| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0296/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/303 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/303
2019 10 23 2019/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б.Өад холбогдох эрүүгийн 1934008140368 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэлмэн суманд 1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Чигэстэй ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 17-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Б.Ө
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ө нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Их Майдар” гэх газар 4 дүгээр зөрлөг явах чиглэлийн асфальтан замд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Hyundai Tranklorry” 0669 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас “Suzuki Carry” 7848 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө:
...2019 оны 06 дугаар 19-ний өдөр түлш хүргэлтээр явсан. Миний урд 2 тээврийн хэрэгсэл явж байсан. Хамгийн урд явсан машин зүүн гар тийш эргэх дохио өгөөд гүйцэт түрүүлээд эсрэг урсгалд орход би дагаад орсон. Тэгэхэд урд явсан эргээд би машинаа зогсоож чадахгүй осол хийсэн... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934008140368 дугаартай хэрэгт хохирогч Х.Дуламсүрэн /хх-ийн 15-16, 17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуяг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Х.Дуламсүрэн /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Д.Төмөрхуяг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, яллагдагч Б.Ө /хх-ийн 64-65 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/355 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 678 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 680 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, “ИХ ЧИГЭСТЭЙ” ХХК-ийн албан тоот, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 22-27 дугаар хуудас/, 78-47 ТӨВ улсын дугаартай “SUZUKI CARRY” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын зураг, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 35-39 дүгээр хуудас/, хохирогч Х.Дуламсүрэнгийн тархины соронзон резонанст томографийн оношлогоо, эмнэлгийн магадалгаа, ажлын газрын тодорхойлолт, хохирогч Х.Дуламсүрэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 75-82, 94, 96 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Өлийбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66-73, 83-93, 95 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Их Майдар” гэх газар 4 дүгээр зөрлөг явах чиглэлийн асфальтан замд “Hyundai Tranklorry” 0669 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас “Suzuki Carry” 7848 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Х.Дуламсүрэнгийн ...Майдар гэх газар замаас салах гээд эргэж байтал араас явсан тээврийн хэрэгсэл миний суугаад явж байсан машины хажуугаас мөргөж зам тээврийн осол болж миний биед гэмтэл учирсан юм... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
...би 2019 оны 10 дугаар сарын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай эмнэлгийн акт авсан байгаа. Энэ хугацаанд цалингаа Б.Өаас нэхэмжилнэ. Би цаашид эмнэлгээр үзүүлж харуулах тул эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ. Би энэ зардлыг гаргуулаад авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуягын ...эргэх үйлдэл хийгээд зам руу бууж явахад араас шатахуун зөөвөрлөдөг тээврийн хэрэгсэл их хурдтай ирээд миний машины зөв талаас мөргөж замаас гаргаж зам тээврийн осол болсон. Тэгээд миний машинд эвдрэл хохирол учирсан тул тээврийн хэрэгслийн хохирол нэхэмжилж байна... ...үнэлгээний байгууллагаар миний өөрийн эзэмшлийн 78-74 ТӨВ улсын дугаартай “Suzuki Carry” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эд ангид үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийсэн 1.695.000 төгрөгийн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Х.Дуламсүрэнгийн ...миний нурууны сэртэн яс хугарсан, нуруу хөндүүрлэнэ, толгой тархи өвдөж байна. Бүжин 1 нас 8 сартай толгой хавдсан байсан. Удвал 6 настай биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байна... ...манай нөхөр Төмөрхуяг эргэх гээд дохио өгөөд байж байсан. Тэгэхэд араас нэг приүс маркийн тээврийн хэрэгсэл түрүүлж гүйцээд замаас буух гээд эргэж байтал хажуугаар нэг тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол болсон юм... /хх-ийн 28 дугаар хуудас/,
гэрч Д.Төмөрхуягын ...би асфальтан замаар явж байгаад замаас буух, эргэх үйлдэл хийх гээд өөдөөс яваа болон араас ирж байгаа тээврийн хэрэгслийг хараад тэгэхэд араас ойрхон явсан тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд тэгээд эргэх үйлдэл хийсэн чинь хажуугаас нэг том оврийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол болсон юм... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
яллагдагч Б.Өын ...Майдар цогцолборын ойролцоо ирэхэд миний урд талд явж байсан хоёр тээврийн хэрэгслийн нэг болох Сузуки маркийн тээврийн хэрэгслийн ард нь явсан тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Тэгээд миний урд байсан цагаан өнгийн сузуки маркийн /аавын цээж/ тээврийн хэрэгсэл зүүн тийш дохио өгөөд эргэх үед нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад мөргөж зам тээврийн осол гаргасан... /хх-ийн 64-65 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/355 дугаартай ...78-47 ТӨВ улсын дугаартай “SUZUKI CARRY” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 1.695.000 төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 678 дугаартай ...Г.Бүжинлхамын биед дагзанд зулгаралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 679 дугаартай ...У.Удвалын биед зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 680 дугаартай ...Х.Дуламсүрэнгийн биед сээрний 3,4,5-р нугалмын ташуу хугарал, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128 дугаартай ...Д.Төмөрхуяг нь 78-47 ТӨВ улсын дугаартай “SUZUKI CARRY” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчөөгүй гэж үзэв... ...Б.Ө нь 06-69 УНН улсын дугаартай “HYUNDAI TANKLORRY” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн байна гэж үзсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, “ИХ ЧИГЭСТЭЙ” ХХК-ийн албан тоот, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 22-27 дугаар хуудас/, 78-47 ТӨВ улсын дугаартай “SUZUKI CARRY” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын зураг, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ /хх-ийн 35-39 дүгээр хуудас/, хохирогч Х.Дуламсүрэнгийн тархины соронзон резонанст томографийн оношлогоо, эмнэлгийн магадалгаа, ажлын газрын тодорхойлолт, хохирогч Х.Дуламсүрэнгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 75-82, 94, 96 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Өлийбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66-73, 83-93, 95 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Б.Өад холбогдох эрүүгийн 1934008140368 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Х.Дуламсүрэн нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Б.Өын “Hyundai Tranklorry” маркийн 06-69 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас “Suzuki Carry” 7848 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ө нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Өын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Дуламсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуягт эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Х.Дуламсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.Өад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд баримтгүйгээр нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 94, 96 дугаар хуудсанд авагдсан “шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт,
мөн иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуягт шүүгдэгч Б.Өаас эд хөрөнгийн хохиролд 1.690.000 төгрөгийг авсан болох нь хавтас хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Өын хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт,
шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуягт мэдэгдсэн баримтанд бичигдсэн ...хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Өыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Өад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Өад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Х.Дуламсүрэн, иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б.Өыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х овгийн Б.Өад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Х овгийн Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Х.Дуламсүрэн, иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нар нь шүүгдэгч Б.Өад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Б.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН