан. Тэгээд уулзаад Л- ахын гэрт ороод авсан архиа хувааж ууж байсан чинь хоёр залуу нэг жаахан хүүхэд дагуулчихсан 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол архи барьчихсан орж ирсэн. Тэгээд хамт сууцгаагаад юм ярьж байсан чинь халзандуу толгойтой залуу нь би Хараа архи уудаггүй гээд байсан. Тэр үед Ддорж боль наад хүн чинь миний найз гэсэн чинь нөгөө залуу нь намайг хоёулаа гараад уулзаадахъя гэсэн чинь Ддорж иймээ тиймээ юм байхгүй шүү би найзыгаа зүгээр авч гарах ёстой гэсэн чинь нөгөө залуу Д ах хоёулаа гараад уулзаатхъя гэсэн чинь Ддорж за гээд босоод нөгөө залуутай хамт гэрээс орц руу гарсан. Тэр үед би болон нөгөө маргалдсан залуугийн найз болон дүү нь гарах гэсэн чинь нөгөө халзандуу залуу наанаа байж бай би Д ахтай хоёулахнаа уулзмаар байна гээд байсан. Тэгээд би дна рбайж байсан чинь орцонд түжигнэх чимээ гарахаар нь би халзан залуугийн найз болон дүүтэй нь хамт гарсан чинь нөгөө халзан залуугийн хамарнаас цус гарчихсан байсан ба Ддорж хажууд нь зогсчихсон ууж идсэнээ зөв шингээ гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 8552 тоот: 

  1. Т.Эын биед баруун нүдний салст, баруун нүдний дээд зовхи, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохо озүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,

 

- хохирогч Т.Эын “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 84/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн 48 дугаар байрны орцонд иргэн Т.Эын нүүр лүү гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний салст, баруун нүдний дээд зовхи, дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дийн “...Т надтай маргалдаж байхаар над руу дайрахаар нь би нүүр лүү нь 2 удаа мангасдсан. Тэр үед намайг барих гээд хөл рүү дайрахаар нь би доош нь дарсан чинь угаалгын машин мөргөөд шалан дээр унасан. Тэр үед Э- нүүрээрээ унасан. Гэхдээ би хохирогч гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,         

 

хохирогч Т.Эын “...Д ах гарч ирээд шууд нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед Д намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Б.А-гийн “...Д гэх хүн Э- ахыг би хуульч хүн чи намайг аль ч талаараа барахгүй шүү гэснээ Э- ахын нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Э.А-ийн “...орцонд хүн дуугарах шиг болсон чинь Э-ын дүү нь гарсан дараа нь би араас нь орц руу гарсан чинь Э-ын хамарнаас цус гарчихсан хажууд нь Ддорж зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Ддоржийг та яаж байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс Ддорж өмнө Э- над руу согтуу халамцуу над руу олон юм яриад байсан. Тэгэхээр нь би цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг,    

 

гэрч О.Ды “...орцонд түжигнэх чимээ гарахаар нь би халзан залуугийн найз болон дүүтэй нь хамт гарсан чинь нөгөө халзан залуугийн хамарнаас цус гарчихсан байсан ба Ддорж хажууд нь зогсчихсон ууж идсэнээ зөв шингээ гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 8552 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.Эын “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14, 69/, “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 84/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Дид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Дийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ