| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00344/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 359
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 10 сарын 06 Дугаар 359 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р баг, Хавцал гэх газар нутаглах Зараа овогт Загдын Оюунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч З.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1981 онд 8-р анги төгсөөд 16 наснаасаа эхлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд илгээлтээр гарч ажилласан. Би 1981-1995 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд ногоочин, малчнаар ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, ажилд орсон тушаалууд байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд 1981-1995 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд ногоочин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зараа овогт Загдын Оюунчимэг нь 1980 оны 06-р сарын 14-өөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1986 оны 01-р сарын 1-ээс 1991 оны 09-р сарын 07-ыг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дунд-Булаг-ын услалтын системд ногоочноор, 1991 оны 09-р сарын 07-оос 1995 оныг дуустал Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад түрээсийн малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, З.Оюунчимэгийн нэгдлийн гишүүнээр элсэж байсан 0688 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 198/0 оны 06-р сарын 14-ний өдрийн 24 тоот тушаалын хуулбар /илгээлтээр мал аж ахуй дээр гарч байгаа охид, хөвгүүдийг болон зарим хүнийг ажилд томилох тухай/, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10-р сарын 26-ны өдрийн 55 тоот тушаалын хуулбар /дунд бүлгийн услалтын систед нэр бүхий хүмүүсийг ногоочноор томилох тухай хавсралтын 11-т Загдын Оюунчимэг 04-р сарын 11-ний өдөр ажилд орсон гэх/, 1981-1995 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 09-р сарын 23-ны өдрийн 228/15 тоот цалингийн лавлагаа, гэрч Х.Түвшинжаргалын шүүхэд өгсөн: З.Оюунчимэг 1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарч 1981-1995 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад аав, ээжийнхээ хамт хонин суурь маллаж байсан. Тухайн үед нэгдлийн ногоо бригад нэртэй том бригад байсан. Энэ бригад бол сумын төвийн айл өрхийг хүнсний ногоогоор хангаж ажилладаг том бригад байсан. З.Оюунчимэг бид хоёр нэгдэлд малчнаар болон ногоо бригадад ногоочноор олон жил хамт ажиллаж байлаа. Оюунчимэгийн нөхрийг нь Аваадорж гэдэг. Аваадорж нь ногоо бригадын агро техникчээр олон жил ажилласан хүн. Оюунчимэг бол нэгдэл тараад өмч хувьчлал явагдаж, компани байгуулагдахад ч ажиллаж байсан. Би тухайн он жилүүдэд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед нэгдэл бол 8-р анги төгссөн хүүхдүүдийг нэгдсэн журмаар хөдөө аж ахуйн туслах үйлдвэрлэлд хуваарилж, илгээлтээр гаргаж, нэгдлийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөд шууд нэгдлийн туслах үйлдвэрлэл дээр ажиллуулдаг байсан. З.Оюунчимэгтэй хамт ажиллаж байсан, нэг дорын, нэг нутаг усанд олон жил айл аймаг явсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ гэх мэдүүлэг, гэрч Ц.Одсүрэнгийн шүүхэд өгсөн: З.Оюунчимэг нь 1981 онд илгээлтээр гарч 1981-1986 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад аав, ээжийнхээ хамт эм хонь маллаж байсан. 1986-1988 онуудад Хонгор бригадын ногооны бригадад ногоочноор, 1988-1995 онуудад Дэлгэр бригадад эм хонин суурьтай байсан. З.Оюунчимэг нь аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад, 1988 онд Аваадоржтой гэр бүл болж, нөхрийн хамт бие даан мал маллаж байсан. Би тухайн он жилүүдэд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Янз бүрийн ажил хийдэг байлаа. Хадлан тэжээлээ бэлтгээд сууриудаар өвс, тэжээлээ тараагаад явдаг байлаа. Ногоо бригадад ногоо тарьж, сумын хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байлаа. З.Оюунчимэгтэй хамт ажиллаж байсан, нэг дорын, нэг нутаг усанд олон жил айл аймаг явсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул З.Оюунчимэгийн 1980 оны 06-р сарын 14-өөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1986 оны 01-р сарын 1-ээс 1991 оны 09-р сарын 07-ыг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дунд-Булаг-ын услалтын системд ногоочноор, 1991 оны 09-р сарын 07-оос 1995 оныг дуустал Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад түрээсийн малчнаар тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч З.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн. Орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зараа овогт Загдын Оюунчимэг нь 1980 оны 06-р сарын 14-өөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1986 оны 01-р сарын 1-ээс 1991 оны 09-р сарын 07-ыг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дунд-Булаг-ын услалтын системд ногоочноор, 1991 оны 09-р сарын 07-оос 1995 оныг дуустал Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад түрээсийн малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар хүсэлт гаргагч З.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА