| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2524000020020 |
| Дугаар | 2025/ХШТ/102 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ХШТ/102
Н.О-т
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М, хохирогч С.А, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр магадлалтай Н.О-т холбогдох эрүүгийн 2524000020020 дугаартай хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр З аймгийн Б суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “С” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Алтан-Өлгийн **-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Н-ын О /РД:********/.
Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө З аймгийн Т сумын А багийн нутаг “Ц” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А-ын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.О-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.О-ээс 11,942,981 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэжээ.
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийн 1 жил 06 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Б хяналтын шатны шүүхэд бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Магадлалыг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ыг зодож, санаатай хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл эргэлзээтэй байх тул” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэн дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ын хохирогчоор өгсөн “...Б ахын гэрийн гадаа гараад явах гэж байснаа санаж байгаа тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ортол Н.О ирээд миний гэдэсний зүүн хэсэгт хутгалчихаад явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.О-ийн яллагдагчаар өгсөн “...Би Б гэдэг айлд ороод галын хажууд суугаад дулаацаад нэлээн согтсон, цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд гадаа гэгээ орсон, миний өмсөж явсан дээл цус болсон, хамраас цус гараад хатсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Ч.Л-ийн гэрчээр өгсөн “...Тэгтэл тэр хоёр залуу цааш яваад манай өвөлжөөний хашааны гадаа гараад зодолдоод эхэлсэн. Тэгтэл тэр хоёр залуугийн хүргэн нь гээд залуугийн хамраас цус гарсан байхаар нь би “Та нар болиоч аав ээж рүү чинь ярьж хэлнэ” гэж хэлээд буцаж гэр лүүгээ орж ирээд эргээд гараад хартал С.А гэдэг залуу “Намайг хутгалчихлаа” гээд ирсэн” гэх мэдүүлгүүдээр С.А, Н.О нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар харилцан зодолдох явцдаа шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.О, хохирогч С.А нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар үйл явдал болсон талаараа мэдэхгүй байгаа талаар мэдүүлсэн байх ба гэрч хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг огт зөрүүгүй, хохирогч Н.О нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ыг зодож, санаатай хүнд гэмтэл учруулсан нь эргэлзээтэй” гэж дүгнэлт хийхдээ хохирогч С.А-ын давж заалдах шатны шүүх хуралд өгсөн “Би шүүгдэгч Н.О-ийг эхэлж цохисон, барьж аваад дээрээс нь дарж, боож ухаан алдуулсан, би эхэлсэн...” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлгийг авч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан байх ба ингэхдээ хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 удаагийн мэдүүлэг буюу болсон асуудлын талаар огт санахгүй байгаа талаар өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг огт хийгээгүй байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 24 дүгээр тогтоолд дурдсанаар “Үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. Үндэслэл бүхий эргэлзээ нь рациональ байдлаар буюу шүүгчийн субьектив дур зоргоос ангид тодорхой бодит нотолгоонд үндэслэгдсэн байх ёстой...” гэж тайлбарласан ба шүүх тодорхой бодитой нотолгоонд үндэслээгүй, шүүгдэгчтэй нэгдмэл сонирхолтой хохирогч С.А-ын давж заалдах шатны шүүхэд өгсөн зөрүүтэй мэдүүлэгт тулгуурлан хийсвэр дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтай шийдвэр гаргасан.
2. Шүүгдэгч Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж, бусдад хохирол учруулдаг шинжээрээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ыг хутгалсан үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.О, хохирогч С.А нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, харилцан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй болсон байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг “Сэтгэл санаа хүчтэй цочролд орсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан шүүгдэгчид ашигтай байдлыг бий болгосон нь тус орон нутагт хууль буруу хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэж, биеэ удирдан жолоодох чадваргүй болсон иргэд хоорондын харилцан зодолдсон үйл баримтууд буруу жишгээр шийдвэрлэгдэх эрсдэлийг бий болгож байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ДШМ/19 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Г.Э хяналтын шатны шүүхэд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг “Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.
Миний бие прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх уг хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд “шүүгдэгч Н.О-ийн хохирогч С.А-ыг хутгалах гэсэн санаа, сэдэлт, шалтгаан нөхцөл нь хангалттай тогтоогдоогүй” гэсэн атлаа “шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэж дүгнэсэн.
Гэтэл шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогчийн зүгээс шүүгдэгчийн санаа сэтгэлийг хүчтэй цочролд оруулахаар ямар зүй бус үг хэлж, үйлдэл хийсэн тухай үйл баримт авагдаагүй байна.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө аргагүй хамгаалалт хэрэглэсэн мэтээр мэдүүлсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд хэрэг яаж үйлдсэнээ мэдэхгүй, шүүгдэгч болон хохирогчийн хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тодорхой бус асуудлаар хоорондоо маргалдан зодолдох явцад шүүгдэгч нь хохирогч буюу хадам ахынхаа хэвлийд санаатайгаар хутгалж, хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нотлогдсон байна. Иймд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв болсон, мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурор эсэргүүцлээ бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар буюу Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бичсэн байна. Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүдэгчийн хохирогчийг хутгалах санаа сэдэл, шалтгаан нь эргэлзээ төрүүлж байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Мөн гэрч Ч.Л-ийн “хохирогч С.А эхлээд шүүгдэгчийг зодож хамраас нь цус гаргасан” гэсэн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэл нь бодит байдлаас зөрүүтэй буюу давж заалдах шатны шүүхэд хохирогч С.А мэдүүлэг өгсөн мэтээр бичиж “Эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй бөгөөд мөн тэрээр шүүгдэгч Н.О-ийг эхэлж зодож, доороо оруулж боосон учраас шүүгдэгч нь хохирогчийг доороос нь хутгалсан. Энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн прокурор эсэргүүцэлдээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаныг юу гэж үзэх талаар дурдсан нь үндэслэлгүй. Хохирогчийн хууль бус үйлдлээс болж шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчидсан. Мөн прокурорын зүгээс хохирогч болон шүүгдэгчийг нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Гэтэл хохирогч болон шүүгдэгч нь хэний эсрэг нэгдмэл ашиг сонирхолтой эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед дүгнэсэн баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дүгээр тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнд тогтоогдсон хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгчид гэмт хэргийн санаа, сэдэл, зорилгын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн санаа, сэдэл, зорилгын талаар шууд санаа байхгүй гэх үйл баримтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн. Иймээс Улсын дээд шүүхийн тогтоолыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахгүй үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.
Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч нь хоёр нялх хүүхэдтэй, бага хүүхэд нь эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байгаа тул хүүхдүүдээ хараад гэртээ байх нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял бол хөнгөн ял биш бөгөөд хүнд хэлбэрийн ял юм. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүнээ бодсон шийдвэр гаргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй” гэж хүсэж байна гэв.
Хохирогч С.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч том охиноо сахиад эмнэлэгт хэвтэж байгаа, бага хүүхдийнх нь толгойгоор хатгадаг учраас уйлаад байдаг. Мөн хүүхдүүдийг нь харах хүн байхгүй, манай гэр хөдөө байдаг” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Б-ын хяналтын журмаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.О-т хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.О-ийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө З аймгийн Т сумын А багийн нутаг “Ц” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А-ын хэвлий рүү хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосны улмаас төөрөгдөлд орж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг буруутай үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйгээр хоромхон зуур хариу үйлдэл хийсэн байх юм.
Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө хохирогч С.А болон шүүгдэгч Н.О нарын хооронд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон болон хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст ямар хор уршиг учирсан эсхүл учирч болох байсныг нотолсон баримтат мэдээлэл байхгүйн дээр хохирогч гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочрон давчдахад хүргэсэн хууль бус зан үйл, өдөөн хатгалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
3.Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримталдаг болно.
“Үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үүссэн тодорхойгүй нөхцөл бүрийг эргэлзээ гэж үзэхгүй бөгөөд "in dubio pro reo" зарчмын зорилго, мөн чанарыг өргөжүүлэн хэрэглэх нь эрүүгийн процессын эрх зүйн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, ял завшуулахгүй байх зорилтуудад харшлах ба давж заалдах шатны шүүх бусад баримтаар батлагдаагүй нөхцөл байдлыг зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.
4.Гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болж өнгөрсөн үйл явдлын талаар хохирогч С.А, шүүгдэгч Н.О нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар үйл явдал болсон талаараа мэдэхгүй байгаагаа мэдүүлсэн, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүгүй, тухайн нөхцөл байдалд хохирогч болон шүүгдэгч нар нь согтуурхаж хоорондоо маргалдсанаар бие биендээ хүч хэрэглэн халдсан нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйн зэрэгцээ шүүгдэгч Н.О нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзэлгүй гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд нөлөөлөхүйц нотлох баримтуудыг орхигдуулж, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгийн зарим хэсэгт тулгуурлан шийдвэр гаргасныг “Хуулиар тогтоосон нотолгооны стандартыг зөрчсөн” гэж үзнэ.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүх хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...н.Б ахын гэрийн гадна гараад явах гэж байснаа санаж байгаа, тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ортол Н.О ирээд миний гэдэсний зүүн хэсэгт хутгалаад машин руугаа явсан. Би гэдсээ дараад үзтэл цус гарч байхаар нь буцаад н.Б ахын гэрт ороод “О намайг хутгалчихлаа” гэж хэлсэн…”, гэрч Ч.Л-ийн “…Тэр хоёр манай гэрээс гараад чанга чанга дуугараад маргалдаад байсан. Би араас нь гараад гэрэл тусгаад “юу болоод байгаа юм бэ, …явахгүй бол орж ирээд унтаач” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр залуу цааш яваад манай өвөлжөөний хашааны гадаа гараад зодолдоод эхэлсэн, …тэгээд би эргээд гараад хартал С.А гэдэг залуу нь “намайг хутгалчихлаа” гээд ирсэн…” гэсэн мэдүүлгүүдийн гол хэсгийг орхигдуулж, “…хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.О нь хохирогч С.А-ыг зодож, санаатай хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл эргэлзээтэй…” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
5.Иймд хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Б-ын хяналтын журмаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүгдэгч Н.О-ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд заасны дагуу хорих ялыг эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ