Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1308

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2016/04079 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох

 

171 076 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                     ХХХХ

                                                                         ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                             ХХХХ

Хариуцагч                                                        ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ , ХХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХын Багануур дүүрэгт барьж буй одоогийн шинэ захын барилгад санхүүжилт хэрэгтэй тул хүүтэй мөнгө зээлүүлээч гэж ХХХХХ хүссэний дагуу сарын 6 хувийн хүүтэй мөнгө арван удаагийн үйлдлээр зээлүүлсэн. Зээлийн хүүг сар бүр төлж байхаар харилцан тохиролцож хариуцагч ХХХХХ, нэхэмжлэгч ХХХХ аас авсан. Уг зээлийг ХХХХХы хүү ХХХХ ээжээрээ дамжуулж, мөн өөрийнхөө Голомт банкны 1701178791 тоот дансаар удаа дараа шилжүүлэн авч барилга барихдаа ашигласан. Зээлийн хүүг утсаар болон уулзахдаа нэхэхэд барилгаа бариад зарсны дараа өгнө, найдвартай хүлээж бай гэж хариу өгдөг байсан. Олон дахин шаардуулсаны эцэст 27 000 000 төгрөгийг 2013 оны 3 сарын 14-ний өдөр миний Голомт банкин дахь 3459323284 тоот данс руу шилжүүлсэн. Эхэндээ барилга зарагдахгүй байна гэж байснаа сүүлдээ өгч чадахгүй явдаг газраар нь яваад олж ав гэх болсон. Барилгаа зарсны дараа үлдэгдэл мөнгөө нэхсэн боловч зээлээ барагдуулахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, ХХХХХд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч ХХХХаас анх сарын хүүг сар бүр өгөхөөр тохирсон байсан боловч өгөөгүй. 2011 оны 10 дугаар сарын 8-ны өдөр     5 430 000 төгрөгийн хүү, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 254 000 төгрөгний хүү өгөөд 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулья гэж өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөхгүй байсаар 27 000 000 төгрөгийг ХХХХ миний Голомт банкны данс руу шилжүүлсэн. Нийтдээ 100 500 000 төгрөг авсанаас үндсэн зээлээс 37 000 000 төгрөгийг барагдуулсан. 2015 оны 10 сар хүртэл буюу нийт 51 сараар зээлийн хүү тооцож, байна. Бичгээр хийсэн хэлцлийн зээлийн хүү 115 260 000 төгрөгнөөс төлсөн 7 684 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 107 576 000 төгрөг, үндсэн зээл 100 500 000 төгрөгөөс төлсөн 37 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 63 500 000 төгрөг нийт 171 076 000 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ нь яг энэ асуудлаар 2014 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба энэхүү хэрэг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд ХХХХ бидний хооронд тохиролцоо, зээлийн харилцаа үүсээгүй болохыг тогтоосон. Энэхүү нэхэмжлэлд дурдаад байгаа зээлийн асуудал бол манай ээж ХХХХХ, ХХХХ ын ээж ХХХХ нарын хооронд үүссэн байдаг ба зээлийн төлбөрийг тухай бүрт нь өгч дуусгавар болгож байсан учраас дараа дараагийн зээл олгогдож ирсэн байдаг. ХХХХ өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2011 оны 4 сараас эхэлж авсан мөнгөө төлөөгүй хэмээн худал тайлбар гарган нэхэмжлэл гаргаж байсан бол энэ удаагийн нэхэмжпэлдээ 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1 500 000 төгрөг, 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 000 000 төгрөгийг өгөөгүй мэтээр мөн л ор үндэслэлгүйгээр гүтгэн нэхэмжлэл гаргасан байна. Манай ээж ХХХХХ авсан мөнгөө тухай бүрт нь өгч, ХХХХ гийн хар дэвтэр дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Өмнөх зээл хаагдсан учир 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дансаар 14 000 000 төгрөг, мөн өдрөө бэлнээр 3 000 000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дансаар 3 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг ХХХХ дахин зээлүүлсэн. Үүнийг манай байрыг худалдаж олсон орлого болох 70 000 000 төгрөгнөөс    20 500 000 төгрөгийг авч, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ХХХХ д өөрт нь бэлнээр хүлээлгэн өгсөн. ХХХХ нь ХХХХХд 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 19 592 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 408 000 төгрөг, 2011 оны 6 сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгөний тооцоог тэд хийж, 2011 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 5 430 000 төгрөг, 2011 оны 11 сарын 28-ны өдөр 12 254 000 төгрөг, нийт 17 684 000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл нь 13 000 000 төгрөгийн тооцоо нийлсэн баримтанд “2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 13 000 000 төгрөгнөөс эхлэв, 12 254 000 төгрөг өглөө” гээд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг төлбөр дээр 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөг нэмж нийт 26 000 000 төгрөгийн төлбөр гүйцэтгэх үүргээ 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 27 000 000 төгрөгийг төлснөөр тэдгээрийн хооронд үүссэн зээл тооцоо бүрэн дуусгавар болсон. ХХХХ өмнө нь яг энэхүү маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үүнийг анхан, давах, хяналтын шатны шүүхээс болон ба хамгийн сүүлд анхан шатны шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1949 тоот захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулаагүй төдийгүй 2011 оны 4 дүгээр сарын 22, 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрүүдийн мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг сүүлд нөхөн үйлдсэн эргэлзээ бүхий баримт болохыг тус тус тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авч, ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ХХХХ , ХХХХ нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 12 456 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ , ХХХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас            158 620 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 197 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас 214 246 төгрөгийг гаргуулж ХХХХ , ХХХХ нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх үндэслэх нь хэсэгтээ “Нэхэмжлэгчээс хариуцагчид, бэлэн өгсөн 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 000 000 төгрөг, 2011 оны 6 дугааар сарын 9-ний өдрийн 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэж, зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэжээ. Шүүх үүнийгээ зөвхөн банкаар шилжүүлсэн 2011 оны 4 дүгээр сарын 22 өдрийн 14 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 19 592 000 төгрөгийг давхар бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, зээлийн гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж, үнийн дүнгийн хувьд таарахгүй боловч, цаг хугацааны хувьд таарч байна гэсэн байдлаар хандаж шийдвэрлэжээ. Зээлдэгч нь бэлнээр мөнгө хүлээж аваагүй мөртлөө бэлэн мөнгө хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурахгүй байсан нь ойлгомжтой юм. Мөн 2011 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч зөвхөн 14 000 000 төгрөг дансаар хүлээж авсан юм бол 17 000 000 төгрөгийг бэлэн хүлээж авсан баримт дээр гарын үсэг зурахгүй байсан гэж үзэж байна. Үнийн дүнгийн зөрүү болох 3 000 000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар баримт байхгүй, нотлож чадахгүй байна. Энэхүү бэлнээр олгосон 2 зээлийн мөнгөн дүн, дансаар шилжүүлсэн зээлийн дүнтэй тохирохгүй байдаг. Зээлдэгч дээрх хоёр мөнгө хүлээн авсан баримт дээр зурсан гарын үсэг нь биш гэж маргаж байсан боловч хариуцагч ХХХХын ээж ХХХХХы гарын үсэг мөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 5146 тоот хариуцагч дээрх 17 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэх боловч татгалзаж буй үндэслэлээ нотлож, ямар нэгэн нотлох баримт гаргаж чадаагүй байдаг. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн "бэлнээр аваагүй" гэх тайлбарыг үндэслээд хэргийг шийдвэрлэж, тухайн 37 000 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэлийг дүнгээс хассан байгаа тул шүүх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 158 620 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн зээлүүдийг 2011 оны 5 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сарын хооронд шилжүүлсэн байдаг бөгөөд зээлдэгчийн зүгээс 2014 оноос иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаа билээ. Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тасалдсан байдлыг анхаарч үзээгүй бөгөөд үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч зээлийн хүүгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцооллыг тодруулах түхай зээлдүүлэгч талаас нийтдээ 11 удаагийн үйлдлээр нийт 100 500 000 төгрөг зээлдүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон. Зээлдэгч буцааж төлөхдөө 3 удаагийн төлөлт буюу 5 430 000 төгрөг (хүүнд), 12 254 000 төгрөг /10.000.000 төгрөгийг зээлд, 2 254 000 төгрөгийг хүүнд/ 27 000 000 төгрөгийн нийт 44 684 000 төгрөгийн төлөлт хийсэн болохыг талууд маргаангүй зөвшөөрсөн Иймд 100 500 000 төгрөг зээлдүүлсэн мөртлөө буцаан төлөлт нь 44 700 000 төгрөг байгаа тул зээлдэгчийн эрх ашиг ийнхүү зөрчигдсөөр байна. Зохигчид нь дээрх 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 000 000, 2011 оны 6 дугаар сарын 9 өдрийн 20 000 000 төгрөгийн хоёр зээл дээр бичгээр хэлцэл байгуулахдаа хүүг сарын 6 хувь байхаар тохиролцсон, зээлдэгч нар нь анх гэрээ байгуулсан өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн хүүг cap бүр тооцон зээлдэгч боломж бололцоогоор төлж байсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Зээлдэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь дараах тооцоололтой байна /Зөвхөн бэлэн олгосон 2 зээлээс хүү тооцож нэхэмжилсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 63.500.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 107 576 000 төгрөг, нийт 171 076 000 тегрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлдэгч тал нэгэнт зээлийн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй байх бөгөөд хүүгийн хэмжээ илт өндөр тооцогдсон гэж үзвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх зээлийн хүүг багасгаж шийдвэрлэх бололцоотой бөгөөд харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр зээлийн хүүг бүгдийг чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04079 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Манай ээж ХХХХХ нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дансаар14 000 000 төгрөг, мөн өдрөө бэлнээр 3 000 000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дансаар 3 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг ХХХХ гаас авсан бөгөөд энэ мөнгийг нь 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдаж олсон орлогоос бэлнээр 20 500 000 төгрөг авч, ХХХХ д өөрт нь хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь хэргийн 24 дэх талд буй ХХХХын Голомт банкны дансны хуулгын 3-34 дүгээрт 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 70 000 000 төгрөгийн орлого орж, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг мөнгөнөөсөө 2 удаа 20 000 000 болон 20 500 000 төгрөг бэлнээр авсан байгаагаас тодорхой харагдаж байгаа бөгөөд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 1949 тоот тэмдэглэлийн 17 хуудаст авагдсан гэрч ХХХХ-ийн "...Тэгээд намайг буцах гэтэл ХХХХХ эгч хүнд мөнгө өгөх ёстой хамт явъя гээд 43 дугаар байранд очиж байсан. Би өрөө нь рүү нь ороогүй ХХХХХ эгч боодолтой мөнгө бариад цаашаа нь орсон..." гэх мэдүүлэгээр давхар нотлогддог.  Зээлийн тооцоо дуусгавар болсон учраас дахин ХХХХ тай тохиролцон мөнгө зээлэхээр болж 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 19 592 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 408 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан юм. Энэ мөнгөний тооцоог ХХХХ бид 2 хоёр хийж, 2011 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 5 430 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 254 000 төгрөг, нийт 17 684 000 төгрөг өгч, үлдэгдэлийг нь 13 000 000 төгрөг болгосон. Энэ нь хавтаст хэргийн 166 хуудаст авагдсан дэвтэр дээрх бичилтээр "12 254 000 төгрөг төлж, 13 000 000 төгрөг үлдэе, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэв" гэсэн баримтанд ХХХХ өөрөө гарын үсэг зурсан, үүнийгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд бидний тооцоо 13 000 000 төгрөг үлдсэн гэсэн мэдүүлэг өгч баталсан атлаа ор үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө давхардуулан нэхэмжилсэн. 13 000 000 төгрөг дээрээ 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 6 000 000 төгрөг нэмж авсан бөгөөд уг төлбөрийн үүргийг 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 27 000 000 төгрөг төлж барагдуулснаар зээл, тооцооны асуудал бүрэн дуусгавар болсон болно Гэтэл зээлийн харилцаанд огт оролцож байгаагүй ХХХХ гийн охин ХХХХ гэгч нь зээл тооцоо дуусгавар болчихсон асуудлаар болон огт аваагүй мөнгийг авсан мэт давхардуулан их хэмжээний мөнгө шунахайн сэдэлтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч ХХХХ нь энэхүү асуудлаар анх 2014 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргаж, анхан, давж заалдах, хяналтын шүүхээр хянагдаж, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1949 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг захирамжид нэхэмжлэгч ХХХХ гомдол гаргаагүй, 1949 тоот захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, захирамжид дурдсан шалтгаан нөхцөл арилгаагүй байхад дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан "Өрийг тодорхой хэсгээр үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн дээрх заалтыг хэрэглэлгүй, төлбөр тооцоог бүрэн төлсөн /2011.11.28-ны өдөр 13 сая төгрөг үлдэж, нэмж 13 сая төгрөг авч, 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 27 сая дансаар шилжүүлж барагдуулсан/ зээлийн үүргийг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдал болон шударга ёсонд нийцэхгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна", 76.4 дэх хэсэгт “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч ХХХХ нь уг зээлийн шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсоны дараа 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4079 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ , ХХХХ нар хариуцагч ХХХХ, ХХХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 63 500 000 төгрөг, зээлийн хүү 107 576 000 төгрөг, нийт 171 076 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ХХХХ зээлийг төлж дуусгавар болгосон гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч ХХХХХд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХ нь хариуцагч ХХХХХтай 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 17 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй, 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 20 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь ХААН банкны төвөөс 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 14 000 000 төгрөгийг, Голомт банкны төвөөс 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 19 592 000 төгрөг, Тэди тооцооны төвөөс 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 408 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлжээ. Мөн бэлнээр 3 000 000 төгрөгийг зээлүүлсэн байна.

                                                          /хэргийн 7, 11, 102-113 дугаар тал/

 

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд нэхэмжлэгч ХХХХ , ХХХХ нар нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу хариуцагчид 100 500 000 зээлүүлсэн гэж тайлбарлаж байгаа дээрх мөнгийг хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу 100 500 000 төгрөгийг зээлүүлсэн гэж үзэх боломжгүй болно.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн хоёр гэрээний дагуу нэхэмжлэгч нар хариуцагчаас 57 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зохигчид хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 27 000 000 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй.

            /хэргийн 12 дугаар тал/

 

Мөн хариуцагч нар 2011 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 5 430 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 19 592 000 төгрөг, нийт 17 761 400 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХ д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Харин 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ХХХХ д 20 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч уг мөнгийг төлсөн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нарын төлсөн 44 764 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 12 456 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч шүүх “Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хүү төлөхийг шаардаагүй, хүү тооцсон зээлийг сунгаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд зохигчид 2011 оны 4 дүгээр сарын 22, 2011 оны 6 дугар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээнд нэг сарын хугацаагаар хүү төлөхөөр тохиролцсон, дахин зээлийн гэрээг бичгээр байгуулж хүүгийн талаар тохиролцоогүй байна. 

 

Нэхэмжлэгч нар хариуцагчаас зээлийн гэрээний хүү гэж нэхэмжилсэн 107 576 000 төгрөгийн шаардлагыг агуулгаар нь авч үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан хохирол нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нар хариуцагч зээл төлөөгүйн улмаас 107 576 000 төгрөгийн хохирол учирсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2016/04079 дүгээр шийдвэрийн

 

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг...” гэсний дараа “...219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг…” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ , хариуцагч ХХХХ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ аас төлсөн 951 050 төгрөг, хариуцагч ХХХХаас төлсөн 214 246 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                          ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО