Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0552

 

П.Т-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, нэхэмжлэгч П.Т нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор П.Т-ы нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.б, 11 дүгээр зүйлийн 11.1,11.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.2-т заасныг тус тус баримтлан П.Т-ы нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /даргалагч П.Ц, Г.Ц/-д хариуцагдах Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” 01, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолуудыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, албажуулж, хэрэгжүүлэхийг даалгах, Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдаан илт хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн хуралдаанаас гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай" 01, “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Тооллогын комисс томилох тухай” 01, “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаар тогтоолыг албажуулахыг /ёсчилж баталгаажуулахыг/, болон 02 дугаартай ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хэрэгжүүлэхийг тус тус хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /даргалагч П.Ц/-т даалгаж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох /Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Г.Ц/ шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох буюу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн тооллогын комисс томилох тухай 01 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах, Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Ц давж заалдах гомдолдоо: “...хариуцагч би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байгаа, улмаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Б-н Б/13 тоот захирамжаар Дэлгэрцогт сумын Засаг даргаар томилогдсон. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж, уг хуралдааныг Засаг дарга П.Ц би даргалж, хурлаас П.Т олонхийн саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон бөгөөд тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Энэ үед би Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчлөө, өөрөөр хэлбэл би сумын Засаг даргаар томилогдсон шийдвэр гаргасан байхад хурал удирдаж байгаа нь томилгоотой холбоотой асуудлаар ээлжит бус хуралдааныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аль нэг тэргүүлэгчээр хуралдааныг удирдуулах ёстой байсан журмыг зөрчсөн, мөн өөрөө өөртөө томилгоо хийж байгаа нь хууль бус боллоо гэж үзээд хуралдааныг хааж, гарсан шийдвэрүүдийг албажуулаагүй болно. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг зарлаж, хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхэд би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргалагчаар Г.Ц-ыг ажиллуулах санал оруулж шийдвэрлэн улмаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид олонхоороо хуралдаж, өрсөлдөгчгүй учраас Г.Б-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож зохих тогтоолууд журмын дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай байх тул холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 02 дугаар тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албажуулахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тухайн Хурлын хуралдаанаас гаргасан тогтоолыг албажуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон томилох” асуудлыг хэлэлцүүлэхээр хурлын Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Ийнхүү тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хурлын дарга П.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн олонхийн саналаар төлөөлөгч П.Т-ыг Хурлын даргаар сонгож, хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталсан, энэ үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

Гэтэл хариуцагч Хурлын дарга П.Ц-аас “...тус өдрийн хуралдааныг даргалсан нь хууль зөрчсөн, Засаг даргаар томилогдсон байсан  тул хуралдаан даргалах эрхгүй байсан” хэмээн маргаан бүхий тогтоолыг албажуулахгүй байгаа үндэслэлээ тайлбарлах боловч Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар түүнийг Дэлгэрцогт сумын Засаг даргаар мөн өдрөөс эхлэн томилж, Засаг даргын ажлыг мөн өдөр албан ёсоор хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.

Иймд Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанд гаргасан Төлөөлөгчдийн саналыг үгүйсгэх, баталсан тогтоолыг нь албажуулахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,  22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасны дагуу хариуцагч Хурлын дарга П.Ц нь тус хуралдаанаар баталсан “П.Ц-ыг Хурлын даргаас чөлөөлж, П.Т-ыг Хурлын даргаар сонгосон” тогтоолыг албажуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд,

Анхан шатны шүүхээс “...Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай" тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албажуулахыг даалгаж”, “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Учир нь захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актыг хянах бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй захиргааны дээрх үйл ажиллагаа нь хуулийн энэхүү шаардлагыг хангахгүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Тодруулбал,  

1. Хурлын хуралдаанд гаргасан Төлөөлөгчдийн саналыг тоолж, нэгтгэх үүрэг бүхий “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоол нь Хурлаас баталсан дэгийн дагуу зохион байгуулагддаг, хуралдааны дотоод зохион байгуулалтын шинжтэй, дотогшоо чиглэсэн эрх зүйн акт бөгөөд уг тогтоолыг албажуулах эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч П.Т-ыг Хурлын даргаар сонгосон үйл баримт үгүйсгэгдэхгүй юм.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин хуралдаанаас гаргасан тогтоол нь эрх үр зүйн дагавар бүхий шийдвэр болох юм. Иймд шүүхээс “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн  эрх сэргэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн “Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай" тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албажуулахыг даалгах”, “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлдээ тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэхийг тогтоохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргах бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж маргаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бүрэн сэргэх боломжтой байх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан”-ыг захиргааны акт хэмээн үзэж, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй үндэслэлээр “Хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолууд”-ыг нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тайлбарласан байх боловч тогтоох хэсэгт нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүний улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар П.Ц-ыг Хурлын даргаас чөлөөлж, П.Т-ыг Хурлын даргаар сонгосон тогтоолыг албажуулж, хэрэгжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж, Г.Б-ыг Хурлын даргаар сонгосон тогтоол хүчин төгөлдөр үлдэх үр дагаврыг үүсгэсэн өөр хоорондоо зөрчилдөөнтэй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зааснаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол байхгүй, хууль ёсны хүчин төгөлдөр үйлчлэлтэй байхад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр П.Ц-ыг дахин Хурлын даргаас чөлөөлж,  Г.Б-ыг Хурлын даргаар давхар томилж, нэг асуудлаар хоёр удаа шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, бодит байдалд биелэгдэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хангахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т-ы гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “П.Ц-ыг Хурлын даргаас чөлөөлж, П.Т-ыг Хурлын даргаар сонгосон” тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албажуулахыг Хурлын дарга П.Ц-т /тухайн үед Хурлын дарга байсан/ даалгаж, мөн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай” 03, “Ажилд томилох тухай” 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж,

шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т-ы гаргасан “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тооллогын комисс томилох тухай” тогтоолыг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албажуулахыг даалгах”, “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгож өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН