Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0538

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, АМГТГКХД нарын давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХД, БОАЖЯ-нд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр:

 “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/09 дүгээр дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 42 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж” шийдвэрлэжээ.

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/09 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн тус ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байдаг.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 - д “ ... Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална ...” гэж заасан ба “ ... 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ...” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

Яамны дүгнэлт нь зорилгодоо нийцсэн бөгөөд олон жил бугшсан, орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн уул уурхайн лицензийн асуудлыг шийдсэн юм.

3. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д  “... Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ ... ” гэж заасан.

Харин шүүх яамыг хяналт шалгалтын байгууллага мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна.

4. Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 2-д “... Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 16.2.4 - д “ ... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ... гэж, 16.2.10-д “ ... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах ... гэж тус тус заасан.

5. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “ ... Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... ” гэж заасан бөгөөд 17.2.4-д “ ... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх ...” гэж, 17.2.8-д “ ... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

Шүүх орон нутгийн захиргааны байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сануулаагүй, энэ заалтуудын дагуу орон нутагт хууль зүйн шахалт үзүүлж ажиллаж чадаагүй.

6. Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд , нутгийн өөрөө удирдах байгууллага , нутгийн захиргааны байгууллага , БОАЖЯ , УУХҮЯ , АМГТГ гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгууллагын төлөөлөлийг хэлбэр төдийн оролцуулсан, тэдний байр суурь аймгийнхаа Засаг даргын байр сууриас илтэд зөрсөн, нэхэмжлэгчийг хамгаалсан /эсхүл тэдний нөлөөнд автсан/ зэргийг шүүх нягтлан шалгаагүй, нутгийн иргэд, байгууллагаас гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна.

Иймд дээрх хуулийн агуулга, хэм хэмжээг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

АМГТГКХД давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаар шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/09 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “ ... Хэдийгээр Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ... хуульд заасан үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг зайлшгүй шаардлага гарвал ... хуульд заасан журмын дагуу бусад аливаа этгээдэд давуу байдал олгохгүй байхаар зохицуулах ёстой.

Гэтэл хариуцагч .... нэхэмжлэгчийг буруутгаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан “ мэдэгдэх ” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан тайлбар, нотлох баримттай танилцах үүргээ биелүүлээгүй байна ...” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “ тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол цуцлахаар үүрэгжүүлж хуульчилсан.

Дээрх хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын .......... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Төрийн захиргааны байгууллага 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 423 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... “А” ХХК нь 2016 онд хууль журамд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэргийг боловсруулж, нөхөн сэргээлтийн ажлыг хууль журамд нийцүүлэн хийж байсан...” хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/09 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “А” ХХК-ийг ашигт малтмалын ашиглалтын .............. дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй хэмээн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/09 дугаартай дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд үндэслэн АМГТГКХД 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 423 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын .................. дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаар байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгалийн баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдож, энэ талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналын үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг шалгаж тогтоосны эцэст дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичгээс өөр нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасныг тогтоосон талаарх баримт байхгүй, энэ талаар нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа явуулсан болохыг шалгаж тогтоолгүйгээр хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх талаарх баримт байгаа эсэхийг шаардахад Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/47 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/76 дугаартай танилцуулгууд ирүүлсэн байх ба уг танилцуулгуудад нэхэмжлэгч компанийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талаар болон холбогдох хуулийн хэрэгжилтийг 78-90 хувьтай ханган ажиллаж байгаа, нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажилтай зэрэгцүүлэн хийсэн тухай дурдаж, харин байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал, дүгнэлт гаргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий актууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/09 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэр гаргасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ...” гэж тайлбарлах боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгааг баримтаар тогтоосны дараа санал гаргах, тус саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт шалгалт явуулж, шалгаж тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хуульд заасан журмын дагуу энэ талаар зохих шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ