Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ХШТ/108

 

Н.Д, “М” ХХК-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар магадлалтай, Н.Д, “М” ХХК-д холбогдох 2031003280101 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, эмэгтэй, “М” ХХК-ийн захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Д,

2.урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “М” ХХК,

“М” ХХК, гүйцэтгэх захирал Н.Д нар нь тус компанийн нэрийн өмнөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг, “.....” гэх газар “Р” ХХК-ийн ..... тоот тусгай зөвшөөрлийн талбайн гадна ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Д-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “М” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан L-300 загварын .... улсын дугаартай экскаваторын үнэ 160,000,000 төгрөг, .... загварын экскаваторын үнэ 175,000,000 төгрөг, “М” ХХК-ийн эзэмшлийн 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн .... улсын дугаартай HG-951 загварын ковш, 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж, 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн цахилгаан үүсгэвэр болон гэмт хэрэг үйлдэж олсон 86 хувийн агууламжтай, 20 кратын 30,25 грамм жинтэй, 5,182,914 төгрөгийн үнэлгээ бүхий алт зэргийг улсын орлого болгож, шүүгдэгч Н.Д-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол, хор уршиг 808,977,431 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 56,809,553 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, шинжээчийн зардалд 5,000,000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Батмөнх-Очир хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх хэргийг хянан хэлэлцээд “М” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэжээ. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бол мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

“М” ХХК-ийг 2020 оны 08, 09 дүгээр сард зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны шүүх Н.Д-ыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.“Р” ХХК-ийн ..... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх асуудлын хүрээнд:

Миний үйлчлүүлэгчийг буруутгасан үйлдэлд хамаарах үйл явдал нь “Р” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. “Р” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, нэр бүхий компаниудтай байгуулсан “Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ээр тухайн талбайд байгаа овоолгыг угааж алт олборлож зардлаа нөхөх, олборлосон алтны тодорхой хувийг “Р” ХХК авахаар тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиролцооны дагуу “Р” ХХК нь тодорхой хэмжээний алт авч байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Эдгээр үйл баримтуудаар “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд “М” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаа нь “Р” ХХК, түүний захирал, эрх бүхий бусад албан тушаалтны захиалга, эрх бүхий этгээдүүдийн хяналтын дор тус компанийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн үйл ажиллагаа болох нь нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид заасан эрх, үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, зарим талаар хууль зөрчсөн гэх үйл баримт байна.

Үйл явдал нь “Р” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд болсон. Иймээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбай болон түүний эзэмшилд байгаад хожим буцаан өгсөн талбайд явагдсан үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн зөрчлийн хүрээнд хамааруулан үзэх учиртай.

“Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 35 дугаар зүйлийн 35.3.6, 35.4, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх үйл баримтын талаар өмгөөлөгч миний гаргасан дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн баримт, дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг үнэлээгүй, буруу дүгнэсэн талаар:

3.1.Мөрдөн шалгах ажиллагаагаар миний үйлчлүүлэгчийн компанийн ажилчдын үйл ажиллагаа явуулсан талбай нь “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн аль хэсэгт үйл ажиллагаа явуулсныг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Шинжээч Б.Б нь геодези зураг зүйн мэргэжлийн хүн биш бөгөөд түүний дүгнэлтдээ ашигласан зураг, байршлын хэмжүүрүүдийг тусгай багаж ашиглаагүй, google earth программ ашиглан дүгнэлтээ гаргасан. ... Шинжээч Б.Б-ийн өгсөн мэдүүлгийг үндэслэн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нэг зураг гаргуулан авсан боловч тухайн зургаар тусгай зөвшөөрлийн талбайн дотор байгаа болон гадна байгаа хэсгийн хэмжээ, талбайн дотор байгаа эсэх болон тухайн газар нь эвдэгдээгүй байсан гэх үйл баримтыг тодорхойлох боломжгүй, ийнхүү тодорхойлсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтний дүгнэлт гараагүй.

3.2.Хөрс хуулалт болон нөхөн сэргээлтийн ажил хийх талбайд орж ажиллах зөвшөөрлийг “Р” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан П.Б олгож, байршлыг зааж өгсөн талаар миний үйлчлүүлэгч тодорхой мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд “Р” ХХК-ийн нэр бүхий хэд, хэдэн хүн тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, угаасан алтнаас гэрээгээр тохирсон хувийг тухай бүр нь хүлээн авч, тус компанийн захирал Дв-д өгдөг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Түүнчлэн “Р” ХХК нь тусгай зөвшөөрлөө шинэчлэн гаргуулж авсны дараа Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу уурхайнхаа хилийн заагийг тогтоож, тэмдэглэгээ тавиагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .... тоот албан бичгээр тогтоогдсон. Тус талбай дээр ажиллаж байсан бүх хүн, тусгай зөвшөөрөлтэй талбайн аль хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа, ажиллаж байгаа талбай нь тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадна, эсхүл дотор байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн алтнаас хувь авч байгаагийн хувьд “Р” ХХК энэ бүхэнд хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй.

“Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс талбай хаана байгааг хэн ч мэдэх боломжгүй байсан. “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд ажиллаж байсан “Р” ХХК-ийн ажилтнуудын хэн нь ч талбайн гадна байгаль орчинд хохирол учруулж байна гэсэн шаардлагыг тухайн үед тавьж байгаагүй. Тухайн газарт байсан “Р” ХХК-ийн ажилтнууд бүх компанийн болон “М” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, угаасан алтнаас нь гэрээнд заасан хэмжээгээр тодорхой хувийг авч байсан. “М” ХХК-ийн үйл ажиллагаа нь “Р” ХХК-ийн захиалгаар тус компанийн эрх ашгийн төлөө явагдсан гэдэг нь тогтоогдсон.

“М” ХХК-д хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэгт дурдаж байгаа асуудалд дараах хэд хэдэн үндэслэлийг анхаарч өгнө үү.

Нэгдүгээрт, “М” ХХК, “Р” ХХК-ийн хооронд хөрс хуулалт хийнэ гэсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ хүрээндээ ажилласан.

Хоёрдугаарт, шинжээч томилж, хөрс хуулагдсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Н.Д “нэлэнхийдээ овоолсон овоолготой газарт бид нар ажилласан” гэж мэдүүлсэн. Харин “Р” ХХК-ийн захирал Дв “...“М” ХХК нь зөвхөн овоолго дээрээ л ажилласан” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан. Энэ үйл баримтыг мэргэжлийн байгууллагаар тогтоохгүйгээр дан ганц гэрчийн мэдүүлгээр нотолж болохгүй. Шүүгдэгч Н.Д “хил хязгаарын хувьд “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд ажиллаж байна гэдэг итгэл үнэмшлээр ажилласан, тухайн талбайд ажиллаж байсан эрх бүхий хүмүүс огт зогсоох арга хэмжээ аваагүй. Харин ч гаргаад ирсэн алтнаас нь тодорхой хувийг авч байсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан гэрээний тохиролцооны дагуу явагдаж байсан. Мөн манай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтэрсэн гэж үзэж байгаа тохиолдолд ажлыг зогсоох үүрэг нь “Р” ХХК-д байсан. Гэтэл тэр талбайд ажиллаж байсан “М” ХХК болон бусад компани, “Р” ХХК-ийн талбайд ажиллаж байсан эрх бүхий этгээдийн хэн нь ч энэ үйл ажиллагаа “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас гарсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Хэрэв “Р” ХХК Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээд шав тэмдэг, тэмдэглэгээгээ тавьсан байсан бол хэн ч хараад мэдэх боломжтой байсан. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг бодитоор дүгнэж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

4.Энэ хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийн хэрэглээг зөв тогтоох нь цаашид энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буй үндэслэлийн талаар:

4.1.Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шууд санаатай хэлбэртэй. Гэм буруугийн хэлбэрийг тогтооход дараах онцлог нөхцөл байдлууд байсан. Үүнд: “М” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан газрын зарим хэсэг нь “Р” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор, зарим хэсэг нь талбайн гадна байсан, Байгаль орчинд хохирол учруулсан хэсэг нь “Р” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн урьд нь эзэмшиж байсан талбайд багтаж байсан, ... “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1-д зааснаар хөрс хуулалт, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тухайн газарт ажилласан, Н.Д-ын мэдүүлснээр ...харуул хамгаалалтын ажил хариуцсан Бийн зааж өгсөн газар үйл ажиллагаа явуулсан, “Р” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавиагүй, үүний улмаас тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээд тусгай зөвшөөрлийн талбайн дотор, эсхүл гадна үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан, “М” ХХК үйл ажиллагаа явуулж байхад тухайн талбайд ажиллаж байсан “Р” ХХК-ийн ажилтнуудын хэн нь ч тус талбайн гадна, байгаль орчинд хохирол учруулаад байна гэдэг шаардлагыг тавьж байгаагүй, “Р” ХХК-ийн ажилтнууд “М” ХХК-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, угаасан алтнаас гэрээнд заасан хэмжээгээр тодорхой хувийг авч байсан зэрэг болно.

Тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн зөвшөөрлөөр, түүний эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах явцад байгаль орчинд хохирол учирсан хэргийг үйлдсэн этгээдийг зөв олж тогтооход Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлсон хуулийн хэрэглээг тогтоох хууль зүйн ач холбогдол энэ хэргийн тухайд үүсээд байна. Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлд хамаарна.

4.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээний талаар:

... Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр захирамжийн 2 дахь заалтад “... яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд ирүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн” нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд дахин яллах дүгнэлт үйлдүүлэх үндэслэлгүй, мөн дахин яллах дүгнэлт үйлдүүлсэн тохиолдолд хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрх хязгаарлагдана, прокурорын яллах дүгнэлтийн алдааг шүүх зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шийдвэрлэх ёстой атал анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсний дараа засуулахаар шийдвэрлэх нь “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчим, “шүүхийн хэлэлцүүлэг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах” шаардлагад нийцэхгүй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлын талаар: Хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар зөвхөн иргэн Н.Д-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн зөрчлийг арилгуулах хүсэлт гаргахад томилолтоор оролцсон прокурор техникийн алдаа гэж тайлбарласан. ...Гэтэл хэргийг шийдвэрлэсэн шүүгч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр биднийг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу буцаж явах үед шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар зарлаж, хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр явуулж, “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжийг гаргахдаа хэд хэдэн илт хууль зөрчсөн дүгнэлт хийсэн. Уг захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж нь мөн хуулийн Гучин зургадугаар бүлгийн зохицуулалтад хамаарахгүй байхад шүүгч хуулийг илт буруугаар тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гаргахад нөлөөлсөн. Шүүгч Ч.М анхнаасаа Н.Д-ыг буруутгах, яллах байр сууринаас хандсан гэж үзэх үндэслэл болж байгаа. Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Д-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье гэв.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч “М” ХХК-ийн захирал Н.Д нь “Р” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй байх боловч хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан. “М” ХХК-ийг “2020 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дуусаагүй байхад хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хуульд заасан хугацааны дотор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Батмөнх-Очирын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Д, “М” ХХК-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р” ХХК-тай нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2020 оны 08 дугаар сараас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг, “.....” гэх газар “Р” ХХК-ийн ..... тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр талбайн гадна ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлосны улмаас байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй тогтоожээ.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр,  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15-д заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно”, 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэжээ. 

Шүүгдэгч Н.Д нь ашигт малтмал хайх, олборлох, нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлгүй “М” ХХК-ийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Р” ХХК-ийн ашиглалтын талбайд нөхөн сэргээлт хийх эрх олж авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахдаа уг талбайн гадна ашигт малтмал олборлосон нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэл гэж үзэж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зүйлчлэл тохирсон талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн шүүгдэгч Н.Д-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээхэд гарах зардал, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашигласан техник хэрэгсэл, тэдгээрийн үнийг тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон, энэхүү шийдлийн хүрээнд шүүхийн тогтоол, магадлалын холбогдох хэсэг хууль ёсны, үндэслэлтэй байна.

3.“... “М” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаа нь “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд, тус компанийн захирал, эрх бүхий албан тушаалтны захиалга, хяналт дор явагдсан, “Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 35 дугаар зүйлийн 35.3.6, 35.4, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус зөрчиж үйл ажиллагаа явуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар миний үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа явуулсан талбай нь “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн аль хэсэгт байсныг тогтоогоогүй...” гэж нотолбол зохих байдлын талаар гомдолд дурджээ.

Хэргийн газрын үзлэгээр “М” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан талбайн солбицлыг байршил тогтоогч зориулалтын багажаар тодорхойлж /Хэргийн 1 дүгээр хавтасны 12 дахь тал/, хуулиар хориглосон болон хязгаарласан, эсхүл тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцал буй эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... тоот албан бичгээр “... Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.11 га талбайгаар, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.45 га талбайгаар давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай болон “Р” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ..... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” /Хэргийн 1 дүгээр хавтасны 215 дахь тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот албан бичгээр “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. “Р” ХХК-ийн ..... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” /Хэргийн 1 дүгээр хавтасны 218 дахь тал/ гэсэн лавлагааг тус тус ирүүлсэн, эвдэгдсэн талбайн байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээхэд гарах зардлыг шинжилгээ хийлгэсэн /Хэргийн 1 дүгээр хавтасны 134-135 дахь тал/ зэргээр “М” ХХК-ийн бусдын эзэмшлийн талбайтай давхцалгүй буюу эрүүл газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон. Энэ нөхцөл байдал нь “М” ХХК-ийн ажилчид болох гэрч С.Б-ийн “... хуучин уул уурхайн олборлолт явуулж байсан газрын захаар нь ухаж байсан... Овоолсон шороог нь зайлуулж, доорх хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулсан. Нөгөө экскаватор нь шинэ хөрсийг хуулдаг...” /Хэргийн 1 дүгээр хавтасны 77 дахь тал/, Ж.Л-ийн “... 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан шороогоо 2 хоног угаадаг...” /Хэргийн 1 дүгээр хавтасны 82-86 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр давхар батлагдсан ба эдгээр нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэхэд хангалттай байна.

Сэлэнгэ аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг, “.....” гэх газар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх гомдлын хувьд тус компани, эсхүл эрх бүхий албан тушаалтныг хэргийн оролцогчоор татан оролцуулахгүйгээр шүүгдэгч Н.Д, “М” ХХК-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор явагдсан гэж үзнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Р” ХХК нь уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавиагүйн улмаас талбайн гадна үйл ажиллагаа явуулж буйгаа “М” ХХК мэдэх боломжгүй байсан гэж гэм буруугийн хэлбэрийн талаар гаргасан гомдол нь дараах үндэслэлээр няцаагдана.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолуудаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг тус тус баталсан байна.

“Р” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх хууль тогтоомжийн үйлчлэлээр ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байсны улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр ..... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн лицензийн талбайн солбицолд өөрчлөлт оруулжээ. 

Шүүгдэгч Н.Д болон “М” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмал ашиглахыг хориглосон ойн болон усны сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагаа явуулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэл болох бөгөөд уурхайн талбайн хил заагийг мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал нь гэм буруугийн хэлбэрт нөлөөлөхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн “…хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Д-ыг цагаатгах…”-ыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч иргэн, хуулийн этгээдийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цугларсан, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгоход хүргэх  ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

4.Харин хоёр шатны шүүх “М” ХХК-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж хуульчилжээ.

Шийтгэх тогтоол, магадлалаас үзэхэд “М” ХХК-ийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо дээрх хуулийн зохицуулалтын “...тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн...” гэснийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр тодорхойлж, тус зүйл, хэсэгт торгох ял оногдуулахаар хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасантай дүйцүүлэн хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн агуулга нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тусгай ангид заасан гэмт хэргүүдэд оногдуулах хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээтэй уялдуулан тогтоосон. Хуулийн этгээдийн хувьд Эрүүгийн хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвхөн торгох ял шийтгэхээр хуульчилсан тул хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо шууд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах ялтай уялдуулсан хөөн хэлэлцэх хугацааны журмыг баримтлах нь “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байх хууль ёсны зарчмыг зөрчинө.

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэжээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд иргэн, хуулийн этгээд гэсэн бие даасан эрх зүйн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй агуулгаараа “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчим хөндөгдөхгүй.

Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч нь төлөөлөн шийдвэр гаргасан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд шударга ёсны зарчмын үүднээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, хуулийн этгээдийн гэмт хэрэг нь түүний эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйгээр бодит биеллээ олдог тул хөөн хэлэлцэх хугацааг салгаж тоолох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “… тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн...” гэснийг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны үйлдсэн хэрэг гэж ойлгож хэрэглэх нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, шүүгдэгч Н.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар магадлалын “М” ХХК-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                   Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Ч.ХОСБАЯР