Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 890

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1905036901070 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Д.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс төвийн Хаан банкны АТМ-д иргэн Х.Мын эзэмшлийн картыг уншуулан авалгүй орхиж үлдээсэн бэлэн 2.290.000 төгрөг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх нь гэдгийг мэдээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Эын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз М гээд найзтайгаа цуг явж байсан. Манай найз гадаа машиндаа хүлээж байсан юм. Тэгэхдээ би мөнгө авахдаа ганцаараа АТМ дотор байсан. Мөнгө олчихоод найздаа хэлэхэд манай найз өмгөөлөгч ах руу яриад мөнгө олсон талаар хэлэхэд нөгөө ах нь наад мөнгөө үрж болохгүй байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд манай найз М 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Судан Улс руу үүрэг гүйцэтгэхээр явахдаа нөгөө миний олсон мөнгийг надаас зээлж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Мын өгсөн:

“...Манай хүү Б овогтой Б нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 17:30 цагийн үед найздаа бензиний мөнгө өгнө гэж 20.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гээд миний Хаан банкны Виза картыг аваад явсан. Тэгээд манай хүү банкин дээр очоод 20.000 төгрөгийг найзынхаа данс руу шилжүүлчихээд дансаа шалгаад Хаан банкны виза картаа буцааж авчихаад явсан. Тэгээд тэр өдрөө орой нь 21:00 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд манай хүү ээж нөгөө таны дансанд байсан бэлэн мөнгө чинь байхгүй болчихсон байна гэхээр нь би чи авчихаагүй бол тэр мөнгө хаачив гэж гээд тоогоогүй юм. Тэгээд би маргааш нь бас тоогоогүй надад банкны хүмүүсээс асуу гэхээр нь ажилдаа яваад өгсөн. Тэгээд дараа нь ээж таны мөнгө үнэхээр байхгүй болчихсон гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад бичил хорооллын Хаан банкны АТМ дээр очоод өөрийнхөө дансыг шалгахад таны 2.290.000 төгрөг гараад явсан байна гэхээр нь би одоо яах вэ гээд асуухад тус Хаан банкны ажилтан надад гомдол мэдээлэл авдаг утасны дугаар өгөөд би уг харилцагчийн зөвлөх гэх нэг ажилтантай утсаар яриад надад удахгүй хариу хэлнэ гэхээр нь би гэртээ хариад байж байтал над руу нэг их удаагүй залгаад таны мөнгийг хажуу талд үйлчлүүлж байсан хүн авсан байна манай банкнаас уг хүн рүү залгасан боловч хариу өгөхгүй байна, та харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж шалгуулсан нь дээр байх гэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Бийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17:30 цагт бичлийн хажууд байрлах АТМ-р ээжийнхээ данснаас Баасансүрэн гэх хүн рүү 20.000 төгрөг шилжүүлээд картаа аваад буцаж хийгээд үлдэгдэл мөнгөө шалгахад 2.290.000 төгрөг дансанд байхаар нь картаа аваад явсан. Тэгээд би 1 цаг орчим гадуур явж байгаад мөнгөний хэрэг гараад мөнгө авах гээд АТМ рүү ороод үлдэгдлээ шалгатал манай ээжийн дансанд 4285 төгрөг үлдсэн байсан. Тэгээд би гэрлүүгээ хариад бүх зүйлийн талаар ээждээ хэлэхэд манай ээж надад итгэхгүй намайг загнаад байсан. Тэгээд би ээжид хэлсээр байгаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 09 цагт Хаан банк дээр очоод үлдэгдлээ шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 19/,  

 

- Мөнгө хүлээж авсан тэмдэглэл /хх-н 43/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс төвийн Хаан банкны АТМ-д иргэн Х.Мын эзэмшлийн картыг уншуулан авалгүй орхиж үлдээсэн бэлэн 2.290.000 төгрөг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх нь гэдгийг мэдээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Эын “...би мөнгө авахдаа ганцаараа АТМ дотор байсан. Мөнгө олчихоод найздаа хэлэхэд манай найз өмгөөлөгч ах руу яриад мөнгө олсон талаар хэлэхэд нөгөөах нь наад мөнгөө үрж болохгүй байлгаж бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Мын “...бичил хорооллын Хаан банкны АТМ дээр очоод өөрийнхөө дансыг шалгахад таны 2.290.000 төгрөг гараад явсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

насанд хүрээгүй гэрч Б.Бийн “...АТМ-р ээжийнхээ данснаас Баасансүрэн гэх хүн рүү 20.000 төгрөг шилжүүлээд картаа аваад буцаж хийгээд үлдэгдэл мөнгөө шалгахад 2.290.000 төгрөг дансанд байхаар нь картаа аваад явсан. Тэгээд би 1 цаг орчим гадуур явж байгаад мөнгөний хэрэг гараад мөнгө авах гээд АТМ рүү ороод үлдэгдлээ шалгатал манай ээжийн дансанд 4285 төгрөг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан мөнгө хүлээн авсан тэмдэглэл, 47 дугаар талд авагдсан “...хохирлын мөнгөө хүлээн авсан, Д.Этай эвлэрсэн...” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Эт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ