Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 910

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гөд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _  дугаарын регистртэй, Г.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын урд талын авто зогсоол дээр байсан иргэн Б.Ны эзэмшлийн 74-84 УБН улсын дугаартай Тоёота “Харьер” маркийн автомашины 2 ширхэг толийг хугалж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Гийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 06 цагийн орчимд би хамт ажилладаг Атэй хамт хороололд караокед архи ууж байгаад тэндээсээ гараад караокены үүднээс салаад явсан. Би ганцаараа Номингоор хойш өгсөөд Энхбаярын замаар явж байсан. Тэгэхэд цаг 08 цаг орчим болж байсан. Тэгээд азмаар өгсөөд явж байхад үл таних 3 залуучуудтай тааралдсан. Тэгээд муудалцсан бөгөөд тэр 3 залуу намайг зодчихоод яваад өгсөн. Тэгээд би босж ирээд зодуулсан уурандаа замын баруун талд зогсоолд зогсож байсан бараан өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын ухрахын толийг цохиж хугалсан бөгөөд харин урд талын эвэр толь, дээд баганыг эвдэлснээ санахгүй байгаа. Тэгээд удаагүй байж байхад машины эзэн нь хүрч ирээд намайг бариад авсан бөгөөд шууд цагдаа дуудаж намайг өгсөн.

Би бусдад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ны өгсөн:

“...Би 2019оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ТААЦ дэлгүүрийн урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 74-84 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22 цагийн орчимд байрлуулсан. Ингээд өглөө намайг унтаж байхад 07 цагийн орчимд үл таних эмэгтэй хүн залгаад машины чинь эд ангийг согтуу хүн эвдэлчихлээ гэж хэлсэн. Ингээд би машин дээрээ гараад очиход үл таних эрэгтэй хүн миний машины зүүн талын толь, эвэр толь, зүүн зүүн хаалганы дээд хэсэгт байх баганыг дээрээс нь цохиод эмтэлсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирлыг барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Оын өгсөн:

“...Тухайн өдөр намайг ТААЦ дэлгүүрээ нээж байтал 09 цагийн орчимд миний дэлгүүрийн гадна урд талын зам дээр үл таних 30 гаран насны залуу хэсэг залуучуудтай маргалдаж байсан. Тэгээд маргалдаж байсан залуучууд нь цаашаа яваад өгсөн бөгөөд харин нөгөө үл таних залуу манай дэлгүүрээс урагш 20-30 метрийн зайд зогсоолд байсан бараан өнгийн жийп машины хамар дээр байсан толь, зүүн талын толь зэргийг хугалж, зүүн дээд хэсгийг нь гараараа цохиод байсан. Тэр залуу цаашаа яваад өгөхөөр нь би машин дээр очоод эзнийх нь дугаарыг хараад эзнийг нь дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

- хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/,  

- хохирогч Б.Ны “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 31/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын урд талын авто зогсоол дээр байсан иргэн Б.Ны эзэмшлийн 74-84 УБН улсын дугаартай Тоёота “Харьер” маркийн автомашины 2 ширхэг толийг хугалж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Гийн “...би босч ирээд зодуулсан уурандаа замын баруун талд зогсоолд зогсож байсан бараан өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын ухрахын толийг цохиж хугалсан ...Би бусдад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Ны “...намайг унтаж байхад 07 цагийн орчимд үл таних эмэгтэй хүн залгаад машины чинь эд ангийг согтуу хүн эвдэлчихлээ гэж хэлсэн. Ингээд би машин дээрээ гараад очиход үл таних эрэгтэй хүнминий машины зүүн талын толь, эвэр толь, зүүн зүүн хаалганы дээд хэсэгт байх баганыг дээрээс нь цохиод эмтэлсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Оын “...дэлгүүрээ нээж байтал 09 цагийн орчимд миний дэлгүүрийн гадна урд талын зам дээр үл таних 30 гаран насны залуу хэсэг залуучуудтай маргалдаж байсан. Тэгээд маргалдаж байсан залуучууд нь цаашаа яваад өгсөн бөгөөд харин нөгөө үл таних залуу манай дэлгүүрээс урагш 20-30 метрийн зайд зогсоолд байсан бараан өнгийн жийп машины хамар дээр байсан толь, зүүн талын толь зэргийг хугалж, зүүн дээд хэсгийг нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 635.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Ны “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирлыг барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 8/, “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 31/ зэргийг үндэслэн шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Гөд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ