Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0550

 

Э.Б гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагч Э.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Б гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б холбогдох  захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр:

“... Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.3, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Э.Б-аас, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14553212 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...” шийдвэрлэжээ..

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дурьдалгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Тодруулбал: Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ “...А телевиз” гэх фэйсбүүк хуудсаар “Монголд нэг удаа контентийг нийтэд түгээсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан нотлох үүргээ биелүүлсэн байна...” гэж дүгнэсэн байна. Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан эргэлзээ бүхий олон баримтаас аль баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь эргэлзээтэй байхад нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Э.Б-ийн зүгээс уг контентийг бүрэн эхээр нь тавиагүй талаар удаа дараа мэдүүлж байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримт гэвэл фото зураг байдаг бөгөөд тэрхүү фото зургийг үндэслэж уг контентийг бүрэн эхээр нь байршуулсан байна гэж үзэж буруутгадаг бөгөөд өөр нотлох баримт байхгүй юм. Уг контентийг бүрэн эхээр нь байршуулсан талаар нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Үүнийг тогтоолгохоор цагдаагийн газарт хандсан боловч цагдаагийн газраас боломжгүй гэдэг хариу өгсөн байдаг. Энэхүү фото зургийн тухайд фэйсбүүк хуудаснаас татаж авсан гурван зураг байдаг бөгөөд А телевиз гэх хаягтай доор нь 1. Шинэ оны бэлэг, 2. Монголд нэг удаа, 3. Шинэ жилийн бэлэг гэх гурван өөр нэр хаягтай байх бөгөөд үүний алийг нь шүүх үнэлж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэхүү гурван зураг нь шууд намайг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нотлох баримаар тооцоход ч эргэлзээтэй баримтууд юм.       

Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2020 оны 03 сарын 06 ны өдрийн 1453212 дугаартай шийтгэлийн хуудсаар таван зуун мянган төгрөгөөр торгож, хохирол гэж таван сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирол гэж үзэж буй таван сая төгрөгийг хэрхэн тогтоосон нь эргэлзээтэй байдаг. Тухайн үнийг уран бүтээлийн үнэ гэж нэхэмжилдэг бөгөөд уг контентийг бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчилсэн хэдэн минутын хэмжээгээр буюу алины үнэ болохыг тодорхой заагаагүй эргэлзээтэй байхад шууд буруутгаж нийт контентийн үнэ гэж нэхэмжилж байгаа нь уг шийтгэлийн хуудас өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байгаа юм.

Иймд нэхэмжлэгч Э.Б-н эрхийг ноцтойгоор зөрчсөн, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0447 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Гомдол гаргагч Э.Б-с “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Э.Б-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 5,500,000.00 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүх “...А телевиз гэх фэйсбүүк хуудсаар Монголд нэг удаа контентийг нийтэд түгээсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан нотлох үүргээ биелүүлсэн...” гэж дүгнэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар актыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Учир нь шүүх энэ төрлийн маргаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу гомдол гаргагчийн “...би бүтэн бичлэг тавьсан эсэх нь тогтоогдоогүй, тус уран бүтээл нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэдэг баримт байхгүй ... уран бүтээлийг бүрэн хэмжээгээр нийтэд цацсан эсэх нь тодорхойгүй” гэх тайлбаруудыг бүрэн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.

Э.Б-д холбогдох 2002000042 дугаартай зөрчлийн хэрэгт А телевиз гэх нэртэй фэйсбүүк хуудсаас “Хп” ХХК-ийн зохиогчийн эрхийн 10474 дугаартай “Монголд нэг удаа” контентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад түгээсэн талаарх баримт хангалттай авагдаагүй байх бөгөөд зөвхөн хохирогч “Хп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, гэрч С.С нарын тайлбар, мэдүүлэг болон гэрчийн баталгаажуулсан гэх дэлгэцийн зургаар маргаан бүхий нөхцөл байдлыг тогтоосон нь учир дутагдалтай байна.

Гэтэл анхан шатны шүүх Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч ямар нотлох баримтад үндэслэн иргэн Э.Б-г Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нөхцөл байдлыг сайтар тодруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах баримтуудыг цуглуулалгүйгээр дүгнэлт хийсэн байх тул А телевиз фэйсбүүк хуудсаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ямар бичлэгийг нийтэд түгээсэн талаарх нотлох баримтыг цуглуулж, мөн гуравдагч этгээд “Хп” ХХК-ийн хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай байна.

Дээрхээс гадна Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар уг зөрчилд тус фэйсбүүк хуудсыг хөтлөн ажиллуулдаг гэх иргэн Э.Б эсхүл А телевиз болон тус фэйсбүүк хуудаст бичлэг байршуулах боломжтой бусад этгээд нарын хэнд нь шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулах нь зүйтэй болохыг тодруулан дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ