| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0289/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/302 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/302
2019 10 22 2019/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч М.Д, Б.М, тэдний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагч Б овгийн М.Д, Б овгийн Б.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б овгийн М.Д-д холбогдох эрүүгийн 1934006080331 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор торгох ялыг эдэлж дууссан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн М.Д,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Д, Б.М нар нь бүлэглэн Ж.Баатарын өмчлөлийн адуунаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр тасарч үлдсэн алдуул мал болох зээрд зүсмийн 1 тооны соёолон морийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвд 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн адуутай хамт тууж авчран, бусдад зарж борлуулан завшиж, бусдад 933.300 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч М.Д нь тээврийн хэрэгсэл буюу мотоцикл жолоодох эрхгүй үедээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутаг Өндөр мод гэх газар байх шороон замд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 3221 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг жолоодон морь дагаж явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “тээврийн хэрэгслийн хурд Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.4 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг, хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 3.7.а Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклоо янзлаад сууж байсан Э.Бат-Эрдэнийг дайрч зам тээврийн осол гарган, улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006080331 дугаартай хэрэгт хохирогч Ж.Баатар /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Э.Бат-Эрдэнэ /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Б.М /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч М.Д /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Баасанжав /хх-ийн 18-20 дугаар хуудас/, гэрч Ч.Оюунгэрэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч З.Наранцэцэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Б.Энхбат /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч Э.Бат-Эрдэнэ /хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч М.Д /хх-ийн 65 дугаар хуудас/, яллагдагч Б.М /хх-ийн 47-48 дугаар хуудас/, яллагдагч М.Д /хх-ийн 80-81, 116-117 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/282 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, мал амьтны гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 10 дугаар хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч Э.Бат-Эрдэнийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 53 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол гарсан замын байдал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-ийн 56-60 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 85-106 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.Д, Б.М нар нь бүлэглэн, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвд иргэн Ж.Баатарын өмчлөлийн адуунаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр тасарч үлдсэн алдуул мал болох зээрд зүсмийн 1 тооны соёолон морийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн адуутай хамт тууж авчран, бусдад зарж борлуулан завшиж, бусдад 933.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ж.Баатарын ...Мөнгөнморьт сумын төвд явж байхад миний зээрд зүсмийн соёолон морийг цагаан өнгийн портер маркийн 53-79 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд очоод авч явж байсан. Тэгэхээр нь зогсоогоод малын ченжээс асуутал Б.М, Улаанаа хоёр надад зарсан юм аа гэж хэлсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
гэрч Б.Баасанжавын ...тухайн морийг харахад зээрд зүсмийн дээшээ харсан саран тамгатай буруу талын гуяны ар хэсэгт дугуй цагаан мэнгэтэй адуу байсан ба ачиж өгсөн Улаанаа, Чөдрөө гэдэг хоёр залуугийн Чөдрөө /Б.М/ ба гэдэг залуу машины ард байсан бааснаас гараа баас болгоод ирэхээр нь хартал мэнгийг нь баасаар дарсан байхаар нь яаж байгаа юм бэ гэхэд содон тэмдэгтэй юм жоохон дарсан юм гэхээр нь хулгайн адуу юм биш биз гээд уурлахад зүгээрээ зүгээр гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр очиж зургийг нь даруулна гэхэд тэг тэг ямар ч асуудалгүй гэсэн... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
гэрч Ч.Оюунгэрэлийн ...Улаанаа, Чөдрөө хоёр залуу зээрд зүсмийн буруу гуян дээрээ цагаан мэнгэтэй адууг зарна гэсэн ба туранхай адуу байна авахгүй гэхэд 450.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байсан. Тэгээд авахаар болоод ачсан ба Улаанаа нь гарал үүслийн бичиг авахаар явсан. Тэгсэн нөгөө Чөдрөө гэх залуу машин дээр ачсан морины хойд мэнгэн дээр баас түрхчихлээ гээд манай нөхөр уурласан ба хулгайн мал юм уу гэхэд учиргүй миний мал гээд байсан. Тэгээд манай нөхөр мөнгийг нь өгөх болоогүй шүү цагдаа дээр очиж үзүүлж зургийг нь даруулж байж мобайлаар шилжүүлж өгнө гэсэн... ...тэгээд та цагдаад үзүүл үзүүл миний адуу асуудалгүй гэсэн ба манай нөхөр морины мэнгэн дээр түрхсэн баасыг нь арилгуулсан юм... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
гэрч З.Наранцэцэгийн ...Б.М над дээр ирээд 1 адууны бичиг авах гэсэн юм Багануур руу ачуулах гэсэн юм адуу зарах хэрэг байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би аав, ээжийг нь мэддэг өөрсдөө олон тооны адуу, үхэр, сарлагтай айл учраас би 1 тооны зээрд зүсмийн адууны бичиг хийж өгөөд явуулсан... ...би харж байж бичиг хийж өгөөгүй, гэртээ ажилтай байж байгаад үзэж харалгүйгээр мал эмнэлгийн ариун цэврийн болон гарал үүслийн гэрчилгээ хийгээд өгчихсөн юм... /хх-ийн 23 дугаар хуудас/,
яллагдагч Б.Мын ...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед адуугаа тууж авч ирээд хашсан. Тэр үед манай адуунд 2019 оны 04 дүгээр сараас хойш байсан хүрэн зүсмийн арвай тамгатай, буруу талын гуян дээрээ цагаан мэнгэтэй адууг барьж авсан. Тэр адуу нь манай адууг дагуулаад тастаад байхаар нь эзэн нь олдохгүй байгаад байхаар нь зарахаар болж урьд өдөр нь миний утсаар Б.М Багануур дүүргийн ченжтэй ярьсан байсан ба нөгөө ченж нар нь айлаас үхэр аваад манай гэрт ирсэн. Тэгээд малын эмч Нараа гэх хүнээс би өөрийн адуугаа зарах гэсэн юм гээд гарал үүслийн гэрчилгээ авч адуу авсан ченждээ өгсөн байгаа ... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
яллагдагч М.Дгийн ...би өмнө нь мэдүүлгүүд дээрээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа бөгөөд нэмж ярих зүйл байхгүй байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болно... /хх-ийн 116-117 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/282 дугаартай .....зээрд зүсмийн үрээг 933.300 /есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутаг “Өндөр мод” гэх газар өөрийн эзэмшлийн “DAYUN” маркийн 32-21 ТӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон морь дагаж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.4-т заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг, хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 3.7.а-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклоо янзлаад сууж байсан Э.Бат-Эрдэнийг дайрч зам тээврийн осол гарган, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Э.Бат-Эрдэнийн ...Б.М нь миний хохирлыг барагдуулах талаар нэг ч арга хэмжээ аваагүй ба уг нь надад нэг соёолон үрээ өгсөн. Би тэр адууг нь бүдүүн мориор солих талаар хүнтэй тохиролцсон байтал манайхаас намайг байхгүй үед аваад явчихсан байсан... ...миний зардал одоо бараг 3 сая төгрөг гарсан байгаа ба баримтаар яг хэдэн төгрөгийн баримт байгааг сайн хэлж мэдэхгүй байна... /хх-ийн 62 дугаар хуудас/,
гэрч Б.Энхбатын ...би сунгаан дээр байж байтал манай хүү Бат-Эрдэнэ над руу залгаад аав мотоциклын гинж салаад янзлах гээд байж байтал араас мотоциклтой хүн ирээд мөргөчихлөө гэхээр нь... ...Намайг очиж авахад манай хүү Б.М гэдэг залуутай хоёулханаа байсан ба би юу болов оо гээд Б.Мд чи бүхэл бүтэн хүн мотоцикл хоёр байхад хардаггүй юм уу ядаж эмнэлэг бараадуулахгүй яасан юм бэ гэхэд Б.М сүртэй юм бэ адилхан морь дагаж байж гээд уурлаад байсан... /хх-ийн 63 дугаар хуудас/,
гэрч Э.Бат-Эрдэнийн ...би морио дагаж явж байгаад мотоциклын гинж мултраад янзлах гээд тонгойтол араас мотоциклтой хүн ирж мөргөсөн. Тэгээд хартал Б.М гээд манай нутгийн залуу байж байсан. Тэгээд тэндээс Б.Мгаар мотоциклоо асаалгаад өөрөө мотоциклоо арай хийж барьж яваад хамт явж байсан аав дээр очиж машиндаа суугаад эмнэлэгт очсон. Тэгээд эмнэлэгт үзүүлээд маргааш Улаанбаатар хот орж үзүүлэхэд нурууны сэртэн яс хугарсан байж болзошгүй гэж байсан... /хх-ийн 64 дүгээр хуудас/,
гэрч М.Дгийн ...шүдлэн гараанаас эргээд 4-5 орчим км зам туулсан байсан ба нэг мөргөцөг байдаг ба тэр мөргөцгийг даваад иртэл морины баруун талаар дагадаг зам дээр нэг хүн харагдах шиг болсон ба нэг мэдсэн мөргөсөн байсан. Тэгээд би босоод яасан зүгээр үү хөгшөөн гээд босоод мотоциклынх нь гинжийг нь хийж өгөөд босгож өгсөн ба өөрөө мотоциклоо зүгээр унаад яваад өгсөн... /хх-ийн 65 дугаар хуудас/,
яллагдагч М.Дгийн ...би өмнө гэрчээр үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгсөн байгаа бөгөөд нэмж ярих зүйл байхгүй байна. би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болно... ...ер нь бол хэрэг болсон мөргөлдсөн газар нь бол яах аргагүй замаас гараад замын хажууд болсон байгаа... /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай ...Э.Бат-Эрдэнийн биед бүсэлхийн нурууны нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай ...тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх М.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.14, 3.7-а гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, ...зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон... талаарх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, мал амьтны гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 10 дугаар хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч Э.Бат-Эрдэнийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 53 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол гарсан замын байдал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-ийн 56-60 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 85-106 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч М.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа өөрийн эзэмшлийн “DAYUN” маркийн 32-21 ТӨЗ улсын дугаартай мотоциклыг жолоодон морь дагаж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.4, 3.7-а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклоо янзлаад сууж байсан Э.Бат-Эрдэнийг дайрч зам тээврийн осол гарган, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг,
мөн шүүгдэгч М.Д, Б.М нарын бүлэглэж, Ж.Баатарын өмчлөлийн адуунаас тасарч үлдсэн алдуул мал болох зээрд зүсмийн 1 тооны соёолон морийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн адуутай хамт тууж авчран, бусдад зарж борлуулан завшсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоорондоо урьдчилан үгсэн тохиролцож, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр зарж борлуулан завшиж байгаа өөрсдийн хууль бус үйлдлээ мэдсээр байж, хүсч үйлдсэн, дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд санаатай үйлдэл, эс үйлдэхүй өмчлөгч, эзэмшигчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, шүүгдэгч нарт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Д, Б.М нар болон тэдний өмгөөлөгч Н.Баяр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нарын тус бүрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Д, Б.М нарыг бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Д гийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бат-Эрдэнийн биед бүсэлхийн нурууны нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, хор уршиг,
шүүгдэгч М.Д, Б.М нарын бүлэглэж үйлдсэн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Баатарт нэг тооны соёолон морь буюу 933.300 /есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг тус тус учирсан байна.
Хохирогч Э.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Дгаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй бөгөөд хавтаст хэрэгт эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй байна.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч М.Д болон түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь хохирогч Э.Бат-Эрдэнэд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 4 хувааж төлсөн талаар мэдүүлэг, дүгнэлтийг гаргадаг ба хохирогч Э.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг төлөгдсөн болох нь шүүхийн хуралдаанд хохирогч Э.Бат-Эрдэнийн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяраар дамжуулан ирүүлсэн тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтээр,
Харин шүүгдэгч М.Д, Б.М нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг болох 933.300 /есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий соёолон үрээг хохирогч Ж.Баатарт биет байдлаар нь буцаан өгсөн ба энэ талаар хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Д, Б.М нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Мыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч М.Д, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин тэднийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Үүнд: Улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг,
мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тусад эдлүүлэх,
шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг,
шүүгдэгч М.Д, Б.М нарын өмгөөлөгч Н.Баяр шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд ...миний үйлчлүүлэгт М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Эрүүгиийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...
мөн шүүгдэгч М.Д, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэг, заалтад заасан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтүүд, мөн хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн, мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс хянан үзээд шүүгдэгч М.Дгийн хувьд болгоомжгүй, санаатай үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярын шүүгдэгч М.Д, Б.М нарт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ял шүүгдэгч нарын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч М.Д, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тус бүрийг долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой гэж,
мөн шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт нь тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж тус тус үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Д нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх, уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Д, Б.М нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч М.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хасаж, тэнссэн тул тэнссэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Д, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ж.Баатар, Э.Бат-Эрдэнэ нар нь шүүгдэгч М.Д, Б.М нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарыг бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Д-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,
мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Д нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх, уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарт шүүхээс тус бүр оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ж.Баатар, Э.Бат-Эрдэнэ нар нь шүүгдэгч М.Д, Б.М нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөггүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн М.Д, Б овгийн Б.М нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН