| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0054/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/293 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/293
2019 10 15 2019/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Очирданзан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э.Ө-д холбогдох эрүүгийн 1834006960451 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутагт оршин суух албан ёсны хаягтай боловч, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 04 дүгээр хороо, 017-201 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ... дугаарын регистртэй, Б овгийн Э.Ө
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Ө нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хустайн байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газарт 38-77 УНК улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, Тоз-8 маркийн буу ашиглаж, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 3 эр, 1 эм тарвага агнаж амьтны аймагт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө:
“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...”
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Очирданзан:
...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа хийгээд явж байтал, бууны дуу гарсан тэгээд би очтол нэг айлын гадаа тарвага агнасан байсан. Би нэгжлэг хийж зураг авч баримтжуулж авсан... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1834006960451 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хх-ийн 37-38 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнэ /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Наранцацрал /хх-ийн 199 дүгээр хуудас/, гэрч А.Учрахбаяр /хх-ийн 43-44 дгүээр хуудас/, гэрч Д.Баярбат /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч А.Даваасүрэн /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Ц.Адъяабаяр /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч О.Тогос /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Ш.Тогтохсүрэн /хх-ийн 51 дүгээр хуудас/, яллагдагч Э.Ө /хх-ийн 80-81, 194-195 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09/50 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-68 дугаар хуудас/ болон гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 7 дугаар хуудас/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, Э.Өын ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн эрхийн үнэмлэхийн хуулбар, Хустайн байгалын цогцолборт газрын орчны бүсийн сумдын план зураг, 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тоз-8 маркийн буу, 1 ширхэг сум, дөрвөн тарваганы гэрэл зураг, шинжилгээний дүнгийн хуудас /хх-ийн 13-22 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Улсын тусгай хамгаалалттай Хустайн цогцолборт газарт хамаарч байгаа талаарх албан тоот, солбицлын зураг /хх-ийн 52-58 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний хийх гэрээ /хх-ийн 69-72 дугаар хуудас/, эрүүл мэндийн яам зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албан тоот /хх-ийн 191-193 дугаар хуудас/, “Алтан-эг ББСБ” ХХК-ийн албан тоот /хх-ийн 197 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 209-210 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Өын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 82, 86-91 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Э.Ө нь зөвшөөрөлгүйгээр, “Toyota Prius-20” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, болон “Тоз-8” маркийн дурантай буу ашиглаж,2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хустайн байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 3 эр, 1 эм тарвага агнаж амьтны аймагт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эргүүл шалгалт хийгээд явж байтал Усны ам гэх газар саарал өнгийн 38-77 УНК улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс машин дотроосоо нэг нь буудаад нэг хүн нь машинаасаа гүйж гараад буудсан тарвагаа аваад машиндаа ачаад байсан. Би холоос дурандаж харсан. Тэгээд би шууд нөгөө машин дээр явж очиход 38-77 УНК улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 хүн явж байсан. 3 эрэгтэй 2 эмэгтэй хүн байсан. Тэгээд үзлэг шалгалт хийхэд 4 тооны тарвага агнасан байсан. 1 эм тарвага, 3 эр тарвага байсан. 1 ширхэг ТОЗ-8 маркийн буу байсныг хураан авсан. Тэгээд хэн буудсан гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд 4 тооны тарвага болон ТОЗ-8 маркийн бууг нь хураан авсан Өлзийсаруул гэх залуу тарвага буудсан гэж байсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнэ ...Э.Ө эх хүн манай хуурай ах учраас миний машиныг заримдаа унаж ажил төрлөө амжуулдаг юм. Тэгээд л миний машиныг унаад явсан. Алтанбулаг явсан гэдгийг нь би мэдэхгүй, байнга л миний машиныг унаж явдаг болохоор яг хэзээд нь Алтанбулаг сум руу явсныг би мэдэхгүй байна... /хх-ийн 42 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Н.Наранцацрал ...манай нөхөр Э.Ө тухайн тээврийн хэрэгслийг Ч.Гал-Эрдэнэ гэх хүнээс гуйж аваад Алтанбулаг суманд тарвага агнаж хэрэгт холбогдсон юм... ...тухайн машиныг нөхөр Өлзийсаруул бид хоёр Ч.Гал-Эрдэнээс худалдаад авчихсан юм... /хх-ийн 199 дүгээр хуудас/,
гэрч А.Учрахбаяр ...ТОЗ-8 маркийн буу бол галт зэвсэг мөн ОХУ-д үйлдвэрлэдэг ангийн зориулалттай буу юм. Байлдааны болон хууль сахиулах зориулалттай галт зэвсэг биш юм. Яагаад гэвэл үйлдвэрлэгч улсаас галт зэвсгийг ямар зориулалт болон калибрын хэмжээ зэргээс хамааруулан ангийн болон байлдааны гэсэн зориулалтаар үйлдвэрлэдэг болно... /хх-ийн 43-44 дгүээр хуудас/,
гэрч Д.Баярбат ...Э.Ө өөрийнхөө ТОЗ-8 маркийн буугаар 4 тооны тарвага буудан агнасан. 1 тарвага голын урд талаас нөгөө 3 тарвагыг нь голын хойд талаас буудсан... /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэрч А.Даваасүрэн ...Э.Ө буугаад аваад ганцаараа голын хойд талын эрэг болон урд эргээр тарвага агнаад би 3 тооны тарвага буудсан. Голын цаад талаас 1 тооны тарвага буудаж агнасан. Нийтдээ 4 тарвага агнасан байсан... /хх-ийн 47 дугаар хуудас/,
гэрч Ц.Адъяабаяр ...Э.Ө голын цаад талаас 1 тооны тарвага, голын наад талаас 3 тооны тарвага нийтдээ 4 тарвага буудсан. Гол дээр тарвага боож идэх зорилготой байсан. Мөн Э.Ө агнасан тарвагаа хот руу авч явж эхнэрийнхээ эмчид өгнө гэж байсан... /хх-ийн 48 дугаар хуудас/,
гэрч О.Тогос ...Э.Ө буугаа аваад голын эргээр тарвага агнахаар явсан. Тэгээд голын ходй эргээд буюу голын хойд талаар л тарвага агнан гээд явсан бид нар машин дотроо 2-3 том пиво уусан. Ойролцоогоор 1-2 цагийн дараа Өлзийсаруул 4 тооны тарвага агнаад ирсэн... /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
гэрч Ш.Тогтохсүрэн ...Хишигдорж гэх айлын гэрийнх нь гадаа саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Хажууд нь 4 тооны тарвага машинаас гаргаж тавьсан байдалтай байсан... /хх-ийн 51 дүгээр хуудас/,
яллагдагч Э.Ө ...Туул гол дээр очоод голын наад талаас би 3 тооны тарвага буудсан. Голын цаад талаас 1 тооны тарвага буудаж агнасан. Нийтдээ 4 тооны тарвага буудсан. Нийт 4 тооны тарвага буудаж агнаад буцаад Доржоо гэх айлын гэрийнх нь гадаа ирээд байж байтал байгаль хамгаалагч ирээд агнасан 4 тооны тарвагыг бууны хамт хураан аваад гэрэл зураг аваад байсан... /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
...38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийн эхнэр Наранцацралын эзэмшилд шилжүүлэн Алтан-Эг ББСБ-д 3.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөөр нь Ч.Гал-Эрдэнийг хохиролгүй болгосон.../хх-ийн 194-195 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09/50 дугаартай ...“Шинэ Каннам” ХХК-ийн өмчлөлийн “Toyota prius-20” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.611.083 /долоон зуун жаран нэгэн мянга наян гурав/ төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-68 дугаар хуудас/ болон гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 7 дугаар хуудас/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, Э.Өын ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн эрхийн үнэмлэхийн хуулбар, Хустайн байгалын цогцолборт газрын орчны бүсийн сумдын план зураг, 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тоз-8 маркийн буу, 1 ширхэг сум, дөрвөн тарваганы гэрэл зураг, шинжилгээний дүнгийн хуудас /хх-ийн 13-22 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Улсын тусгай хамгаалалттай Хустайн цогцолборт газарт хамаарч байгаа талаарх албан тоот, солбицлын зураг /хх-ийн 52-58 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний хийх гэрээ /хх-ийн 69-72 дугаар хуудас/, эрүүл мэндийн яам зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албан тоот /хх-ийн 191-193 дугаар хуудас/, “Алтан-эг ББСБ” ХХК-ийн албан тоот /хх-ийн 197 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 209-210 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Өын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 82, 86-91 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Ө-ын “Хустайн байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газар” “Toyota Prius” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн “Тоз-8” маркийн буу ашиглаж, зөвшөөрөлгүйгээр, 3 эр, 1 эм тарвага агнаж амьтны аймагт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Хустайн” байгалийн цогцолборт газар, зөвшөөрөлгүйгээр амьтан болох тарвагыг агнах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Э.Ө болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Ө-ыг галт зэвсэг болон тээврийн хэрэгсэл ашиглан, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт 1.420.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Ө нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нөхөн төлбөрийн үнэ 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Капитрон банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Ө-ыг гэм буруутайд тооцож, 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлын талаарх шүүх хуралдааныг үргэлжлүүлэх гэтэл хуульд заасан эрхийнхээ дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь хохирол, хор уршгийг нөхөн шаардлагатай тул ажлын 5 /тав/ хүртэлх хоногийг завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ө-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх буюу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж тус тус үзлээ.
Мөн шүүгдэгч Э.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius-20” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний гэр бүлийн хүний эзэмшилд байдаг бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЧЖ77121161 дугаарын регистртэй, Түмэн овгийн Намнангийн Наранцацралд олгож, шүүгдэгч Э.Өаас тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.611.083 /долоон сая зургаан зуун арван нэгэн мянга наян гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б овгийн Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ТОЗ-8 маркийн буу, дурангийн хамт, 1 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөн 000263 дугаартай ангийн буу эзэмших эрхийн бичгийг зохих байгууллагад шилжүүлэхийг,
“Toyota prius-20” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЧЖ77121161 дугаарын регистртэй, Түмэн овгийн Намнангийн Наранцацралд олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.Ө-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ө-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг хэрэглэх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ө-д тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ТОЗ-8 маркийн буу, дурангийн хамт, 1 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу,
мөн 000263 дугаартай ангийн буу эзэмших эрхийн бичгийг тус тус зохих байгууллагад шилжүүлэхийг,
“Toyota prius-20” маркийн 38-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЧЖ77121161 дугаарын регистртэй, Түмэн овгийн Намнангийн Наранцацралд олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Ө-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.611.083 /долоон сая зургаан зуун арван нэгэн мянга наян гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН