Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 387

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн Ниймийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 29844.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсгүүдийг зөрчиж ******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 19896.1 мянган төгрөг, түүнд ногдох алданги 9948.0 мянган төгрөг, нийт 29844.1 мянган төгрөгийн өртэй байна. Уг төлбөрийг барагдуулах талаар манай байгууллага болон хариуцсан байцаагч шаардан гэрээ хэлцэл хийж, албан мэдэгдэл өгч байсан боловч тухайн компани нь уг мөнгийг төлөхгүй ихээхэн хэмжээний өр үүсгэж даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохыг саатуулж даатгалын байгууллагын жигд үйл ажиллагааг алдагдуулж байна.

Иймд ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 29844.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ны захирал Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2012 оноос барилгын бетон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал үүссэнтэй холбоотой үйлдвэрлэлийн ажил зогсонги байдалд орсон тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байгаа талаар, мөн санхүүжилт орж ирсэн нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаарх тайлбарыг НДХ-т удаа дараа мэдэгдэж байхад шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани эдийн засгийн хямралтай үед ажилчдынхаа ажлын байрыг хадгалахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр тооцож сар бүрийн тогтоосон хугацаанд үнэн зөв тайлагнаж ирсэн билээ. Өөр бусад компаниудаас авах авлага 2 хүртэл жилээр хүлээгдэж байгаагаас санхүүгийн хүнд байдалд орсон. Тэдгээр компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг Сангийн яамнаас өнөөг хүртэл авч чадахгүй байгаагаас хүндрэл учирч байгаа юм. НДХ нь шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй ба НДТХ-ийн 19-р зүйлд заасан ажил олгогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Манай компани нь НДТХ-д заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ санаатайгаар биелүүлээгүй, шитмгэлийн орлогыг нуун дарагдуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргаагүй ба санхүүжилт зогссон, ажил үүрэг гүйцэтгээгүй байгаа талаарх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаануудыг НДХ-т удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд шимтгэлийн алдангид тооцсон гэх 9948.0 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлд хавсаргагдсан манай компанийн төлөгдөөгүй шимтгэлийн үлдэгдэл 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн байдлаар 19896.1 мянган төгрөг гэж бичжээ. Энэ нь манай компаниас НД-ын шимтгэлд тооцсон гэх 9948.0 мянган төгрөгийг төлөх эрх зүйн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн нийгмийн даатгалын шитмтгэлийн өрөөс 10700.0 мянган төгрөгийн өрийг барагдууллаа. Одоо нэхэмжилсэн өрөөс 9196.1 мянган төгрөг ба алданги 2948.0 мянган төгрөг үлдсэн ба үүнийг 2016 оны 10-р сард 3300.0 мянган төгрөг, 11-р сард 3000.0 төгрөг, 12-р сард 2896.1 мянган төгрөг, алданги 2948.0 мянган төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* нь ******* ХХК-д холбогдуулж 29844.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 12144.0 мянган төгрөгийг өгч авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Завхан аймгийн *******, хариуцагч ******* ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож хариуцагч байгууллага болох ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12144.0 мянган төгрөг төлөхөөс 2016 оны 10-р сард 3300.0 мянган төгрөг, 11-р сард 3000.0 төгрөг, 12-р сард 2896.1 мянга, алдангийн 2948,0 мянган төгрөгийн хамт төлөхөөр талууд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 4450 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ