Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 561

 

     

                                                                    

 

 

 

 

 

 

             А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Дэлгэрмөнх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгал, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы өмгөөлөгч Ж.Батхүү,

Ялтан А.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Гантулга,

Ялтан Б.Бүдхорол, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Мөнхбатын өмгөөлөгч Б.Гантулга, ялтан Б.Бүдхоролын өмгөөлөгч Б.Ганбат, иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы өмгөөлөгч Ж.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох эрүүгийн 201423010066 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Алтангэрэлийн Мөнхбат, 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, Төрийн банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 1 дүгээр багийн 40 дүгээр байрны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: СЩ85032518/,

Боржигон овогт Базаргарьдын Бүдхорол, 1977 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Хэнтий салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар багийн Өндөр дулаан, Дулааны 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: С377042906/,

А.Мөнхбат нь Бор-Өндөр тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан бөгөөд тус тооцооны төвийн захирал Л.Мөнхтунгалагийн ажил үүргийг түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд нь орлон гүйцэтгэж байхдаа Төрийн банкны зузаатгалын мөнгө болон банкны тавилга, эд зүйлсийг З.Бямбасайханы эзэмшлийн 86-08 ХЭА улсын дугаартай “Киа Бонго Пронтиер” загварын ачааны автомашинд тээвэрлэж явсан байна. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталсан “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”-ын 4.5-д заасан “Тусгай ачаа тээвэрлэх бэлтгэл ажлыг Хангамж Аюулгүй байдлын газар, Мөнгөний төв, Орон нутгийн нэгжийн захирал нар хангаж, дараах байдлаар зохион байгуулна”: 4.5.1-д “Тусгай ачаа тээвэрлэх тухай асуудлыг Хангамж Аюулгүй байдлын газрын холбогдох хэлтэст мэдэгдэж, тээвэрлэх үеийн автомашин, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах”, 4.6.1-т “Бэлэн мөнгөний зузаатгалыг орон нутгийн нэгжээс өөрсдийн унаагаар ирж авах буюу салбараас бүсчилсэн байдлаар хамгаалалтын дор нууц байдалд хүргэж өгөх зарчим баримтлах бөгөөд зайлшгүй тохиолдолд “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр дамжуулан хүргүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тусгай ачаа хүргүүлэхэд Тусгай ачаа хүлээлцсэн акт 2 хувь тод гаргацтай бичиж, 1-р хувийг банкинд, 2-р хувийг төлөөлөгчид, төлөөлөгч нэгжид мөнгө хүлээлгэн өгөх үедээ дагалдах баримтын хамт өгч, хүлээлгэн өгсөн тухай гарын үсэг зуруулаад салбарт хүргүүлнэ”, 4.6.4-т “Орон нутгийн нэгжид тусгай ачаа хүргүүлэхдээ Цагдаагийн байгууллагатай урьдчилан тохиролцож ачаа тээвэрлэж байгаа автомашины дугаар, марк, жолоочийн нэр, гарсан өдөр, цагийг Цагдаагийн байгууллагад бүртгүүлж, явцад давхар хяналт тавиулж байна”, 4.11.3-т Тээвэрлэлтийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас замд саатах шаардлага гарвал харьяалах Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хамгаалалт авах ба энэ тухай Хангамж Аюулгүй байдлын газрын удирдах ажилтанд мэдэгдэнэ, 4.11.4-т “Тээвэрлэлтийн явцад хамгаалалтын ажилтан нь тээвэрлэлтийн явц, замд саатсан бол түүний шалтгаан, саатсан нутаг дэвсгэр, хугацаа, саатах хугацаанд тааралдсан сэжиг бүхий этгээд, орчны талаар болон холбоо тогтоосон этгээд, тэдгээрийн албан тушаал, тухайн нөхцөлд гүйцэтгэсэн үүргийг тусган тэмдэглэл хөтөлнө”, 4.16-д “Мөнгөн тэмдэгтийг тээвэрлэхэд дараах зүйлийг хориглоно: 4.16.1-д “Шаардлага хангаагүй цүнхэнд хийх, шаардлага хангаагүй цүнхэнд хийснийг мэдсээр байж ачих, тээвэрлэх, цүнхний амыг битүүмжилж лацдаагүй орхисон, цүнхний хаяг тодорхойгүй”, 4.16,2-т “Тээврийн хэрэгсэлд ил задгай ачих болон гэмтэж болох орчин, өөрт болон бусдын амь бие, эрүүл мэндэд аюултай нөхцөлд ачих, тээвэрлэх”, 4.16.3-т “Зөвшөөрөлгүй этгээдийг тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэх, авч явах, тээвэрлэлтийн ажиллагаанд оролцуулах...”, 4.16.5-д “Мөнгө хүргэгч, мөнгөний хамгаалагч нар хүлээн авагчид мөнгөн тэмдэгтийг зохих ёсоор хүлээлгэн өгөх хүртэл хариуцаж яваа мөнгөн тэмдэгтээ орхиж явах”, 4.16.6-д “Мөнгөн тэмдэгт хүргэхээр яваа ажилтан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хувийн ажлаа хослуулан гүйцэтгэх, шаардлагагүй зогсолт хийх, замд саатсан талаар тухай бүр мэдээлэхгүй байх”, 4.16.7-д “Зөвшөөрөгдснөөс бусад эд зүйл, хэрэгсэл, механик болон электрон төхөөрөмж, шатамхай болон түргэн урвалд орох бодис авч явах” гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/426 тоот тушаалаар батлагдсан “Ёс зүйн дүрэм”-ийн 2.3, 4.1 дэх заалтыг тус тус зөрчин банкны зузаатгалын мөнгө, эд зүйлсийг хариуцан авч явахдаа архидан согтуурч, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сум, 1 дүгээр багийн нутаг “Өндөр довны энгэр” гэх газарт уг автомашин болон тээвэрлэж явсан бэлэн мөнгөнөөс 96.450.000 төгрөг, нийт үнэлгээ нь 7.117.936,20 төгрөгийн үнэ бүхий тавилга, эд зүйлс шатаж, хохирогч З.Бямбасайханд 14.500.000 төгрөгийн, Төрийн банкинд 103.567.936,20 төгрөгийн буюу бусдад нийт 118.067.936,20 төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан,

Б.Бүдхорол нь Төрийн банкны Хэнтий салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд Хэнтий салбарын захирал Г.Сүнжидмаагийн ажил үүргийг ээлжийн амралттай байх хугацаанд нь орлон гүйцэтгэж байхдаа салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтын 2.2.1-д заагдсан “Салбар, харъяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна”, 2.2.25-д “Бэлэн мөнгөний зохистой үлдэгдэл, хүргэлт, татан авалт, түүний аюулгүй байдалд хяналт тавих, зохион байгуулах” гэсэн, мөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталсан “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”-ын 4.6.1-д “Бэлэн мөнгөний зузаатгалыг орон нутгийн нэгжээс өөрсдийн унаагаар ирж авах буюу салбараас бүсчилсэн байдлаар хамгаалалтын дор нууц байдалд хүргэж өгөх зарчим баримтлах бөгөөд зайлшгүй тохиолдолд “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр дамжуулан хүргүүлж болно”, 4.6.4-т “Орон нутгийн нэгжид тусгай ачаа хүргүүлэхдээ Цагдаагийн байгууллагатай урьдчилан тохиролцож ачаа тээвэрлэж байгаа автомашины дугаар, марк, жолоочийн нэр, гарсан өдөр, цагийг Цагдаагийн байгууллагад бүртгүүлж, явцад давхар хяналт тавиулж байна” гэсэн заалтуудыг хангаагүй, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 07 цагийн үед яллагдагч А.Мөнхбат нарын Төрийн банкны Хэнтий салбараас Бор-Өндөр тооцооны төвд мөнгө, тавилга, эд зүслийг тээвэрлэж явсан 86-08 ХЭА улсын дугаартай “Киа Бонго Пронтер” загварын автомашин нь шатаж, хохирогч З.Бямбасайханд 14.500.000 төгрөгийн, Төрийн банкинд 103.567.936,20 төгрөгийн, бусдад нийт 118.067.936,20 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Бэсүд овогт Алтангэрэлийн Мөнхбат, Боржигон овогт Базаргарьдын Бүдхорол нарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбат, Б.Бүдхорол нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн   хорих  ангид, шүүгдэгч Б.Бүдхоролд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт шүүхээр оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатаас нийт 97.354.348.96 төгрөг гаргуулж, үүнээс Төрийн банк /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Багатойруу 7/1, утас-976-11-312107/ -нд 82.854.348.96 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Бямбасайхан /Хэнтий аймаг, Дархан сум 2 дугаар баг “Улаан худаг” гэх газарт оршин суух, утас 98224330, РД-СК-65043017/-Д 14.500.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бүдхоролоос 20.713.587.24 төгрөгийг гаргуулж, Төрийн банк /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, утас-976-11-312107/-нд тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Богд”, “Боргио” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай шатсан мөнгөн тэмдэгт, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, ундааны бөглөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зузаатгалын мөнгөний 1 ширхэг цүнхийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальд буцаан олгож, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, А.Мөнхбатын эзэмшлийн “Панасоник” загварын зурагт, ОХУ-д үйлдвэрлэсэн хөргөгч зэргийг хохиролд тооцуулахаар Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч А.Мөнхбат, Б.Бүдхорол нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Бүдхоролын өмгөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Бүлдхоролыг 90 тоот тушаалаар орлож ажиллаж байсан, Банкны хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн, гэрч Байгал, Нарантуяа, Эрдэнэчимэг, Сүнжидмаа нарын мэдүүлэг, Бүдхоролын гаргасан тушаал, тушаалын хуулбар, зарлагын баримт, мэдэгдэл гэх 4 үндэслэлээр буруутгаж байгаа.

90 тоот тушаал гэж хавтаст хэрэгт 2 тушаал байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд би “энэ хуурамч тушаал байна” гэж жинхэнэ тушаалыг гаргаж өгч байсан. Ингээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шинжээч томилогдож байсан. Салбарын захирал Сүнжидмаа хэрэгт холбогдох үедээ мөрдөн байцаагчид Б.Бүдхоролыг “намайг орлож байсан юм” гэж хуурамч тушаал гаргаж өгсөн. Ингээд албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Жинхэнэ тушаал нь 4 дүгээр хавтасны 159 дүгээр талд авагдсан байгаа. Энэ нь зөвхөн зээлийн хороог даргална гэсэн тушаал байгаа. Гэтэл хуурамч тушаалд Салбарын захирлыг орлон ажиллана гэсэн өгүүлбэр нэмсэн байсан. Салбарын захирлыг Б.Бүдхорол орлож байсан бол тушаал байх ёстой. Тэгж байж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах ёстой. Гэтэл энэ тушаал хуурамч гэдэг нь тогтоогдсон байгаа. Б.Бүдхорол салбарын захирлыг орлож байсан бол салбарын захирлын утас, хангамжийг авах ёстой. Гэтэл ямар ч ийм хангамж авч байгаагүй. Салбарын захирлыг эзгүйд Б.Бүдхорол тушаал гаргасан талаар ярьж байна. Салбарын захирлыг байхгүйд 5 хүн тушаал гаргасан байдаг. Жишээ нь Батчулуун 1 тушаал, 12 албан тоот,  н.Алтан-Өлзий нь 2 албан тоот үйлдэж гарын үсэг зурсан байна. Эдгээр хүмүүсийг тэгвэл орлон ажиллаж байсан гэж үзэх үү. Шүүх Б.Бүдхорол салбарын захирлыг орлож албан тоот гаргасан байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/411 дугаар “Заавар шинэчлэн батлах тухай” /Нууцын заавар/ дагуу 4.18-т “...Ээлжийн амралт, томилолт, чөлөөгөөр явах, эмнэлэгт хэвтэх, өөр ажилд шилжих, ажлаас гарах үед өөрийн ажиллаж байсан бүх нууц бичиг баримт, материал, эд зүйлийг тухайн ажлын байрыг орлон үлдэх ажилтанд актаар хүлээлгэн өгнө” гэсэн заалт байдаг. Б.Бүдхоролын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан А.Мөнхбатын өмгөөлөгч Б.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.Мөнхбатыг Банкны тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, дүрэм журмыг зөрчсөний улмаас Төрийн банкинд хүнд хор уршиг учирсан гэж үзэж албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь А.Мөнхбат Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тооцооны төвийн захирлыг орлож ажиллаж байгаагүй. Хэрэгт авагдсан 95 дугаартай орлон ажиллуулах тухай тушаалыг нотариатаар батлуулаагүй. Зөвхөн Төрийн банк өөрсдөө гаргаж өгсөн. Иймд А.Мөнхбатыг албан тушаалтан гэж үзэхгүй. Ийм байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь буруу байна. А.Мөнхбат нь захирлын хангамж авч байгаагүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан тушаал хэрэгт байхгүй. Төрийн банкны А/26 журамд зааснаар Төрийн банк нь Цагдаагийн байгууллага болон харуул хамгаалалтын байгууллагатай гэрээтэй ажиллах ёстой. Мөн зузаатгалын мөнгийг заавал даатгалд хамруулсан байх, зориулалтын цүнхээр хангах ёстой. Гэтэл өөрсдөө дүрэм, журмаа биелүүлэгүйгээс хохирол учирсан гэж үзэж байна. Иймд А.Мөнхбатын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы өмгөөлөгч Ж.Батхүү давж заалдан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын 5 дугаарт шүүгдэгч А.Мөнхбатаас 14.500.000 төгрөгийг гаргуулж З.Бямбасайханд олгох гэсэн заалтыг өөрчилж Төрийн банкнаас З.Бямбасайханд 14.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан А.Мөнхбат, Б.Бүдхорол нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “Салбарын болон нэгжийн захирлын ажлын албан үүргийг орлон гүйцэтгэж байгаагүй” гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Бүдхорол нь Монгол Банкинд албан бичгийг хүргүүлсэн байдаг. Мөн тухайн зузаатгалын мөнгө болох 100.000.000 төгрөгийг захиалга өгөхдөө гарын үсэг зурсан байдаг. Хэрэв Б.Бүдхорол энэ албан тушаалыг орлоогүй байсан бол түүнд гарын үсэг зурах, ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй бөгөөд энэ үйлдэл хийхээс татгалзах эрхтэй. Иймд Б.Бүдхорол нь орлож байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч Монгол банкинд албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл одоо орлож ажиллаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. 5 ажилтны гаргасан тушаалын тухай ярьж байна. Хэрэв Б.Бүдхорол орлож байгаа бол энэ олон өөрт нь мэдэгдэхгүй гарч буй албан тоот, тушаал зэргийг эмхлэн цэгцэлж, хүчингүй болгох эрх, үүрэгтэй байсан. Үүнийгээ хэрэгжүүлж ажиллаагүй, мэдээгүй. Ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй гэж байна. Банк ажлын байрны тодорхойлолттой танилц гэж тулган шаардах эрх, үүрэггүй. Ажилтан нь өөрөө ямар нэгэн ажлыг орлон гүйцэтгэж байгаа бол тухайн ажлын тодорхойлолттой танилцах эрх, үүрэгтэй. Үүнд банк үүрэг хүлээхгүй. Аюулгүй байдлын газар байсан эсэх асуудал яригддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Аюулгүй байдлын газрын мэргэжилтэн гэж хэд хэдэн хүн мэдүүлэг өгсөн. Тухайн үед зузаатгалын мөнгө тээвэрлэх журам хэрэгжиж байх явцад аюулгүй байдлын газар байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам нь Төрийн банк дотооддоо мөрддөг журам юм. Энэ журмыг хэрэгжүүлж байх явцдаа хэн нэгэн нь ямар нэг үүрэг хариуцлага алдахыг хориглосон байдаг. Гэтэл А.Мөнхбат, Б.Бүдхорол нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс банкинд их хэмжээний хохирол учирсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банкны өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захирлын тушаал нь нотлох баримтын шаардлага хангана. Учир нь үүнийг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй. А.Мөнхбат, Б.Бүдхорол нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна. Цагдаагийн хамгаалалт, зориулалтын цүнх, хэрэглэх ёстой журам зэрэг нь тухайн үед бүгд гарчихсан, дагаж мөрдөж эхэлсэн байсан. Үүнийг салбарын захирал болон түүнийг орлож байгаа хүн буюу Б.Бүдхорол хэрэгжүүлэх ёстой байсан. Харин тухайн үйл ажиллагааг гардан хийж байгаа А.Мөнхбат дагаж мөрдөх ёстой байсан. Эдгээр хүмүүсийн хариуцлагагүй байдлаас ийм байдал бий болсон. Иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы өмгөөлөгч Ж.Батхүү 14.500.000 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулж өгнө үү гэж байна. Үүнийг Төрийн банк гаргах үндэслэлгүй юм. Учир нь Төрийн банкнаас ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлсэн, бүх дүрэм, журмыг гаргасан байсан. Үүнийг дагаж мөрдөх ёстой субъект нь тэр дүрэм журмыг зөрчиж үйлдсэн. Иймд гэм буруу хэнд байна вэ гэдгийг харах ёстой. Цүнхний материалтай холбоотой асуудлыг судалж үзсэн. Монгол банкнаас гарсан загвар, стандарт нь яг ийм байдаг юм байна лээ. Энэ цүнхний материал шатамхай биш ч шатдаггүй биш юм. Харин Монгол банкнаас гаргасан загварт норохгүй, урагдахгүй гэдэг тал дээр нь илүү анхаарсан юм байна лээ” гэв.

Ялтан А.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс надад хохирлын 80 хувийг хариуцуулж байгаад гомдолтой байна. Үүнийг багасгаж өгнө үү. Би архи ууж, тамхи татсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед банкинд 3 машин байсан атлаа биднийг өөрсдөө машинаа олж ир гэсэн. Тухайн үед би ээлжийн амралтаасаа дөнгөж орж ирээд тамга хүлээж авсан байсан” гэв.

Ялтан Б.Бүдхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурамч тушаалаар намайг орлосон гэж үздэг. Тухайн үед “Бор-Өндөр тооцооны төв”-ийн АТМ, касс нь мөнгөгүй болсон тул Төв банкнаас “Бор-Өндөр салбарт хурдан мөнгийг нь олго” гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу би мэдэгдэлд гарын үсэг зурж мөнгийг гаргасан” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан тул нотлох баримтыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй. Шүүх А.Мөнхбат, Б.Бүдхорол хоёрт холбогдох хэргийг зөв шийдвэрлэсэн. Албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэм буруутайд А.Мөнхбат, Б.Бүдхорол нарыг тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар зөвхөн хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:

- 1.2-т зааснаар “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоох, өөрөөр хэлбэл “2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сум, 1 дүгээр багийн нутаг “Өндөр довны энгэр” гэх газарт уг автомашин болон тээвэрлэж явсан бэлэн мөнгөнөөс 96.450.000 төгрөг, нийт үнэлгээ нь 7.117.936,20 төгрөгийн үнэ бүхий тавилга, эд зүйлс шатаж, хохирогч З.Бямбасайханд 14.500.000 төгрөгийн, Төрийн банкинд 103.567.936,20 төгрөгийн буюу бусдад нийт 118.067.936,20 төгрөгийн онц их хэмжээний хохирлыг” хэн, хэний буруутай үйлдлээс шалтгаалсаныг хүн тус бүрээр нарийвчлан шалгах шаардлагатай.   

- 1.3-д зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон 1.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хөдөлбөргүй тогтоох, ингэснээр хохирлыг нөхөн төлүүлэх шалгуур үндэслэлийг зөв тогтоох нь зүйтэй.

- 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг судалж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банк энэ хохирлыг үүсгэхэд буруутай байдал бий эсэх. Өөрөөр хэлбэл, Төрийн банкинд дээрх хохирол учрахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу болохыг нарийвчлан шалгаж, банкны холбогдолтой хууль, дүрэм, журмыг хэн гэгч этгээд, албан тушаалтан хэрэгжүүлэх эрх, үүрэгтэйг, хэн, хэн хэрхэн зөрчсөнийг, банкны удирдлагуудын буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учрахад хэрхэн нөлөөлсөн эсэхийг нарийвчлан судалж, бусдад учирсан хохирлыг хариуцах эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы эзэмшлийн автомашины хохирлыг ямар этгээдээр төлүүлэх эрх зүйн үндэслэлтэй эсэхийг судалж тогтоох, банкнаас гаргасан зарим нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нөхөн үйлдсэн эсэхэд анхаарч, дүгнэлт хийх нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.6 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгаж тогтоохоор дээрх ажиллагаануудыг хийсний эцэст А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ялтан А.Мөнхбатын өмгөөлөгч Б.Гантулга, ялтан Б.Бүдхоролын өмгөөлөгч Б.Ганбат, иргэний нэхэмжлэгч З.Бямбасайханы өмгөөлөгч Ж.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол А.Мөнхбат, Б.Бүдхорол нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

Д.МЯГМАРЖАВ