Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 911

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Ц.Батзориг,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Цд холбогдох эрүүгийн ____тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ц.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10-13 цагийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/2 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу иргэн Д.Б-ийн зүүн гуя хэсэгт 2 удаа хутгаар зүсэж, зүүн гуянд шарх гэмтэл, иргэн Ц.Б-ын бугалга, гуя хэсэгт хутгаар зүсэж, бугалга, гуяны шарх гэмтэл тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ:

“...Надаас хэдэн төгрөг авчихаад өгөлгүй удсан. Тэгээд би согтуу байхдаа хэрэлдэж цохисон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Цын өгсөн:

“...Надад хүлээлгэж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй, одоо маш их харамсаж байна. Миний хувьд хохирогч Д.Б-, Ц.Б- нартай сайн дураараа эвлэрсэн. Бид нарын хооронд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 94-95/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 11:00 цагийн үед эрүүлжүүлэх байрнаас гараад Баянгол дүүргийн 2-р хороо барилгын 7-н байр орох гээд ТБД андуудын чанх ард байдаг нэрийг нь мэдэхгүй байна нэг дээд сургуулийн хашаанд явж байтал барилгын 7-н байранд амьдарч байгаад нүүсэн гэх Ц болон барилгын 7-н байранд амьдардаг Б нартай таарсан. Тэгээд бид гурав мөнгөө нийлүүлэн дэлгүүрээс Монгол стандарт гээд нэртэй 750 граммын архи авсан. Анх Б, Ц нартай таарсан дээд сургуулийн хашаанд хувааж уусан. Тэгээд бид гурав архиа хуваан ууж дуусгаад барилгын 7/2 дугаар байрны 2 дугаар орцны гадна юм яриад сууж байтал, хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй надтай анх барилга дээр миний ажилд заах арга зүйн багшаар ажиллаж байсан бөгөөд би өөрөө багш гэж дууддаг Ц бид гурав дээр  ирсэн. Тэгээд бид дөрөв зүгээр юм яриад зогсож байтал багш /Ц/ надад урд нь авч өгч байсан архины мөнгөө өсгөөд чиний өр 60000 төгрөг байгаа энэ өрөө хэзээ өгөх гээд байгаа юм гээд нэхэхээр нь би өрөө өгдөг биздээ, өгнө шүү дээ  гэж хэлсэн чинь багш аль халааснаасаа билээ саарал өнгөтэй, эвхэгддэг, тонгорго аятай хутга гаргаад ирсэн. Тэр үед би уусан архиныхаа халуунд багшруу чаддаг юм бол миний зүрхэнд хатгачих гэж хэлсэн чинь юу болсон юм мэдэхгүй багш гартаа барьсан хутгаар миний зүүн гуяруу 2удаа хатгасан. Тэр үед би өөрийгөө хутгалуулснаа мэдээд шууд тэндээсээ зугтаасан бөгөөд намайг явах гэж байхад Б надад такси бариад гэмтэл яв гээд 5000 төгрөг өгч байсан. Тэгээд би явсан. Харин намайг явсан хойно Б, Ц нар үлдсэн. Тэгээд би багшид хутгалуулсан газраасаа гэмтэл ороод хөлөндөө эмчилгээ хийлгээд явж байхад миний араас гэмтэл дээр Б бас зүүн гар болон гуяндаа хутгалуулчихлаа гээд түргэний тэргээр ирж байсан. Тэр үед би яг юу болсон талаар асуутал Б чамайг явснаас хойно би яагаад ингэж байгаа талаар асуугаад жоохон маргатал Ц намайг бас хутгалчихлаа гэж байсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-ын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө манай эхнэр намайг гэрээсээ гараад хэрэггүй шүү гээд 0,33 литрийн Стандарт нэртэй архи авч өгөөд явсан. Тэр үед энхэрийнхээ үлдээсэн архийг ганцаараа уучихаад гэрээс 09:00 цаг өнгөрч байхад дэлгүүр орохоор гарсан. Тэгээд гэрээсээ гараад явж байтал Ц таараад бид хоёр дэлгүүр орон архи авах гээд явж байхад Б эрүүлжүүлэхээс гарч ирлээ гээд тааралдсан. Тэгээд бид гурав дэлгүүр орж 750 граммын Стандарт нэртэй архи аваад андуудын ард байдаг сургуулийн хашаанд орж уучихаад Барилгын 7/2 дугаар байрны 2-р орцны үүдэнд суун юм яриад байж байтал Ц хаанаас ч билээ жоохон юм уучихсан гарч ирэн. Тэгээд Ц бид нар дээр ирээд Та нар одоо өрөө өгч чадахгүй байж, архи уугаад байх юм гээд маргаан эхлүүлсэн. Тэр үед Б, Цд юун сүртэй юм тэр өрийг чинь өгнө шдээ гэж хэлээд маргах үед нь би салгах гээд та хоёр болилдоо гэж хэлээд дундуур нь орох гэтэл Ц хаанаас ч нэг жижигхэн эвхэгддэг тонгоргоор эхлээд Бийн зүүн гуянд нь хатгачихсан. Тэр үед тэр үед Б хөлнөөсөө гарсан цусаа гоожуулаад явах гэхээр нь би эхнэрийн үлдээсэн мөнгөнөөс 5000 төгрөг өгсөн чинь Б аваад явсан. Харин тэр үед Ц намайг маргааныг салгах гэж байна гэж ойлголгүй өөрийг нь зодох гэж байна гэж ойлгоод миний зүүн гуя орчим гартаа барьсан хутгаараа нэг удаа хатгаад, дараа нь миний зүүн гарны булчин орчим дахин нэг удаа хатгасан. Тэгээд Ц яваад өгсөн. Тэр үед Ц юу болоод байгааг ойлгохгүй байж байтал Цын эхнэр гарч ирээд түргэн дуудаж намайг үзүүлсэн.Тэгээд түргэн ирж намайг үзэж байгаад гэмтэл явах шаардлагатай гээд авч явсан. Тэгээд би гэмтэлийн эмнэлэг дээр явж байтал Б бас хутгалуулсан шархаа үзүүлээд явж байсан бөгөөд бид хоёр хамтдаа шархаа үзүүлээд манай охиноор хүргүүлсэн.

Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Цгийн өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр 12:30 минутын үед Баянгол дүүргийн 2-р хороо барилгын 7-ийн 2 дугаар байрны гадна үйлчлэгчийнхээ ажлыг хийгээд хог хаях гээд 2 дугаар орцны орчимд явж байхад 2 дугаар орцны үүдэнд Ц, Б, Ц, Боо нар маргалдсан шинжгүй сууж байсан. Тэгээд хогоо хаячихаад байрны ард нарийн гудамжинд Цтой таарахад намайг цагдаа дуудаж магадгүй ах нь зугтлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би байр руу явж байтал Боо намайг дуудаад Ц намайг хутгалчихлаа цагдаа дуудаж хэрэггүй гомдолгүй гээд тэр хоёр хэлсэн. Тэгэхээр нь би Цын ар гэрийнхэнд нь орж танай нөхөр Боо, Ц нарыг хутгалсан байна гэж хэлсэн тэгтэл эхнэр нь гарч ирээд эмнэлэг дуудаад түргэн удахгүй хүрч ирээд Боог аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цын өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10:00 цагийн үед эмнэлэгт үзүүлэх гээд гэрээсээ гарсан. Тэгээд би барилгын 7/2 дугаар байр орчим явж байтал Ц, Б, Б гурав нэг шил архи хуваан уугаад сууж байсан. Тэгээд би тэр гуравтай мэндлээд ууж байсан архинаас нь нэг хундага татчихаад охиноо хүлээхээр урагшаа явсан. Тэгээд 7/2 дугаар байрны урд сууж байтал ард цагдаа нар ирэхээр нь гайхаад яваад очтол Бын зүүн мөр орчмоос цус гарчихсан байж байсан бөгөөд 103 ирээд аваад явсан. Тэгээд цагдаа болон түргэний машин нар яваад өгсөн. Би тэр хавиар явж байтал Б гэмтлийн эмнэлэгт гарандаа оёдол тавиулчихаад ирлээ гээд ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад Б надад хэлэхдээ би зүүн гараа зүгээр юманд зүсчихлээ гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Нгийн өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ний өглөө манай нөхөр Ц.Цд гэрээсээ орж, гардагаараа орж гараад л байсан юм. Тэгээд нэг орж ирэхдээ нилээн ууртай, манайд огт байдаггүй, урд нь ерөөсөө харж байгаагүй нэг жижигхэн тонгорго барьчихсан амандаа яасан гэнэ үү, уурандаа хатгачихлаа гэх зэрэг сонин юм яриад л орж ирсэн. Тэр үед манай бага охин байсан болохоор Бид хоёр нөхрийнхөө гартаа барьсан хутгийг булаацалдаж байгаад авсан чинь манай хүн уурлаад гараад явсан. Тэгээд би нөхрийнхөө араас хувцсаа өмсөөд юу болов гээд гарах гэж байтал манай байрны орцны жижүүр Ц- гаднаас орж ирээд эгчээ Ц ах гадаа хүн хутгалчихаад хойшоо хороолол чиглээд зугтаачихлаа гэхээр нь би айгаад гадагшаа гартал манай байрны 3-р орцны үүдэнд байдаг нэг сандал дээр манай тэр хавийн залуучууд болох Ц,  Б нар сууж байсан бөгөөд би яваад очтол Цын зүүн гуя орчим бага зэрэг шалбарсан, харин Бын зүүн гуя, зүүн гарны булчин орчмоос цус гарчихсан байсан. Тэр үед би айгаад өөрийнхөө гар утсыг гарган ирж орцны үүдэнд Ц-д өгч 103 руу яриулан түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэх хооронд цагдаа нар ирээд манай нөхрийг хайхаар манай охиныг аваад явсан. Тэгээд 103 ирээд Цыг үзээд гайгүй байна гээд орхисон, харин Быг яаралтай авч явах шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Б-гийн өгсөн:

“....Тэр өдөр улс даяараа амарч байсан болохоор би ажилдаа явалгүй гэртээ том өрөөндөө зурагт үзээд байж байтал манай аав гэрээсээ орж гараад л байх шиг байсан. Тэгээд нэг гарчихаад орж ирэхдээ манай аав ээжтэй маргалдаад байх шиг болохоор нь би том өрөөнөөс гараад хартал аав гартаа жижигхэн эвхэгддэг хутга барьчихсан байсан бөгөөд би тэр хутгыг н ааваас булаан аваад юу болсон талаар асуухад манай аав надад хэлэхдээ “муу сайн юмнууд дургүй хүргээд” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд би ээжийн хамтаар гэрээс гарах гэж байтал манай байрны орцны жижүүр гаднаас орж ирээд Ц ах хүн хутгалчихаад хойшоо гараад зугтаачихлаа гэхээр нь би дүүгийн хүүхдийг гэрт үлдээгээд ээжийн хамтаар гарсан чинь манай байрны гадна танихгүй хоёр ах байсан бөгөөд би хойшоогоо аавын явсан гэх зүгрүү гүйн далан дээр гараад хартал аав харагдахгүй байхаар нь би буцаад доошоо буун гэртээ орсон. Тэр хооронд ээж өөрийнхөө гар утсаар түргэн дуудсан байсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал гаднаас хоёр цагдаа ирсэн бөгөөд удалгүй манай дүү нар ирснээр би хоёр цагдаагийн хамтаар аавыг хайхаар гарсан. Тэгээд би дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн хамтаар хэлтэс дээр нь ирж машин сольж унаад эхлээд төмөр зам орчмоор хайсан боловч олдохгүй байхаар нь аавыг хорооллын эцэст байдаг төрсөн эгчийнхрүүгээ явсан байж магадгүй гэж бодоод хоёр цагдаагийн хамтаар хорооллын эцэсийн 13-р сургуулийн хажуу талд байдаг 9-н давхар улаан байрны гадна талд очтол манай аав орцноос нь гараад ирсэн. Тэгээд цагдаа нар аавыг аваад эрүүлжүүлэхэд хийсэн бөгөөд би гэртээ харьсан байгаа. Би хэрэг болсноос хойш ааваас юу болсон талаар асуухад аав тухайн үед гартаа хутга барьсан байснаа мэдэж байна гээд байсан бөгөөд тэр Б, Б, Ц нар надруу дайраад чаддаг юм бол зүрхэнд дүрчих гэх зэргээр дайраад байсан тэгээд яасан юм мэдэхгүй, тэр гурвын хэнийг нь хаана хутгаар хатгаснаа мэдэхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10782 тоот: 

  1. П.Б-н биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10782 тоот: 

  1. Ц.Б--н биед бугалга, гуяны шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 61/,

 

  - хохирогч Д.Б-, Ц.Б- нарын гаргасан “...Ц.Цтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-н 103, 104/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 88/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 10-13 цагийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/2 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу иргэн Д.Б-ийн зүүн гуя хэсэгт 2 удаа хутгаар зүсэж, зүүн гуянд шарх гэмтэл, иргэн Ц.Б-ын бугалга, гуя хэсэгт хутгаар зүсэж, бугалга, гуяны шарх гэмтэл тус тус үүсгэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Цын “...Надад хүлээлгэж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-ийн “...Ц надад урд нь авч өгч байсан архины мөнгөө өсгөөд чиний өр 60.000 төгрөг байгаа энэ өрөө хэзээ өгөх гээд байгаа юм гээд нэхэхээр нь би би өрөө өгдөг биздээ, өгнө шүү дээ гэж хэлсэн чинь багш аль халааснаасаа билээ саарал өнгөтэй, эвхэгддэг, тонгорго аятай хутга гаргаад ирсэн. Тэр үед би уусан архиныхаа халуунд багшруу чаддаг юм бол миний зүрхэнд хатгачих гэж хэлсэн чинь юу болсон юм мэдэхгүй багш гартаа барьсан хутгаар миний зүүн гуяруу 2 удаа хатгасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Б-ын “...Ц намайг маргааныг салгах гэж байна гэж ойлголгүй өөрийг нь зодох гэж байна гэж ойлгоод миний зүүн гуя орчим гартаа барьсан хутгаараа нэг удаа хатгаад, дараа нь миний зүүн гарны булчин орчим дахин нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч С.Цгийн “...байрны ард нарийн гудамжинд Цтой таарахад намайг цагдаа дуудаж магадгүй ах нь зугтлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр би байр руу явж байтал Боо намайг дуудаад Ц намайг хутгалчихлаа цагдаа дуудаж хэрэггүй гомдолгүй гээд тэр хоёр хэлсэн. Тэгэхээр нь би Цын ар гэрийнхэнд нь орж танай нөхөр Боо, Ц нарыг хутгалсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Д.Цын “...7/2 дугаар байрны урд сууж байтал ард цагдаа нар ирэхээр нь гайхаад яваад очтол Бын зүүн мөр орчмоос цус гарчихсан байж байсан бөгөөд 103 ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Нгийн “...Бид хоёр нөхрийнхөө гартаа барьсан хутгийг булаацалдаж байгаад авсан чинь манай хүн уурлаад гараад явсан. Тэгээд би нөхрийнхөө араас хувцсаа өмсөөд юу болов гээд гарах гэж байтал манай байрны орцны жижүүр Ц- гаднаас орж ирээд эгчээ Ц ах гадаа хүн хутгалчихаад хойшоо хороолол чиглээд зугтаачихлаа гэхээр нь би айгаад гадагшаа гартал манай байрны 3-р орцны үүдэнд байдаг нэг сандал дээр манай тэр хавийн залуучууд болох Ц, Б нар сууж байсан бөгөөд би яваад очтол Цын зүүн гуя орчим бага зэрэг шалбарсан, харин Бын зүүн гуя, зүүн гарны булчин орчмоос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Б-гийн “...аав тухайн үед гартаа хутга барьсан байснаа мэдэж байна гээд байсан бөгөөд тэр Б, Б, Ц нар надруу дайраад чаддаг юм бол зүрхэнд дүрчих гэх зэргээр дайраад байсан тэгээд яасан юм мэдэхгүй, тэр гурвын хэнийг нь хаана хутгаар хатгаснаа мэдэхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10782 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10782 тоот зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Цыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Б-, Ц.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Д.Б-ийн “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 103/, хохирогч Ц.Б-ын “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 104/ зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Цд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Цыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэн болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 20 см урттай, үүнээс ажлын хэсэг нь 8.5 см урт, бариул хэсэг нь 11.5 см урт эвхэгддэг, шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ