Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 895

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

  шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган,

  хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эөд холбогдох эрүүгийн 1906031840919 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Э.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Акума” төвийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр “Д.Бийн биед нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 21-22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ахмадын хорооллын 7 дугаар байрны гадна талын зогсоол дээр иргэн Д.Бийн эзэмшлийн 21-60 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн борооны хаалт, дээвэр хэсгийг гэмтээн, зүүн хойд талын дугуйны хийг гаргах зэргээр хууль бусаар устгаж гэмтээн бусдад 397.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Акума” төв дээр хүүхэдтэйгээ уулзах гэж очсон. Тэнд бага зэрэг маргалдсанаас болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Би энэ хэргээс өмнө хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг байсан. Одоо уулзуулахгүй байгаа шалтгаан, Э хүүхдүүдэд маань миний болон манай гэр бүлийн эсрэг янз бүрийн муу үг зааж өгдөг. Хохирол, төлбөрийг бүрэн төлсөн гэж ойлгож болно...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Эийн өгсөн:

“...Б бид хоёр гэр бүл болоод 2 хүүхэдтэй юм. Гэрлэлтийн баталгаа байгаа. Тухайн үед Би Өмнөговь аймгаас ирээд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Бийн ажил болох Акума төв дээр нь очиж уулзсан. Б хүүхэдтэй уулзуулахгүй болохоор нь очсон юм. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүсээд Б надаас хүүхдийн мөнгө өг, уулзуулахгүй гэхээр нь би нэг удаа түлхсэн юм. Өөр юм болоогүй. Тэгээд ажил тарах үед Б ирээд аваад хоёр хүүхэдтэй уулзаарай гэхээр нь би ажлын цаг дуусахад Бтэй хамт БЗД-ийн 14 хороо ахмадын хорооллын гэрлүү явах замдаа би Өмнөговь аймгаас ирсэн болохоор зочид буудалд хоносон байсан тэр буудлаас хувцсаа авах гээд машинаас буусан. Машиндаа гар утсаа үлдээсэн байсан. Б гар утас аваад явсан байхаар нь би шууд ахмадын хорооллын гэрлүү нь очсон. Б байхгүй байсан. Тэнд хадам ээжтэй уулзаад хэлсэн. Тэгээд хадам ээж Бийг дуудсан. Би хоёр хүүхдээ аваад гэрээс гарахад гадаа Б 21-60 УБУ улсын дугаартай машинтай ирсэн байсан. Би машинруу очоод цагдаа ирээд намайг аваад явсан. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 111-112/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим би ажлынхаа 3 давхарт сургалттай байж байгаад цайны цаг болоод доошоогоо 2 давхар руу буусан чинь одоо тусдаа амьдарч байгаа манай нөхөр болох Э ажил дээр ирчихсэн буйдан дээр сууж байсан. Тэгэхээр нь би очоод юу хийж яваа юм наашаа гараад ир гээд дагуулаад үүд рүү гарсан чинь Э намайг утсаа аваад ир гэсэн би яах гэж байгаа юм өгөхгүй гэсэн чинь Э өг гээд намайг алгадаад миний утсыг булаагаад авчихсан. Тэгээд би уурлаад чи тэнэг юм уу хаашаа юм ажил дээр яаж байгаа юм орой ярилцъя одоо яв гэж хэлсэн чинь Э явахгүй надтай хэрүүл хийгээд чи миний хүүхдүүдтэй яриулахгүй, уулзуулахгүй чи ер нь хэн юм яриулахгүй бол утсаар яадаг юм гээд дахиж алгадчихаад утсыг маань өгөлгүй аваад явчихсан. Тэгээд би өрөөндөө эргэж ороод ажлаа үргэлжлүүлж хийгээд байж байхад 14 цагийн орчим манай ажлын ах болох Шагдаржав гэх хүн орж ирээд чамайг гадаа хүн уулзъя гэж дуудуулж байна гэж хэлэхээр нь би гарсан чинь Э дахиад ирчихсэн байсан. Намайг очиход Э миний утсыг буцааж өгснөө намайг салах өргөдлөө яг одоо өг нотариат оръё би тэрийг аваад шүүхэд аваачаад өгчихнө гээд байхаар нь би хариуд нь юу гэж чамд өгч явуулдаг юм би өөрөө аваачаад шүүхэд өгнө гэсэн чинь Э яг одоо гаръя гээд намайг чирээд гарнаас татаад байсан. Тэгэхээр нь би ажилтай байна орой болъё гээд хэлсэн чинь дахиад намайг алгадаад цээж рүү цохисон. Тэгээд би Эийг дагаж гараад хамт машинд орж сууж хэсэг хэрэлдээд байж байсан чинь дахиад миний нүүр рүү гартаа түлхүүр ч юм уу нэг юм барьж байгаад цохиод дараа нь дахиад нэг удаа алгадсан. Машинд би хэсэг уйлж Этэй маргалдаж байгаад ажил руугаа буцаад орсон. Удаагүй 2 цагийн дараа ажил тарах гэж байхад миний утас руу Э гараад ир ажлын чинь гадаа байна гээд мессеж биччихсэн байсан. Би ажлаас гараад Этэй уулзахад намайг машиндаа суучих гэхээр нь би суугаад явсан. Замдаа Э одоо очоод 2 хүүхдийг минь гаргаад ир би Булган аймаг руу авч явлаа гээд бид хоёр замдаа дахиад л хэрэлдээд явсан. Тэгээд Халдвартын эмнэлгийн хойд талын “Royal” нэртэй буудлын гадаа очоод Э энд байрлачихсан байгаа хувцсаа авна гээд орохоор нь миний утасны цэнэг дууссан байсан болохоор би Эийн утсыг нь авч гараад ээж, дүү рүүгээ залгаад Э очиж хүүхдүүд авна гээд байна битгий хаалгаа тайлаарай гэж хэлсэн. Гэр лүүгээ очих замдаа би дахиад дүү рүүгээ залгаж чи машин аваад намайг ирээд авчих гэж хэлээд манай дүү ирж намайг аваад замдаа явж байхад манай ээж залгаад Э ирээд хаалга нүдээд байсан тэгсэн манай охин Э.Э хаалга тайлж өгөөд Э хүүхдүүдээ аваад гараад явчихлаа гэж надад хэлсэн.

Тэгээд би дүү Бтэй гэр рүүгээ явж байхад манай ээжийн утаснаас Э зогсоо зайгүй залгаад чамайг иртэл чинь би хүлээж байна яг одоо хүрээд ир гээд байсан. Тэгэхээр нь би айгаад очиж байх замдаа цагдаад дуудлага өгөөд гэрийнхээ гадаа очсон чинь Э гарч ирэхтэй таарахаар нь машинаасаа буухгүй хаалгаа түгжчихсэн. Тэгсэн Э машины гаднаас хаалгаа нээ ална, тална, янханууд, гичийнүүд минь гэж байснаа газраас чулуу аваад миний сууж байсан талын шилийг цохиж хагалах гэж байгаад шилний дээд хэсгийн борооны хаалтыг хагалчихсан. Тэгснээ машины урд хойгуур тойроод гараад ир цагдаагаа дуудаач гээд байж байхад цагдаа нар ирсэн.

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э ажил дээр ирээд надтай хэрэлдээд салах өргөдлөө яг одоо өг гээд миний гар утсыг авах гээд тэр үедээ миний нүүр толгой руу 2 удаа, цээж рүү 2 удаа цохисон. Шатан дээр намайг зогсож байхад нүүр рүү 2 удаа алгадаад авсан. Э намайг машин дотроо алгадаж авахдаа түлхүүртэй гараар цохисон учраас баруун чихний дэлбээний арын хэсэг урагдаж цус гарсан. Тэр өдөр намайг хэд хэдэн удаа цохисон учир миний тархи доргисон юм. Энэ гэмтлийг Э тухайн өдөр учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад 18 цаг өнгөрч байхад манай охин Д.Бийн салсан нөхөр нь Э Э.Эгийн 89654898 дугаарын утас руу залгаад ярьсан бөгөөд Э.Э хэлэхдээ аав хөдөөнөөс ирсэн байна, ирж авна гэж байна гэж хэлээд Э.Э, Т хоёр хувцсаа өмсөөд байж байсан. Тэгсэн хаалга нүдээд байхаар нь би нээж өгөөгүй бөгөөд хэсэг хугацааны дараа дахиад нүдээд байсан. Би тэгэхээр нь бас л хаалгаа тайлаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад буюу 3 дахь удаагаа ирээд хаалга бүр аймар чанга нүдээд байхаар нь би айгаад хаалгаа онгойлгоход Д.Бийн салсан нөхөр Э гэрт шууд дайрч орж ирээд бүх өрөөнүүд рүү орж хараад тэгээд дахиад болкон руу гараад Д.Бийг хайгаад байсан. Тэгээд хоёр хүүхэд нь ээж ирээгүй гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд байсан. Тэгээд 2 хүүхдээ авч гараад явсан бөгөөд хэсэг хугацааны дараа дахиад 2 хүүхэд дагуулж орж ирээд намайг утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг аваад хажууд зогсож байгаад Бтэй ярьсан. Тэгээд утсаар ярьж дууссаных нь дараа би утсаа авах гэсэн чинь Б миний утсыг авсан тэрийг өгөхгүй бол өөрийн чинь утсыг өгөхгүй гээд байсан ба гараад явсан. Би Эийн араас нь гараад харсан чинь 2 хүүхэдтэйгээ гадаа зогсож байсан ба Эөөс утсаа аваад гэртээ орсон чинь араас дагаж орж ирчихээд 2 хүүхэддээ альбом аваад ир гэж хэлсэн чинь зургийн альбом авч өгсөн бөгөөд Э өөрийн гарсан гэр бүлийн бүх зурагнуудаа аваад шатаана гээд байсан. Альбомноос зурагнуудаа авсан бөгөөд энд байж байхаар гадаа гараад хүлээгээд байж байя гэж хэлээд гарсан. Гараад явсных нь дараа би Б, Б хоёрлуу залгасан чинь цагдаа дуудчихсан байгаа одоо очиж байна гэж хэлсэн. Тэгээд гарсан чинь цагдаа ирчихсэн байсан бөгөөд намайг гарсан чинь цагдаа нар ирчихсэн манай 2 охин болох Б, Б нар машин дотроо суучихсан Э 2 охины машины хажууд зогсчихсон дугуйных нь хийг гаргачихсан, жолоочийн эсрэг талын борооны хаалтыг нь цохиод хагалчихсан, дээд хэсэгт нь чулуугаар цохиод хонхойлгочихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ий өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад манай дүү Э.Эгийн утас руу залгаад очиж байна гэхээр нь би хоёр хүүхдийг нь хувцаслачихаад байж байсан. Тэгээд Эийн утсаар дуудлага ирэхээр нь би ярьсан чинь эгч Б залгасан байсан. Э ажил дээр ирээд хүлээж байгаад сая намайг ажлаас аваад явсан. Өчигдөр Өмнөговиос ирээд буудалд хоносон байна. Тэгээд бид хоёр буудал дээр нь ирээд Э хувцсаа авах гэж байх хооронд нь би утсыг нь аваад зугатаагаад гараад ирчихсэн. Халдвартын эмнэлэг дотор орчихсон нуугдаад зогсож байна. Одоо Э очих байх битгий хаалгаа онгойлгож хүүхдүүд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь дахиад Батцэцэг эгч залгаад чи намайг ирээд авчихсан нь дээр юм байна би гадаа даараад байна гэж хэлэхээр нь гадаа байсан эгчийн 21-60 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэлийг унаад Нарантуул ОУХТ-ийн урд талаас эгчийг аваад явж байхад ээжийн утаснаас дуудлага ирэхээр нь авсан чинь Э утсаа авъя хурдан ир, ирэхгүй бол маргааш ажил дээр чинь очиж авах юм уу гээд эгчид хэлээд байсан. Тэгээд бид хоёр гэрлүү эргээд явж байгаад эгчээс яах талаар асуусан чинь эгч айгаад байна гэхээр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байрныхаа гадна очсон чинь Э 2 хүүхдээ дагуулаад орцноос гараад ирсэн. Тэгэхэд бид хоёр нуугдчихсан байсан чинь бид хоёрыг олж хараад машин дээр ирэхэд нь хаалгаа түгжчихсэн байсан. Тэгсэн чинь Э машины цонхруу гараараа 2 удаа цохисон бөгөөд хамт явж байсан 2 хүүхэд нь айгаад ааваа болиочээ гээд байсан. Мөн газраас тоосго аваад жолоочийн эсрэг талын Б эгчийн сууж байсан цонхны дээд талын борооны хаалтыг нь цохиод хагалсан бөгөөд дээвэр лүү нь бас чулуугаар цохиж хонхойлгосон. Тэгээд машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуйны хийг нь гаргачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Тгийн өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад аав Э залгаад дүүтэй яриад хотод ирсэн байна гэж хэлж байсан. Орой ирээд хаалга чанга чанга нүдээд байхаар нь дүү уйлаад хаалганы дэргэд очсон. Тэгэхэд аав гэрт орж ирээд хувцаслачих гээд гараад явсан. Ээжийг ирж магадгүй гээд отоод зогсоодхоё гэж хэлээд гарсан. Бид хоёрыг дагуулж гараад дэлгүүр ороод буцаад гэрлүү орсон. Оронгуут аав манай дүүд зурагнуудаа аваад иp гэж хэлээд дүү зургийн альбом өгсөн чинь өөрөө орсон бүх зурагнуудыг аваад шатаанаа гээд орилоод байсан бөгөөд зарим зурагнуудыг нь ураад байсан. Тэгэнгүүтээ хувцсаа авна гээд балкон руу гараад заза байхгүй юм байна гээд бид хоёрыг аваад гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд эмээгийн утсыг аваад миний утсыг өгөхөөс нааш таны утсыг өгөхгүй гээд эмээгийн утсыг аваад гарсан. Тэгээд дүү бид хоёрыг аваад гарсан бөгөөд ээжийн машин дээр очсон чинь ээж, ээжийн дүү нар сууж байсан. Тэгсэн чинь аав шилийг нь нүдэж байсан чинь шилний дээд талд нь байсан юмыг хагалсан, Тэгээд хаалгаа онгойлгохгүй байхаар нь мод барьж аваад дугуйг нь цоолсон. Тэгээд бид хоёрыг машиндаа суулгасан ба манай дүү аавруу гарсан бөгөөд цагдаа нар ирээд бид нарыг суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-гийн өгсөн:

“...Б нь манай эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 20-нд ирж үзүүлсэн. Нөхсөн чихний хэнгэрэг хальс нь цоорсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 65-66/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 6199 тоот: 

1. Д.Бийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээний ар хэсгийн зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх тархи доргилт, баруун чихний дэлбээний ар хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-н 71/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 22-25/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 39-41/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 86-87/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 96/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 101/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Акума” төвийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр “Д.Бийн биед нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 21-22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ахмадын хорооллын 7 дугаар байрны гадна талын зогсоол дээр иргэн Д.Бийн эзэмшлийн 21-60 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн борооны хаалт, дээвэр хэсгийг гэмтээн, зүүн хойд талын дугуйны хийг гаргах зэргээр хууль бусаар устгаж гэмтээн бусдад 397.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бийн “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ... Э намайг утсаа аваад ир гэсэн би яах гэж байгаа юм өгөхгүй гэсэн чинь Э өг гээд намайг алгадаад миний утсыг булаагаад авчихсан. ...14 цагийн орчим ... Э миний утсыг буцааж өгснөө намайг салах өргөдлөө яг одоо өг нотариат оръё би тэрийг аваад шүүхэд аваачаад өгчихнө гээд байхаар нь би хариуд нь юу гэж чамд өгч явуулдаг юм би өөрөө аваачаад шүүхэд өгнө гэсэн чинь Э яг одоо гаръя гээд намайг чирээд гарнаас татаад байсан. Тэгэхээр нь би ажилтай байна орой болъё гээд хэлсэн чинь дахиад намайг алгадаад цээж рүү цохисон.

Тэгээд би Эийг дагаж гараад хамт машинд орж сууж хэсэг хэрэлдээд байж байсан чинь дахиад миний нүүр лүү гартаа түлхүүр ч юм уу нэг юм барьж байгаад цохиод дараа нь дахиад нэг удаа алгадсан.

...гэрийнхээ гадаа очсон чинь Э гарч ирэхтэй таарахаар нь машинаасаа буухгүй хаалгаа түгжчихсэн. Тэгсэн Э машины гаднаас хаалгаа нээ ална, тална, янханууд, гичийнүүд минь гэж байснаа газраас чулуу аваад миний сууж байсан талын шилийг цохиж хагалах гэж байгаад шилний дээд хэсгийн борооны хаалтыг хагалчихсан.

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э ажил дээр ирээд надтай хэрэлдээд салах өргөдлөө яг одоо өг гээд миний гар утсыг авах гээд тэр үедээ миний нүүр толгой руу 2 удаа, цээж рүү 2 удаа цохисон. Шатан дээр намайг зогсож байхад нүүр лүү 2 удаа алгадаад авсан. Э намайг машин дотроо алгадаж авахдаа түлхүүртэй гараар цохисон учраас баруун чихний дэлбээний арын хэсэг урагдаж цус гарсан. Тэр өдөр намайг хэд хэд цохисон учир миний тархи доргисон юм. Энэ гэмтлийг Э тухайн өдөр учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Цын “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ... Э өөрийн гарсан гэр бүлийн бүх зурагнуудаа аваад шатаана гээд байсан. Альбомноос зурагнуудаа авсан бөгөөд энд байж байхаар гадаа гараад хүлээгээд байж байя гэж хэлээд гарсан. Гараад явсных нь дараа би Б, Б хоёрлуу залгасан чинь цагдаа дуудчихсан байгаа одоо очиж байна гэж хэлсэн. Тэгээд гарсан чинь цагдаа ирчихсэн байсан бөгөөд намайг гарсан чинь цагдаа нар ирчихсэн манай 2 охин болох Б, Б нар машин дотроо суучихсан Э 2 охины машины хажууд зогсчихсон дугуйных нь хийг гаргачихсан, жолоочийн эсрэг талын борооны хаалтыг нь цохиод хагалчихсан, дээд хэсэгт нь чулуугаар цохиод хонхойлгочихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ий “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ... байрныхаа гадна очсон чинь Э 2 хүүхдээ дагуулаад орцноос гараад ирсэн. Тэгэхэд бид хоёр нуугдчихсан байсан чинь бид хоёрыг олж хараад машин дээр ирэхэд нь хаалгаа түгжчихсэн байсан. Тэгсэн чинь Э машины цонхруу гараараа 2 удаа цохисон бөгөөд хамт явж байсан 2 хүүхэд нь айгаад ааваа болиочээ гээд байсан. Мөн газраас тоосго аваад жолоочийн эсрэг талын Б эгчийн сууж байсан цонхны дээд талын борооны хаалтыг нь цохиод хагалсан бөгөөд дээвэр рүү нь бас чулуугаар цохиж хонхойлгосон. Тэгээд машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуйны хийг нь гаргачихсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Э.Тгийн “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ... гэртээ байхад аав Э ... дүү бид хоёрыг аваад гарсан бөгөөд ээжийн машин дээр очсон чинь ээж, ээжийн дүү нар сууж байсан. Тэгсэн чинь аав шилийг нь нүдэж байсан чинь шилний дээд талд нь байсан юмыг хагалсан, Тэгээд хаалгаа онгойлгохгүй байхаар нь мод барьж аваад дугуйг нь цоолсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-гийн “...Б нь манай эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 20-нд ирж үзүүлсэн. Нөхсөн чихний хэнгэрэг хальс нь цоорсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 6199 тоот дүгнэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

                               

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгөд учирсан гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх, эвдэрсэн эд зүйлсийг солих, засах зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирол 940.000 төгрөгийг төлсөн гэх 1 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирлыг төлсөн гэж үзэж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэг төрлийн ялыг нэмж нэгтгэн нийт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг  1.200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн флаш диск 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг  1.200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн флаш диск 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ