| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00393/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 393
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Л.Эхлэлт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.С*********, хариуцагч Б.Г******, иргэдийн төлөөлөгч Ж.С********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ********* ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Г************* холбогдох гэм хорын хохирол 10.697.065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*********** ХХК-ийн захирал Б.С********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х********** ХХК-ийн жолооч Б.Г********** нь 2015 оны 08-р сарын 15-ны өдөр өөрийн хариуцлага алдсаны улмаас тус компанийн ********** ЗАН улсын дугаартай хүнд даацын автомашинаар *******ээс компанийн ачааг ачиж яваад ******* аймгийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай замын хажуу тал руу унагаж хохирол учруулсан. Улмаар учирсан хохирлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 01-р сарын 05-ны өдөр Б.Г************, уг ослын газар нүдээр үзэж хамт байлцсан түүний аав Н.Б********, ээж С.Ц*********** нарыг оролцуулан хохирол барагдуулах гэрээг байгуулан ноториатаар баталгаажуулсан. Гэрээнд тусгагдсанаар 2016 оны 03-р сарын 21-ний өдөр Б.Г************* 27 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан боловч Б.Г*********** нь гэрээг зөрчиж шалтгаангүйгээр ажил таслан хаяж явсан бөгөөд одоог хүртэл холбоо барилгүй зугтаж байгууллагад хохирол учруулж байна. Иймд тус компанийн захиралын 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн 18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, гэрээнд тусгагдсан хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргаж байна.
Б.Г************ нь хохирол барагдуулах гэрээний хавсралтад тусгагдсан 12.797.065 төгрөгнөөс ах аас 1.500.000 төгрөг, өөрийн хөдөлмөрийн хөлсөөр 600.000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 10.697.065 төгрөгийг Б.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Х************** ХХК-ны ********** улсын дугаартай V3 ачааны авто машин барьж байсан. 2015 оны 08-р сарын 15-ны өдөр *******ээс Завхан аймгийн ********сум руу ачаа ачаад явж байх замдаа ******* аймгийн нутаг гэдэг газар хоноод өглөө хөдөлж яваад бороо орж байсан тул урд шил цантахаар нь арчих гэж байгаад анхаарал сарниж замын хажуу руу хазайж хүнд ачаатай байсан учир машин унасан. Үүний улмаас зохих хэмжээний хохирол учруулсан. Тус компани 10.697.065 төгрөг нэхэмжилж төлөхийг шаардсанд гомдолтой байна. Учир нь: Тухайн үед машины даац хэтэрсэн байсан учраас аргагүй байдал хүрч унагасан. Машин унасан даруйд нь хамт явж байсан жолооч компанийн захирал Б.С********** мэдэгдсэн. Тухайн үед манай аав, ээж, дүү нар Улаанбаатар хотоос Завхан аймаг руу буцаж явж байхад нь Чулуутын гүүрэн дээрээс буцааж дуудсан. Аав, ээж, дүү нартайгаа ачааг буулгаж машинаа босгосон. Маргааш өглөө нь захирал Б.С*********** эхнэрийн хамт ирж, бид ярилцаад унагасан машиндаа ачааг ачаад цааш явах гэтэл хориглож аймгаас хөлсний машин дуудсан бөгөөд уг машин нь маргааш өглөө нь ирж ачааг ачсан бөгөөд ачаа багтахгүй байсан тул замын хүнээс машиных нь чиргүүлийг авч, үлдсэн ачааг араас ирсэн машинд ачсан. Уг хөлсөлсөн чиргүүлтэй машины хөлс болон нийт зардал 2.800.000 төгрөгийг надад бичсэн. Тухайн үед ослын дараа даатгалыг компанийн зүгээс хөөцөлдөж өгөөгүй. Тэгээд цааш Улаанбаатар хот руу эвдэрч гэмтсэн вакум цонх, модон хаалга зэргийг ачих, хот руу явсан түлшээ өөрөө хийж явсан. Улаанбаатарт эвдэрсэн хаалга, цонхны материал байдаггүй тул ихэнх цонх буцаагдсан. 10 ширхэг цонх засварлагдсан. Үлдсэн 17 цонх, 3 хаалгыг хаясан. Хотод машинаа Ветьнам завсарт засуул гэхээр нь засварын газар олоод засуулж байхад захирал Б.С********* ирээд яаралтай ******* яв гээд засарын газарт 1.900.000 төгрөг өгөөд намайг ******* рүү явуулсан. *******эд очоод муу засварласан байна гээд дахин засварт өгсөн. Үүний зардал нь 1.288.000 төгрөг болсон. *******ээс сумруу явах замдаа Улаанбаатар хотод орж иртэл өөр жолоочоор машинаа бариулна гээд машинаа авсан. Чиний хурим найр дөхөж байгаа учир чи харьж бай гээд зардлыг чинь шилжүүлнэ гэсэн боловч өгөөгүй. Тэгээд би дүүгээсээ мөнгө авч гэртээ ирсэн. 2016 оны 04-р сарын 01-нээс 12797 мянган төгрөгийн хохирол барагдуул гэсэн. Тухайн үед төлөх боломжгүй байсан учир манай компанид ажиллаж цалингаасаа суутгуулах журмаар төл гэсэн тус компанид миний төрсөн ах ажилладаг байсан юм. Түүнийг чи дүүгээ оруулаа биз дээ, чи хамт төлөлц гээд сард цалингаасаа 500.000 төгрөг суутгуулж нийт 1500.000 төгрөг төлсөн. Би тус компанид 04-р сарын 01-нээс 06-р сарын 01-н хүртэл ажиллаж 600.000 төгрөг төлсөн. Уг компанид ажиллах нөхцөл хүнд учир цаг нар, амралт байхгүй, өглөө 09 цагаас орой 21 цаг хүртэл ажилладаг, сард нэг л удаа амардаг байсан. Тэр ачааллыг миний бие даахгүй, бөөр, нуруу, гар өвдөөд хүнд ажил хийж чадахгүйн улмаас уг ажлыг орхисон. Би энхэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр эрхэлсэн ажилгүй, надад өөр ажил олдохгүй байгаа тул компаниас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч Х*********** ХХК-ны захирал Б.С************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 шүүх хуралдаанаас өмнө ярилцаж тохиролцлоо. Би 10.679.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжилсэн мөнгөнөөс 2.679.065 төгрөгийг хасч 8.000.000 төгрөг гаргуулахаар тохиролцсон. Уг нь Г******** бид хоёр нэг нутаг усны хүмүүс юм. Тэгээд Г************ын амьдрал ахуй, нөхцөл байдлыг нь харгалзаад 8.000.000 төгрөг авахаар боллоо. Уг мөнгийг 2016 оны 10 сараас эхлэн сард 200.000 төгрөгөөр хийхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Г********** шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Сая бид хоёр ярилцаад 8.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Сард 200.000 төгрөг хийгээд явах саналтай байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*********** ХХК нь Б.Г************* холбогдуулж гэм хорын хохирол 10.697.065 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 8.000.000 төгрөгөөр тогтон эвлэрсэн болох нь зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хоорондын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х**************** ХХК, хариуцагч Б.Г********** нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож 8.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 200.000 төгрөг өгч байхаар эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186103 төгрөгнөөс 71475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 71475төгрөг, хариуцагч Б.Г************с 71475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллага болох Х*********** ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ
ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ
Л.ЭХЛЭЛТ