Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 342

 


    СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 09 сарын 23                                        Дугаар 342                                        Баруун-Урт

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р баг, “Сайн-Салаа” гэх газар нутаглах Ямаат овогт Гончигжавын Сүхбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Сүхбаатар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 1973 онд 8-р анги төгсөөд 16 наснаасаа эхлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд илгээлтээр малчин болж, 1975 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1978 оны 06-р сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн малаа маллаж 1990 оныг дуустал ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд миний 1973 оны 06 дугаар сарын 15-аас 1975 оны 05 дугаар сарын 15-ыг дуустал, 1978 оны намраас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ямаат овогт Гончигжавын Сүхбаатар нь 1974 оны 01-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 15-ыг хүртэл, 1979 оны 01-р сарын 01-ээс 1988 оны 05-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 04-р сарын 12-ны өдрийн 85/15 тоот цалингийн лавлагаа, гэрч Ж.Лхамсүрэнгийн шүүхэд өгсөн: “Г.Сүхбаатар нь илгээлтээр гарч аав ээжийнхээ хамт Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд хонин суурьтай байсан. Бид багаасаа нэг гол усанд тоглож өссөн. Сүхбаатарын аав нь Гончигжав, ээж нь Нансалмаа гэдэг. Сүхбаатар бид хоёр их найзууд. Би Гончигжав гуайнд байнга очдог, тэднийхээр орж гардаг байсан. Бид нэг нутаг усанд олон жил мал маллаж, айл аймаг явсан, нэг дорын улс” гэх мэдүүлэг, гэрч Ё.Хадбаатарын шүүхэд өгсөн: “Г.Сүхбаатар нь 1973 онд илгээлтээр гараад аав, ээжийнхээ хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Хонгор” бригадад хонин суурьтай байсан. Бид нэг нутаг усанд олон жил мал маллаж айл аймаг явсан, нэг дорын улс юм. Манайхан “Дундбулаг”, “Сайн-Салаа”, “Таванбулаг” гэх газруудаар нутаглаж явсан. Одоо ч энэ газартаа хувийн хэдэн малтайгаа байдаг юм. Тухайн бригадад Гончигжавын Сүхбаатараас өөр Сүхбаатар нэртэй хүн ажиллаж байгаагүй. Би Г.Сүхбаатартай 1973-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд нэг баг, бригадад малчнаар хамт ажиллаж байсан болохоор Г.Сүхбаатарын ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Г.Сүхбаатар нь 1974 оны 01-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 15-ыг хүртэл, 1979 оны 01-р сарын 01-ээс 1988 оны 05-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын 1973 оны 06-р сарын 15-аас 1973 оныг дуустал, 1988 оны 06-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх хугацаанд ажилласан гэх  нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дан ганц гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь 1973 оны 06-р сарын 15-аас 1973 оныг дуустал, 1988 оны 06-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх хугацаанд ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа цуглуулж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
    Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ямаат овогт Гончигжавын Сүхбаатарын 1974 оны 01-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 15-ыг хүртэл, 1979 оны 01-р сарын 01-ээс 1988 оны 05-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь 1973 оны 06-р сарын 15-аас 1973 оныг дуустал, 1988 оны 06-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх хугацаанд ажилласан талаарх нотлох баримтаа цуглуулж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА