| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0312/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/316 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/316
2019 10 31 2019/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 1934007850394 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баян цемент” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Баянцагаан сум, Зогсоол 5 дугаар баг, Зүлэгтийн 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Баянцагаан сумын Зогсоол 5 дугаар багийн нутагт буюу төвд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Х.Насанбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934007850394 дугаартай хэрэгт хохирогч Х.Насанбат /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/, гэрч Э.Оргил /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Х.Насанбат /хх-ийн 13-14 дугаар хуудас/, гэрч С.Уугантуяа /хх-ийн 17 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Б.Б /хх-ийн 29-30 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 664 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.Насанбатын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Х.Насанбатын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ийнхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-39, 41 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Зогсоол 5 дугаар багийн нутагт буюу төвд иргэн Х.Насанбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Х.Насанбатын ...миний зүгээс болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Э.Оргилын ...бензин авах гээд колонк дээр байж байтал Насанбаттай муудсан юм шиг байгаа юм. Яг юу яриад муудалцаад цохилцсоныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би нилээд согтуу байсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Х.Насанбатын ...би харих гэж яваад буцаж Мөөгий эгчийн гэрт иртэл Оргил, Б.Б гэх сумын төвийн залуучууд таараад би тоглоомоор Бат-Эрдэнийн далан дээр цохиод барилдах гээд зууралдсан юм. Тэгтэл Б.Б гэнэт уурлаад миний нүүр рүү өшиглөтөл миний уруулаас цус асгарчихсан. Тэгээд миний уруулаас цус гоожоод тогтохгүй байхаар нь эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан... /хх-ийн 13-14 дугаар хуудас/,
гэрч С.Уугантуяагийн ...Насанбатыг үзэх гэтэл Насанбатын амнаас цус гарсан байдалтай, өөр нүдэнд ил харагдах шарх, шалбархай байхгүй сууж байв. Тэгээд юу болсон талаар асууж тодруулахад Насанбат “мотоциклоос оочсон” гэж хэлсэн. Тэгээд би сувилагч Октябрийн хамт уруулд нь хэсэг газарт өвдөлт намдаах “Лидокаин” гэх тариаг хийж уруулд 3 оёдол тавьж булчинд анальгин, демдрол гэх тариаг хийж гэр рүү буцаан явуулсан... ...Насанбат уруулын шархнаас гадна зүүн талын хацарт урагдаж халцарсан, бага зэргийн хавдартай байсан ба уруулын дээгүүр дэрсэнд урагдсан шиг жижиг халцархай бий болсон байсан.. /хх-ийн 17 дугаар хуудас/,
шинжээч Э.Эрхэмбаярын ...Х.Насанбатын биед учирсан уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацарт уирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч Б.Б-ийн...Насанбат, Оргилтой маргалдаад байх шиг байсан. Тэгээд би боль хүүхдүүд биш дээ гөлөгнүүд чинь гээд хэлсэн чинь чи одоо юу гээд байгаа юм бэ, гэж хэлээд миний дух руу гараа раа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би баруун талынх нь мөр рүү гараа раа нэг удаа цохиод хөлөө рөө нүүр рүү нь нэг удаа өшиглөчихсөн. Тэгээд амнаас нь цус гараад хэсэг хэвтэж байснаа би дүүдээ хэлнэ гээд яваад өгсөн... /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 664 дугаартай ...Х.Насанбатын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.Насанбатын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Х.Насанбатын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ийнхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-39, 41 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1934007850394 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Х.Насанбат нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б-ийн иргэн Х.Насанбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг цохиж, зодож байгаа өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл учирсан хөнгөн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Насанбатын эрүүл мэндэд биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Х.Насанбат нь, шүүгдэгч Б.Б-эс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 8-9, 10 дугаар хуудсанд авагдсан Х.Насанбатын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хавтас хэргийн 40-41 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Х.Насанбат нь шүүгдэгч Б.Бд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Б.Б-ийг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Х.Насанбат нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН