| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00396/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 396
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. Би 1984 оны 11 сарын 15-наас 1995 оны 12 сарын 31-нийг хүртэл Завхан аймаг дахь Мах боловсруулах үйлдвэрт ачигч, эхлэн боловсруулах цехэд нормчин зэрэг ажлуудыг хийж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул аймгийн архивын тасгаас өөрийн ажиллаж байсан талаар холбогдох баримтуудыг гаргуулж авсан юм.
Иймд намайг 1984 оны 11 сарын 15-наас 1995 оны 12 сарын 31-нийг хүртэл Завхан аймаг дахь Мах боловсруулах үйлдвэрт ачигч, эхлэн боловсруулах цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1984 оны 11-р сарын 15-наас 1995 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймаг дахь Мах боловсруулах үйлдвэрт ачигч, эхлэн боловсруулах цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.******* 1984 оны 11 сарын 15-ны өдөр Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрт ажилд орсон болох нь тус үйлдвэрийн даргын 1984 оны 11-р сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай 87 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Харин 1995 оны 12-р сарын 31-н хүртэл тус үйлдвэрт ажилласан гэх боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна.
Гэвч нэхэмжлэгч Д.******* 1995 оны 12 сарын 31-нийг хүртэл Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрт ачигч, эхлэн боловсруулах цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 11-р сарын 03-ны өдрийн 127 дугаартай Уралдаан дүгнэх, шагналт цалин олгох тухай, 1987 оны 12-р сарын 10-ны өдрийн 145 дугаартай Цех хэсгүүдийн сарын социалист цралдаан дүгнэх, үр дүнгийн болон болзолт уралдааны шагнал олгох тухай, 1988 оны 02-р сарын 27-ны өдрийн21 дугаартай Жилийн үйлдвэрлэлийн үр дүнгийн шагналт цалин олгох тухай, мөн үйлдвэрийн даргын 1989 оны 04-р сарын 15-ны өдрийн 23 дугаартай Цех хэсгүүдийн 3 сарын социалист уралдаан дүгнэх, үр дүнгийн шагнал олгох тухай, 1990 оны 12-р сарын 05-ны өдрийн 86 дугаартай Шагнах тухай, 1991 оны 04-р сарын 20-ны өдрийн 33 дугаартай Нэмэгдэл амралт олгох, ажилд түр томилох тухай, 1993 оны 06-р сарын 01-ний өдрийн 49 дугаартай Хүүхдийн баяраар бэлэг олгох тухай, 1994 оны 02-р сарын 09-ний өдрийн 21 дугаартай Түр чөлөө олгох тухай тушаалуудад нэхэмжлэгчийн нэр бичигдсэн байдал нь тухайн үед ажиллаж байсан гэж үзэхээр байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч П.*******ын ... Би 1985 онд цэргээс халагдаж ирээд мах боловсруулах үйлдвэрт ажилд орсон. Намайг 1985 онд ажилд ороход ******* хуучин ажиллаж байсан. 1984 онд орсон гэж байсан. Бид нар 10 гаруй жил хамт ажилласан. Бид хоёр нэг цех дээр гарч ажилладаг байсан. Тэгээд манай мах боловсруулах цех ******* компаний мэдэлд 1995 он байна уу, 1996 онд байна уу очиход ажиллагсад нь хамт ажиллаж байгаад 2003 онд татан буугдсан. Би 2003 он хүртэл ажилласан. ******* 2000 он хүртэл ажилласан. Бид нар тус үйлдвэрийн нядалгааны цех буюу эхлэн боловсруулах цехэд нормын ажил хийдэг байсан. Мөн улирлын чанартай ажил ч хийдэг байсан... гэсэн,
гэрч Ц.*******ийн ... Би 1985 онд Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд ажилд ороход ******* энэ цехэд орчихсон нормын ажил хийдэг байсан. Нормын ажил гэдэг маань өвөлд нь малын арьс хуулах, хавар болохоор мал туух, ноос, ноолуур пэрэслэх гээд хийхгүй ажил гэж байдаггүй байсан. 4-н улирал тутам ажилладаг байсан. ******* надаас өмнө 1984 онд орсон гэж ярьдаг байсан. Тэр үед мах боловсруулах үйлдэврийн даргаар нь ******* дарга байсан. Бид нар 1995 он хүртэл хамт ажилласан. 1995 онд мах боловсруулах үйлдвэрийг ******* компани худалдан аваад тэнд бас хэдэн сар ажиллаад би гарсан. Тэр үед нядалгаа 8-р сараас эхлээд он дуусгаад 1 сар хүртэл явагддаг байсан. Д.******* ажилд их сайн. Тэргүүний ажилтан болж байсан санагдаад байна. Зураг нь самбарт тавигдаж байсан. 1988 онд ******* мал тууж Чүлтэм, Эрдэнэбилэг хоёртой хамт явдаг байсан. Би бас адуу тууж Сонгино, Цэцэн-Уулаас адуу авчирч байсан... гэсэн,
гэрч Д.*******ийн ...Би 1987 онд цэрэгт явчихаад 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгэхэд 2 жилийн хугацаатай цэргийн алба хаадаг байсан. Тэгээд би цэргээс халагдаж ирээд Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд орж ажилласан. Тэгэхэд ******* гуай тэнд эхлэн боловсруулах цехэд гар урлах дамжлага дээр ажилладаг байсан. Бог, бодын арьс хуулах ажил хийж байсан. ******* гуай өөрөө ярихдаа 1984 оноос эхлэн ажиллаж байгаа гэдэг байсан. Бид нар мах комбинатыг ******* компани болох хүртэл ажилласан. Тэгсэн мөртлөө бид нар одоо нэг ч баримтгүй болцгоосон. Бид нар өвөл нь малаа нядалчихаад зунд нь янз янзын ажил хийдэг байсан. Тэгээд нэг удаа Цагаанчулуут суманд ноос пэрэслэж байгаад ******* хуруугаа авч байсан. Дандаа л нормын ажил хийдэг байсан. Д.******* ажлаа маш сайн хийдэг. Манай тэргүүний ажилтан байсан. Дандаа 5-н жилийн гавшгайч, аврагаар шалгарч шагнуулдаг байсан. *******д шагналын баримтууд байх ёстой. Хүний үгнээс гардаггүй их сайн хүн байсан. Намайг ажилд ороход үйлдвэрийн дарга ******* байсан. Дараа нь *******, тэгээд *******, ******* байж байгаад ******* компани болсон.1995, 1996 онд мах боловсруулах үйлдвэр маань тэгш компани болоход бид ажиллаж байсан. 2000 он хүртэл хамт ажилласан. Би 1989 оноос эхлэн ажлаас гарах хүртэл *******тэй хамт ажиллаж байсан. Энэ үеийн түүхийг бол мэднэ... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.*******г 1984 оны 11 дүгээр сарын 15-наас 1995 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрт ачигч, нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн 994 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ