| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0306/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/310 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/310
2019 10 29 2019/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Баяр,
хохирогч Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц.Дд холбогдох эрүүгийн 1934005640333 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Төв чандмань ДЭХГ-т сантехникч засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймаг, Зуунмод сум, Баянхошуу 3 дугаар баг 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овги
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Д нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт асфальтан зам дээр 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 57-02 ТӨҮ улсын дугаартай тоёота селика маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Х.Уламбаярын улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д:
“...19 цаг өнгөрч байхад мотоциклтой хүнийг гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийх гэж байгаад зогсож амжаагүй осол гаргасан. Баруун гар тийшээ эргэх гэж бодоод гүйцэт түрүүлэх гэтэл зүүн гар тийшээ эргэсэн...”
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Отгонбаяр:
...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хашаагаа цэвэрлэж байсан. Х.Уламбаяр манайд ирээд 2, 3 хоногоос ажиллана шүү гэсэн. Оройхондоо бид хоёр наашаа туслах зам руу орох гэж байгаад ийм явдал болсон... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005640333 дугаартай хэрэгт хохирогч Ц.Отгонбаярын /хх-ийн 14-15 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.Отгонбаярын /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Х.Уламбаярын /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ц.Дын /хх-ийн 22-23 дугаар хуудас/, яллагдагч Ц.Дын /хх-ийн 82-87 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 019/55 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4070 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4071 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13 дугаар хуудас/, “TOYOTA CELICA” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эвдрэл хохирлын гэрэл зураг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 28-32 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын цахим иргэний үнэмлэхийн хуулбар, “DAYUN” маркийн улаан өнгийн мотоциклын эвдрэл хохирлын гэрэл зураг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-44 дүгээр хуудас/, хохирогчийн өвчний түүхийн баримтууд /хх-ийн 29-36 дугаар хуудас/, хохирогч М.Баттөмөрийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч Ц.Отгонбаярын яаралтай тусламжийн хуудас, хохирлын баримтууд, өвчний түүх, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсын хуулбарууд /хх-ийн 102-129 дүгээр хуудас/, хохирогч Ц.Отгонбаярын багийн засаг даргын тодорхойлолт, цалин олгох хүснэгт, хохирлын баримтууд /хх-ийн 131-165 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 86-101, дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт “Toyota Celica” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан “Гүйцэж түрүүлэх: Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ Уулзвар болон гарц дээр”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж Х.Уламбаярын “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, Х.Уламбаярын эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Отгонбаярын ...Би Х.Уламбаяр ахаар усны аж ахуй руу хүргүүлээд найзтайгаа уулзчихаад буцаад Баянхошууны урд талын засмал замаар явж байхад бид нарын араас цагаан өнгийн жижиг тэрэг дагаад явж байсан. Тэгээд Баянхошууны цагаан сүмийн ард байдаг засмал замаас хойш салсан туслах зам руу эргэх гээд Уламбаяр ах дохиогоо өгчхөөд эргэхэд ард явж байсан машин зүүн талаар давхар гүйцэж түрүүлж орж ирээд бид хоёрыг мөргөсөн. Тэгээд Уламбаяр ах бид хоёр газар унасан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын ...би мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй... ...миний мотоциклын урд кирло, өвдөгний хамгаалалт эвдэрсэн. Өөр гэмтэл байхгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Ц.Отгонбаярын ...бид хоёр зүүн гар тийш туслах зам руу эргэх гэж байгаад дохио өгсөн. Тэгээд зүүн тийш эргэж байхад араас орж ирээд /их өндөр хаазтай/ манай мотоциклыг мөргөсөн. Миний санаж байгаагаар мотоциклын зүүн талаас мөргөсөн. Газар унахад зүүн хөл маань эвгүй болчихсон, хөдөлгөж болохгүй байсан... ...Улаан өнгийн “Dayun” маркийн мотоциклтой явж байсан. Мотоциклыг Уламбаяр ах барьж явсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Х.Уламбаярын ...бид хоёр Баянхошууны урд талын замаар явж байхад манай араас цагаан өнгийн жижиг машин явж байсан. Би Баянхошууны цагаан сүмийн ард талын зам дээр явж байгаад туслах зам руу дохио өгөөд эргэхэд миний ард явж байсан цагаан машин зүүн талаас орж ирээд Отгонбаярын хөл рүү мөргөөд бид хоёр мотоциклоосоо унасан. Тэгээд цагаан машины жолооч бууж ирээд бид хоёрын биеийг асуугаад түргэн, цагдаа руу дуудлага өгсөн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Ц.Дын ...Баянхошууны засмал зам руу ороод явж байхад миний урд талд улаан өнгийн мотоцикл дээр хоёр эрэгтэй суучихсан явж байсан. Тэр хоёр Баянхошууны цагаан сүмийн ард ирээд удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхлэхэд тэр мотоцикл дохиогоо өгөөд зүүр гар тийш эргэсэн. Тэгээд би машинаа зогсоож амжилгүй тэр хоёрыг мөргөсөн... ...ард талд нь сууж явсан залуугийн хөл нь хугарчихсан байхаар нь би эхлээд эмнэлэг дуудаад дараа нь цагдаа руу дуудлага өгсөн... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Дын ...Баянхошууны засмал зам руу ороод явж байхад миний урд талд улаан өнгийн мотоцикл дээр хоёр эрэгтэй суучихсан явж байсан. Тэр хоёр Баянхошууны цагаан сүмийн ард ирээд удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхлэхэд тэр мотоцикл эхлээд баруун гар тийш дохио өгчхөөд, гэнэт зүүн гар тийш дохио өгөөд миний урдуур орсон. Тэгээд би машинаа зогсоож амжилгүй тэр хоёрыг мөргөчихсөн. Тэгсэн тэр хоёр замын хажуу руу мотоциклтойгоо унасан... /хх-ийн 82-87 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 019/55 дугаартай ...“TOYOTA CELICA” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 689.000 /зургаан зуун наян есөн мянга/ төгрөгийн хохирол учирсан... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ...“DAYUN” маркийн улаан өнгийн мотоциклд 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай ...Х.Уламбаярын биед зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай ...Ц.Отгонбаярын биед зүүн шилбэ, нарийн шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх, зүүн шилбэ, зүүн тавхайд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4070 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Х.Уламбаяр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4071 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Ц.Д” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай ...“TOYOTA CELICA” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.4, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13 дугаар хуудас/, “TOYOTA CELICA” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эвдрэл хохирлын гэрэл зураг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 28-32 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын цахим иргэний үнэмлэхийн хуулбар, “DAYUN” маркийн улаан өнгийн мотоциклын эвдрэл хохирлын гэрэл зураг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-44 дүгээр хуудас/, хохирогчийн өвчний түүхийн баримтууд /хх-ийн 29-36 дугаар хуудас/, хохирогч М.Баттөмөрийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч Ц.Отгонбаярын яаралтай тусламжийн хуудас, хохирлын баримтууд, өвчний түүх, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсын хуулбарууд /хх-ийн 102-129 дүгээр хуудас/, хохирогч Ц.Отгонбаярын багийн засаг даргын тодорхойлолт, цалин олгох хүснэгт, хохирлын баримтууд /хх-ийн 131-165 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 86-101, дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Дын “Toyota Celica” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж Х.Уламбаярын “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гүйцэж түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, мөн хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоогоогүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч урдаа явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Д замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Дын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Отгонбаяр нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 1.265.526 /нэг сая хоёр зуун жаран таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийн, ажилгүй байсан хугацааны цалин /олох ёстой орлого/ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн баримт гаргаж өгсөн ба дээрх 1.265.526 /нэг сая хоёр зуун жаран таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эм тарианы 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, компьютерт томографикийн үнэ 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг, бензин шатахуун болон бусад зардлын 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, хагалгаа, ор хоногийн 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг, бүгд 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийн баримтыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Үүнээс хохирогч Ц.Отгонбаярын хагалгаа, ор хоног, хадаасны зардалд нийт 507.960 /таван зуун долоон мянга есөн зуун жар/ төгрөгийн төлбөр гарснаас эрүүл мэндийн даатгалаас 457.164 /дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг төлсөн ба хохирогч өөрөө үлдэх 50.796 /тавин мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг төлсөн боловч шүүгдэгч нь хохирогчийн хагалгаа, ор хоног, хадаасны нийт төлөх ёстой 507.960 /таван зуун долоон мянга есөн зуун жар/ төгрөгөөс эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн 457.164 /дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг хохирогчийн өөрийнх нь төлсөн үлдэх 50.796 /тавин мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хамт нийт 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг болгон төлсөн бөгөөд бүгд 940.600 /есөн зуун дөчин мянга зургаан зуу/ төгрөг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Ц.Дыг хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хамааралгүй 275.526 /хоёр зуун далан таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
харин хохирогчийн нэхэмжилсэн 7, 8, 9, 10 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны цалин /олох ёстой байсан орлого/ болох 6.000.000 /зурган сая/ төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу, ойлгомжгүй байгаа тул,
мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар дээрх ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг хэлэлцэх боломжгүй гэж үзэн энэ талаарх баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Х.Уламбаярын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан ба “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ...“DAYUN” маркийн улаан өнгийн мотоцикльд эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирлыг нөхөх төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн байх тул хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо хангасан баримтын хүрээнд төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ц.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Отгонбаярт 940.400 /есөн зуун дөчин мянга, дөрвөн зуу/ төгрөг төлснийг, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Дын жолоочийн 906244 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөн “Тoyota Celica” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02111668 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч НЮ85070874 дугаарын регистртэй, Б овгийн Ц.Дд буцаан олгохыг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.Дыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Дд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Д нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн шүүхээс 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ц.Отгонбаярт 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөг төлснийг, иргэний нэхэмжлэгч Х.Уламбаяр нь шүүгдэгч Ц.Дд гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Дын жолоочийн 906244 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,
“Тoyota Celica” маркийн 57-02 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02111668 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч НЮ85070874 дугаарын регистртэй, Б овгийн Ц.Дд буцаан олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
7. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч НЮ85070874 дугаарын регистртэй, Б овгийн Ц.Даас 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч НЦ64120410 дугаарын регистртэй, Гөрөөчид овгийн Хоролсүрэнгийн Уламбаярт олгосугай.
8. Хохирогч НЭ87030175 дугаарын регистртэй, Харгачин овгийн Цэгмидийн Отгонбат нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН