| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0300/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/307 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/307
2019 10 28 2019/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Г.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн О.Мт холбогдох эрүүгийн 1934005540317 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг 4 дүгээр баг, 1-78 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн О.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.М нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг “Үдлэгийн задгай” гэх газар оршин суух хохирогч Б.Жигдэнхүүгийн амьдардаг гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, түүний эзэмшлийн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклыг нууцаар хууль бусаар авч 998.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М:
... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005540317 дугаартай хэрэгт хохирогч Б.Жигдэнхүү /хх-ийн 08-09, 10 дугаар хуудас/, гэрч О.М /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.Лхагвасүрэн /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч М.Гансүх /хх-ийн 13 дугаар хуудас/, яллагдагч О.М /хх-ийн 30-31, 46-47 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09/317 дугаартай мотоциклын үнэлгээний тайлан /хх-ийн 16-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Б.Жигдэнхүүгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-38 дугаар хуудас/, шүүгдэгч О.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-36, 50-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч О.М нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг “Үдлэгийн задгай” гэх газар оршин суух хохирогч Б.Жигдэнхүүгийн амьдардаг гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, түүний эзэмшлийн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклыг нууцаар хууль бусаар авч 998.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Жигдэнхүүгийн ...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Төв аймаг Эрдэнэсант сум руу адуу малаа ачиж ирэх гээд гэрээ жижиг цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоож байхгүй гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ ороод хартал миний Даюун маркийн улсын номер дугааргүй цэнхэр өнгийн мотоцикл байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн... ...Манайх сая 5-н сард Төв аймгийн Эрдэнэсант сумаас Төв аймаг Батсүмбэр сумын Үдлэг 4-р багт нутаглахаар ирсэн. Тэгээд хамт ажилладаг О.М гэх залууг миний мотоциклыг унаад явж байсан гэж таньдаг хүн Гансүх надад хэлсэн. Би мотоциклоо алдчихлаа гээд хайгаад явж байсан чинь Гансүх надтай таараад чиний мотоциклыг О.М унаад явж байсан. Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Гансүх тухайн үед О.Мтай таараад энэ Жигдэнхүүгийн мотоцикл байна ш дээ гээд хэлсэн чинь утсаар ярьж хэлээд унаад явж байгаа юм аа гэж хэлсэн гэсэн... ...Миний алдсан мотоцикл шинэ мотоцикл байсан. Би уг мотоциклыг 1,750,000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
...Надад нийт 400,000 төгрөгийн хохирол гарсан. Түүнээс О.М нь 260,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 140,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн. Надад одоо О.М гэх хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... ...Би шүүх хуралд суухгүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч О.Мын ...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 19-20 цагийн үед хөрш айл болох Жигдэнхүүгийн гэрт очиж Жигдэнхүүгээс мотоциклыг нь гуйх санаатай очсон юм. Гэтэл гэрт нь ямар ч хүн байхгүй гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би жижиг төмрөөр гэрийн цоожийг нь эвдээд гэрт нь ороод хоолны шүүгээнээс нь мотоциклын түлхүүрийг нь аваад мотоциклыг нь асааж унаад тэгээд хойшоо Жаргалалт дэлгүүр явсан. Дэлгүүрийн гадаа Гансүх гэх ахтай таараад 10,000 төгрөг гуйж аваад 24-ийн тойчгийн дэлгүүр дээр очиж 1 шил архи, 1 том пиво аваад тэгээд гол дээр очиж наадамд явж байгаа танихгүй морьтой хүмүүстэй хамт архи, пиво хоёроо уугаад тэгээд тэндээ тасарч унтчихсан байдаг. Тэгээд даараад сэрсэн чинь үүр цайж байсан. Тэгэхээр нь 24-ийн тойчиг дээр байдаг Надмид нэг дүүгийндээ очиж тэнд унтаж байгаад өглөө болгоод дэлгүүр орж дахин 2 шил аваад Надмидтай гэрт очиж 1 шил архиа ууж байгаад тэгээд Надмидтай хамт гол дээр очиж уухаар болоод гэрээс нь гартал Надмид морио унаад надаас түрүүлээд явсан. Тэгэхээр нь би араас нь мотоциклоо асааж унаад явж байгаад зоорины ам руу унаад тэгээд мотоцикл эвдэрсэн. Тэгэхээр нь мотоциклоо Надмидын гэрийн гадаа үлдээгээд тэгээд үргэлжлүүлж уугаад маргааш нь Болд гэх хүний гадаа мотоциклоо унаж очоод дахиж үлдээчээд улсын наадамд яваад өнөөдөр ирсэн... ...Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулна... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
гэрч Д.Лхагвасүрэнгийн ...Манай хүргэн Жигдэнхүү 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Эрдэнэсант сум руу мал ачиж ирэхээр яваад гэрээ түгжээд явсан юм. Миний бие гэрийг нь харж үлдсэн юм. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед Батсүх гэх хүний үхрийг саах гээд явсан. Явахдаа хүргэн Жигдэнхүүгийн гэрийг шалгаж үзэхэд гэрийнх нь цоож зүгээр байсан. Тэгээд үхрээ сааж дуусаад орой 22 цагийн үед гэртээ ирж унтаад өглөө 7 цагийн үед босоод харахад гэрийнх нь цоож байхгүй байсан. Тэгэхээр нь гэрт нь ороод харсан чинь мотоцикл байхгүй байсан. Тэгэхээр нь хүргэн рүүгээ болсон асуудлын талаар утсаар мэдэгдсэн.Тэгээд манай хүргэн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч М.Гансүхийн ...Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Жаогалалт сумын дэлгүүрийн үүдэн дээр 20 цагийн үед дэлгүүр ороод юм авах гэж яваад О.Мтай таарсан. О.М нь урьд нь манай гүүг барилцаж өгдөг байсан залуу учраас 10,000 төгрөг авч өгсөн. Тэгээд би Мэргэнээгээс энэ юун мотоциклтой явж байгаа юм бэ? гэж асуусан чинь би Лхагвасүрэн эгчид хэлээд Жигдэнгийн мотоциклыг унаж яваа юм гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Тухайн үед цэнхэр өнгийн мотоцикл унаад явж байсан. Би марк номер дугаарыг хараагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
яллагдагч О.Мын ...Жигдэнхүүгийн гэр болох Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг 4 дүгээр багийн задгайд очиход Жигдэнүү гэртээ байгаагүй. Гэр нь жижиг цоожтой мотоцикл нь гэрийнхээ гадаа байсан юм. Тэгээд гэр рүү ороод гал тогооны шүүгээнээс мотоциклын түлхүүрийг аваад мотоциклыг асаагаад Жаргалант дэлгүүр ороод Гансүх гэдэг хүнтэй дэлгүүрийн үүдэн дээр таараад Гансүхээс 10.000 төгрөг авсан... ...мотоциклоо унаад явж байгаад айлын зойрны ам руу унаж мотоциклыг эвдэлсэн. Тэгэхээр нь манай нутгийн айл Болдын гадна мотоциклоо орхиод түлхүүрийг нь Халиунаа найзаа үлдээгээд улсын наадамд явсан... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
..Жигдэнхүү гэртээ байгаагүй гэр нь жижиг цоожоор түгжсэн байсан. Тэгээд би гэрийн цоожийг гэрийн үүдэн дээр байсан төмрөөр эвдэж гэрт ороод тогооны шүүгээнээс мотоциклын түлхүүрийг аваад мотоциклыг гэрээс авч асаагаад Жаргалант дэлгүүр ороод гансүх гэдэг хүнтэй дэлгүүрийн үүдэн дээр таараад Гансүхээс 10.000 төгрөг авсан... ...Мотоциклоо унаж явж байгаад айлын зойр руу унаж мотоциклыг эвдэлсэн... /хх-ийн 46-47 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09/317 дугаартай ...998.800 төгрөгөөр үнэлсэн... мотоциклын үнэлгээний тайлан /хх-ийн 16-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Б.Жигдэнхүүгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-38 дугаар хуудас/, шүүгдэгч О.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-36, 50-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Мын хохирогч Б.Жигдэнхүүгийн амьдардаг гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, түүний эзэмшлийн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклыг нууцаар хууль бусаар авч 998.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амьдардаг орон байр буюу Б.Жигдэнхүүгийн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгө болох “Даюун” маркийн цэнхэр өнгийн мотоциклыг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгосон, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч О.М болон түүний өмгөөлөгч Г.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Мыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жигдэнхүүгийн “Dayun” маркийн мотоциклыг хулгайлж 998.800 /есөн зуун ерөн найман мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдэж олсон 998.800 /есөн зуун ерөн найман мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий “Dayun” маркийн мотоциклыг хууль ёсны өмчлөгчид биет байдлаар буцаан өгсөн ба тухайн мотоциклын эвдрэлтэй холбоотой хохиролд 280.000 /хоёр зуун наян мянга төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтас хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт, мөн хохирогч Б.Жигдэнхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мотоциклоо биет байдлаар нь буцаан авсан, мөн мотоциклын эвдрэл хохиролд 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг авсан талаарх мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Мт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О.Мыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн О.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Жигдэнхүү нь шүүгдэгч О.Мт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн О.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН