Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн оршин суугч Дармаагийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч О.Амарсайхан, аудитын менежер А.Догсмаа нарт холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаартай актыг хүчингүй болгох тухай ” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт галгалтын улсын байцаагч О.Амарсайхан, аудитын менежер А.Догсмаа, гуравдагч этгээд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: “... Хөвсгөл аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд   шалгалт хийж Д.Оюунчимэг намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.7-д заасныг зөрчсөн учир анхан шатны баримтгүй олгосон 450 000 төгрөгийг Д.Оюунчимэг надаар төлүүлэхээр шийдвэр гаргажээ. Миний хувьд 2015 оны 4-5 саруудад Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг огт зөвшөөрч байгаагүй, ийм гүйлгээг огт хийж байгаагүй. Жолоочид бензин талоныг өгөх зөвшөөрлийг олгохдоо тухайн ажилтан сумдад ажиллах удирдамжийг боловсруулан гаргаж Засаг даргаар баталгаажуулж, нягтлан бодогч, удирдах албан тушаалтан удирдамжийг үндэслэн бензин талон олгох зөвшөөрлийг баталгаажуулж няравт өгч олгогддог. Тэгээд ч 450 000 төгрөгийн бензин талон жолоочид олгохыг зөвшөөрч баталсан баримтанд миний гарын үсэг байхгүй, нягтлан бодогчийн гарын үсэг байсан.Харин жолооч Алтанхуяг нь 2015 оны 5 сарын тайландаа Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр Эрдэнэбулган гэх мэт 7 сумдад дарга Д.Оюунчимэгтэй ажилласан гэж тусгасан жолоочийн тайлангийн хуудсанд миний гарын үсэг байгаа болохоос бензин талон олгохыг зөвшөөрсөн баримтанд миний гарын үсэг байхгүй. Жолоочийн тайлангийн хуудсанд эндүүрэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Би 2015 оны 5 сард дээрх 7 сумдад ажиллаагүй, ийм хэмжээний бензин зардал огт гаргаагүй. Би 2015 оны 5 сард Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг гэх 7 сумдад ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2015 оны 6 сард Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан гэх мэт сумдад Жавзанпагма даргын ажиллаж байх хугацаанд ажиллаж байсан. Улсын байцаагчийн акт хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй акт. Өөрөөр хэлбэл уг 450 000 төгрөгийн бензин талон олгохыг зөвшөөрсөн, баримтанд гарын үсэг зурсан албан тушаалтанд холбогдуулж акт гаргах ёстой байсан. Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 4 сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаартай актанд ажиллаагүй 7 суманд ажилласан мэтээр оруулж, байгууллагад хохирол учруулсан гэсэн актыг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгууллагад үрэлгэн зардал гаргаагүй, төсөвт хохирол учруулаагүй байхад акт тавьсан нь миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Миний явсан чиглэлийн сумуудад хийсэн ажил, жолоочийн замын хуудас хоёрын зөрүүтэй байдлаас акт тавигдсан байдаг. Актанд тавигдсан 450.000 төгрөг нь Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул гэсэн сумдад жолооч замын хуудас бичиж өгсөн байсан. Миний бие Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Галт гэсэн сумдаар ажилласан юм. Ийнхүү ажиллахдаа Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатараар “Төрийн үйлчилгээ иргэн” гэсэн сэдэвтэй удирдамжаа батлуулаад, 5 хүний бүрэлдэхүүнтэй дээрхи 7 сумдад ажилласан юм. 2015 оны 07 дугаар сард Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул гэсэн сумдад мал хүлээлцэх ажлаар хөдөлмөрийн хэлтсээс Доржпагма, Отгонбаяр, Мөнгөн-Эрдэнэ гэсэн 3 мэргэжилтэн ажиллаад ирсэн юм. Би 2015 оны 07 дугаар сард актанд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул сум руу яваагүй. Тайлан мэдээ гарах үеэр жолооч замын хуудсаа бичээд илтгэх хуудасныхаа хамт хүлээлгэж өгөөд томилолтын мөнгөө авдаг. Жолооч Алтанхуяг надад ажилласан 7 сумаа андуурч бичсэн байна гэсэн зүйлийг санхүүгийн дотоод хяналтын шалгалтын комисст, мөн шүүхэд ч мэдүүлсэн байдаг. Миний томилолтоор ажилласан сумдын баримт бүрэн байгаа. Жолооч бензин гарган авч явсан зүйлгүй. Аймгийн ажлын хэсэгт багтаж явсан байдаг” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь санхүүнгийн хяналт дотоод аудитын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Санхүүгийн хяналт дотоод аудитын Улсын байцаагч нь шалгавал зохих бүрэн гүйцэд, бодит байдалд тулгуурлан шалгаагүй бөгөөд энэ нь дараах баримтуудаар нотлогдож байна. Жолоочийн томилолтоор явж ирээд томилолтоо авахын тулд бичдэг жолоочийн хуудсыг үндэслэж акт тавьсан нь буруу юм. Гэрч Жавзанпагма, Гантуяа нарын мэдүүлэгт давхардуулж 450.000 төгрөгийн үргүй зардал гаргаагүй гэдгийг тайлбарладаг. 264 450 төгрөгийн шатахууны зардал нь Ариунбат даргын үед үүссэн байдаг ба уг мөнгийг 2017 оны 05 дугаар сард төлсөн гэдгийг няравын тайлан, шаардах хуудсанд тодорхой харагддаг. Харин 450.000 төгрөгийн баримт нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Энхбаяр, Алтанхуяг, Оюунчимэг гэх мэтийн бүрэлдэхүүнтэйгээр Цагаан-Уул сумын чиглэлд дээрхи хэмжээний шатахуун зарцуулаад явсан  гэдэг нь харагддаг юм. Харин 2017 оны 05 дугаар сард Цагаан-Уул сумын чиглэлд явж ирээд дахин Эрдэнэбулган чиглэлд 450.000 төгрөгийн зардал гаргаж явсан байна гэж жолоочийн замын хуудсанд дүгнэлт хийж акт тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Удирдамж, томилолт, зөвшөөрөл байхгүй байхад Оюунчимэг эрх мэдлээ ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж дур зоргоороо явсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашигийг хөндсөн бол тухайн акт хүчингүй болохоор хуульд заасан байдаг. Тэгэхээр уг үндэслэлээр захиргааны улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй гарсан байдаг. Төрд болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 450.000 төгрөгийн хохирол учраагүй гэдэг нь гуравдагч этгээд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог юм. Д.Оюунчимэг байгууллагаасаа нэг төгрөг ч гаргахгүйгээр ажлаа гүйцэтгэсэн байдаг. Жолоочийн буруу бичсэн хуудсанд үндэслэн акт тавьсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч А.Догсмаа, О.Амарсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбар  болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитын менежер А.Догсмаа, дотоод аудитор, санхүүгийн хяналтын улсын байцаагч О.Амарсайхан бид Монгол Улсын Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 3 дугаар сарын 13-наас 30-ны өдрүүдэд шалгалт хийхэд 2015 оны 5 сард өдөр нь тодорхой бус, анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад 450 000 төгрөгийн бензин талоныг жолооч Б.Алтанхуягт олгосон байх боловч зохих анхан шатны баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5 дэх “Анхан шаьны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэсэн заалт, мөн хуулийн 13.7 дахь “Анхан шатны баримтын бүрэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, мөн хуулийн 20.1.4 дэх “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн учир төлбөрийн акт тогтоосон болно.

2015 оны 5 сард өдөр нь тодорхой бус анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад 450 000 төгрөгийн бензин талоныг жолооч Б.Алтанхуягт олгосон байх ба жолоочийн замын хуудсан дээр 2015 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунчимэг нь Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант Тосонцэнгэл сумдаар хөтөлбөрийн хэрэгжилт шалгах, мал хүлээлцэх ажлаар явсан гэж тайлагнасан байх бөгөөд энэ талаар Д.Оюунчимэгээс тодруулахад би даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа энэ чиглэлд огт яваагүй өөр чиглэлд явсан гэж тайлбар хийдэг.

Жолоочийн тооцооны хуудсанд Д.Оюунчимэг гарын үсгээ зурсан байдаг. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага анхан шатны баримтын үнэн зөвийг хариуцна. Түүний үнэн зөвийг баталж, баталгаажуулсан хүн хариуцлага хүлээнэ гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан байдаг. Тэгэхээр Д.Оюунчимэгийг ажиллаж байх үед хуурамч баримт бичиг ашиглаж байсан юм уу. Бид шалгалтын үед жолоочоос тухайн суманд ажиллаж байсан талаар асууж тодруулан, баримт байвал гаргаж өгөх талаар хэлэж байсан. Тухайн үед Д.Оюунчимэг би явсан учраас жолоочийн тооцооны хуудсанд гарын үсэг зурсан байх. Яваагүй бол жолоочийн тооцооны хуудсанд гарын үсэг зурдаггүй юм. Гэхдээ хэзээ хойно тооцооны хуудсанд гарын үсэг зуруулдаг юм гэж байсан бөгөөд үүнийг энэ нь таныг үүрэг гүйцэтгэж байх үед тухайн байгууллага  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байсан юм байна гэж бид үзсэн. Нэхэмжлэгч нягтлан бодогч буруутай үйл ажилллага явуулсан гэж тайлбарлаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэж заасан байдаг. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан байдаг ба бид хуулийн дагуу ажилласан юм. Тухайн үед дээрхи 7 сумдад ажилласан, ажиллаагүй гэж маргалдаад байсан учраас няравын сар сараар нь түүсэн шатахууны зөрүүг гаргасан баримтыг шүүж үзэхэд 450.000 төгрөгийн шатахууны баримт дутсан юм. Уг 450.000 төгрөг дутсан нь төсөвт хохирол учирч буй хэрэг юм. Д.Оюунчимэг Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул суманд явж ажиллаагүй юм бол ямар учраас жолоочийн хуудсанд гарын үсэг юм. Бид баримтад үндэслэж акт тавьсан гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Оюунчимэг нь 2015 оны 4, 5 дугаар сард хуучин Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ аймгийн Засаг дарга А.Эрдэнбаатарын баталсан удирдамжийн дагуу Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдад ажилласан байдаг бөгөөд дээрх 7 суманд явсан жолоочийн замын хуудас байдаггүй.

Хөдөлмөрийн хэлтсийн жолоч Б.Алтанхуяг нь Түнэл, Чандмань-өндөр, Цагаан-Үүр Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул Рашаант, Тосонцэнгэл суманд ажилласан талаарх замын хуудас хөтөлж Д.Оюунчимэгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа ажилласан сумдын санхүүгийн баримтанд хавсаруулсан байна. Дээрх 7 сумаас өөр сумдад бие даан 2015 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилласан тухай баримт замын хуудас байхгүй болно.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаар бүхий “зардал төлүүлэх тухай” актаар 450 000 төгрөгийн бензин  талоныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад гүйлгээ хийсэн гэж үзэж байгааг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7 дахь заалт, 201.1.4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Ийм даймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актыг мөн ажил тус байгууллага хүлээн авч зардал төлүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Хөдөлмөрийн хэлтэс гэсэн тусдаа байгууллага байсан. Энэ үед Д.Оюунчимэг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан байдаг. Мөн уг маргаан бүхий ажилллагаанд шаардагдах баримтыг хэргийн материалд өгсөн. Аймгийн Засаг даргын батлагдсан удирдамж, Д.Оюунчимэгийн 7 суманд явсан мэргэжилтэнгүүдийн томилолт, бусад баримтыг хэргийн материалд өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт Д.Оюунчимэгийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул гэсэн сумдад ажилласан баримт байдаггүй. Харин түүний Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Галт гэсэн сумдаар ажилласан баримтууд байдаг юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодогч нь анхан шатны баримтаар үнэн зөв гүйлгээ хийх үүрэг хүлээсэн. Гэрч Б.Гантуяагийн мэдүүлгээс асуудал тодорохой харагдах байх. 2015 оны тайланд уг асуудал хөндөгдсөн байдаг юм. Бид Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй байна гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.Оюунчимэг нь тус шүүхэд “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд  гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтээр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 36-07-20 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нар нь энэхүү хүсэлт шаардлагыг шүүх хуралдаанаар шууд хэлэлцэх, хариу тайлбарлан шийдвэрлүүлэхээр  санал, хүсэлт гаргасан тул тэдний хүсэлт, тайлбарын дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитын менежер А.Догсмаа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Амарсайхан нарын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 36-07/20 дугаартай “Зардал төлүүлэх тухай” актаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д  “...хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай  үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, няналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчин,  Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод Аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 5-д заасан Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт албан шаардлага бичнэ” гэж заасны дагуу бүрдэл дутуу баримтаар зардал гаргаж, төсвийн үрэлгэн зардал гаргасан 450 000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэх, анхан шатны баримтгүй олгосон 450 000 төгрөгийг Д.Оюунчимэгээр төлүүлж, төрийн сангийн хүү торгуулийн 170000982 тоот дансанд 2017 оны 5 сарын 1-ний дотор төвлөрүүлэхийг дарга Б.Эрдэнэхуяг, нягтлан бодогч Б.Гантуяа нарт хариуцуулжээ.   /хх- 19 хуудас/

Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13-1/2987 дугаар албан бичгээр “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.2-д ... гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсний дагуу хуулийн байгууллагад хандана уу гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлснийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.

Хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/99 дугаар захирамжаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Оюунчимэгийг “хэлтсийн даргыг хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж томилох” хүртэл хугацаанд томилжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын  баталсан “Төрийн үйлчилгээг иргэн бүрт” хөдөлмөрийн хэлтсийн сум орон нутагт зохион байгуулах нээлттэй хаалганы өдөрлөгийн удирдамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Галт сумдад томилтоор ажилласан нь Д.Оюунчимэгийн томилолт болон хяналт шалгалт хийсэн ажлын тайлан зэргээс харагдаж байна. /хх-41-43/

Харин жолооч  Б.Алтанхуягийн тооцооны хуудсан дээр 2015 оны 5 сард “дарга Д.Оюунчимэг Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдаар явсан гэж Д.Оюунчимэг гарын үсгээ зурсан байна.

Гэрч Б.Алтанхуяг шүүхэд мэдүүлэхдээ “Би 2015 оны 5 дугаар сард Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунчимэгтэй  Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант суманд ажиллаад Завхан аймгийн нутгаар явдаг дөт замаар яваад Цэцэрлэг,Цагаан-Уул Бүрэнтогтох суманд ажилласан. Би 2015 оны 5 дугаар сард Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунчимэгтэй Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох суманд ажилласныгаа андуураад биччихсэн юм байна билээ. Сүүлд нь жолоочийн тооцооны хуудсаа нөхөж бичихдээ андуурсан гэж бодож байна. Гэхдээ 2015 оны 5-6 сарын үед Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан,Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдад ажилласан маань үнэн. Хойшхи чиглэлийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдад ажиллах үед Д.Оюунчимэг даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ больчихсон байсан санагдаж байна. Дарга нар ойрхон солигдоод байсан учраас нарийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,  

Гэрч Ж.Жавзанпагмын  шүүхэд “Манай Хөдөлмөрийн хэлтэс 2015 оны 05 дугаар сард Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдад ажилласан боловч жолооч тооцооны хуудсанд бичихдээ сумдын нэрийг андуурч бичсэн гэж яригдаж байсан. Жолооч Алтанхуяг, Д.Оюунчимэг хоёр надад тэгж хэлсэн. Намайг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллах хугацаанд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдад манай байгууллагын ажилчид томилолтоор яваагүй гэж бодож байна. Миний бодлоор 2015 оны 5 дугаар сард Д.Оюунчимэг болон манай байгууллагын бусад ажилтнууд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдад ажилласан нь үнэн бол зардал гарах нь үнэн. Тэр зардал нь гарсан бөгөөд дээр нь нэмээд явж ажиллаагүй Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сум руу явсан мэтээр бензиний зардал гаргасан бол хариуцлага тооцох үндэслэлтэй болох байх. Тийм учраас 2015 оны 5 дугаар сард урагшаа чиглэлийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумууд болон хойшхи чиглэлийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумууд руу ажилласан гэсэн хоёр удаагийн бинзений зардал гарсан эсэхийг тодруулах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Аудитын байцаагч нар акт тавихдаа энэ талаар шалгасан юм болов уу. Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдад ажиллаагүй юм чинь бинзений зардал гарахгүй. Харин Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдад ажилласан юм чинь бензиний зардал гарах ёстой. Тэгвэл тэр 450000 төгрөгийн бензиний зардал хаашаа явсны зардал вэ гэдгийг тодруулах шаардлагатай байх гэх мэдүүлэг,

Гэрч Б.Гантуяагаас:  2015 онд Д.Оюунчимэг хэлстийн даргаар ажиллаж байсан бөгөөд хуулийн дагуу  төрийн сангаас гүйлгээ хийхдээ гарын үсгийн баталгаа гаргадаг юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримтаа жолоочийн хуудас, шаардлах хуудсаар баталгаажуулдаг. Жолооч хаана явснаа жолооч өөрөө бичээд явсан хүнээрээ гарын үсэг зуруулдаг. Шаардах  хуудсанд зурсан гарын үсэг нь Д.Оюунчимэгийн гарын үсэг мөн юм. Би бол 1 дүгээр гарын үсэг зурагдсан тохиолдолд гүйлгээ хийдэг. Аймгийн Засаг даргын удирдамж гарч томилолтоор ажилласан. Удирдамжид Түнэл сумыг мөн бичсэн байдаг. Би уг маргаан ямар учраас гарсныг  мэдэхгүй байна. Д.Оюунчимэг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан. Бензин олгоход шаардах хуудас, жолооны хуудас, жолоочийн хуудас гурваар бензин олгодог юм. 450 000 төгрөгийн бензинийг тайлангүйгээр урьдчилаж авсан гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбаруудаас дүгнэхэд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудитын менежер А.Догсмаа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч О.Амарсайхан нар нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 36-07/20 дугаартай “Зардал төлүүлэх тухай” актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д  “... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулах ...” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, холбогдох баримтуудын нарийвчлан тулгаж шалгаагүй, тухайлбал: жолоочийн замын хуудсанд бичигдсэн чиглэлд явсан эсэх, мөн түүнчлэн удирдамжаар явж 450 000 төгрөгний зардал гаргасан гэх чиглэлд хэдэн төгрөгний бензиний зардал гаргагдсан эсэх зэргийг нарийвчлан шалгасны үндсэн дээр бүрдэл дутуу баримтаар төсвийн үрэлгэн зардал гаргасан эсэхийг тодруулан нарийвчлан тогтоох шаардлагатай байна. 

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэн эрх бүхий захиргааны албан тушаалтнаас дээрхи заагдсан дутуу ажиллагааг гүйцэд бүрэн шалгаж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлүүлэхээр шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д  заасныг  баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын  2017 оны 04 сарын 10-ны өдрийн “Зардал төлүүлэх тухай” 36-07-20 дугаар  актыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрхи хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН