Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1310

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч                                   ХХХХХ

Хариуцагч                                                             ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

“ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн автомашиныг үзээгүй байж үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн ХХХХХ манай компаниас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15061003 тоот зээлийн гэрээгээр 3 500 000 төгрөгийг 30 хоногт 6 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай буюу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Бид үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн давхар фидуцийн гэрээг хийсэн. Уг гэрээгээр 28-27 УБЕ улсын дугаартай хариуцагчийн өмчлөлийн автомашиныг 4 000 000 төгрөгөөр тооцож гэрээг байгуулсан. Хариуцагч 2015 оны 7, 8 дугаар сард 2 удаа л 280 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нөхөртэй нь бид ярилцаж тохиролцоод эхлээд нөхөр нь зарах гээд чадаагүй, “Зарж чадахгүй байна, танайх зарах хүнээ олоод зараад зээлийн гэрээний үүргээ хангуулъя” гэхээр нь бид 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уг автомашиныг 3 500 000 төгрөгөөр зарсан. Хариуцагчийн нөхөр 3 000 000 төгрөгөөр ч хамаагүй зар гэж байсан. Тухайн үед зарахдаа 3 500 000 төгрөгөөр зарах тухай түүнд хэлэхэд тэр зөвшөөрсөн юм. Зарсан хүн нь ХХХХХ гэдэг хүн байгаа гэв. Зээлийн барьцааны автомашин нь зээлийн үүргийг бүрэн хангаж чадахгүй байсан тул барьцаа нэмэгдүүлэхийг шаардсан. Гэтэл зээлийн барьцаанд байгаа автомашиныг худалдан борлуулж үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч үлдсэн үүрэг болох 1.500 000 төгрөгийг төлөхөөр болсон ч үүргээ гүйцэтгэхгүй байна. Иймээс зээлийн үлдэгдэл болох    1 500 000 төгрөгийг иргэн ХХХХХээс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Бид уг 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байх 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааны 183 хоногийг өдөрт 1 500 төгрөгөөр зогсоолд зогссон өдрөөр тооцоход 274 500 төгрөг нэхэмжилж байна. Түүн дээр нэмээд үндсэн зээлийн хүүнд 1 167 949 төгрөг болон алдангид 57 551 /337 551-280 000=57 551/ төгрөгийн нэмж тооцоод 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн хүүг тооцохдоо сард 4.7 хувиар тооцсон тул 1 сард 3 500 000 төгрөгийн 4,7 хувь нь 164 500 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл сард 164 500 төгрөг болох ба өдөрт 5 483,3 төгрөг болж байгаа, үүнийг 213 хоногоор үржүүлэхэд 1 167 949 төгрөг болж байгаа. Бид гэрээндээ эхлээд алданги, дараа нь хүү, тэгээд үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн өрийг барагдуулдаг, хүүг 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл бодсон байгаа. Харин алдангийн хувьд 700 000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийг бууруулж 332 051 төгрөгийн алдангийг бид нэхэмжилж байна. Бид фидуцийн гэрээний үүрэгт автомашиныг өөрсдийн байгууллагын нэр дээр шилжүүлэн зарсан. Хариуцагч болон түүний нөхөр нартай харилцан тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 3 500 000 төгрөгөөр ХХХХ гэдэг хүнд зарсан. Энэ            3 500 000 төгрөг бол үндсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ л гүйцэтгэхэд зориулагдсан юм, тиймээс бид хүү, алданги, зогсоолын төлбөрт 1 500 000 төгрөг нэхэмжилж байна, хүүг тооцсон 213 хоногоос хасах боломжгүй, учир нь би түүнээс 2 сарын хүүнд төлсөн 280 000 төгрөгийг хасаж тооцсон байгаа, алдангийг 337 551 төгрөг нэхэмжлэх байсан боловч багасгаад 57 551 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би “ХХХХ” ХХК-ийн тодорхойлолтыг өгсөн байгаа. Манай автомашинтай адил автомашин зах зээл дээр 4 500 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэдгийг харуулах үүднээс би ижил онтой автомашин дээр үнэлгээ хийлгэсэн гэв. Миний хувьд нэхэмжлэгчийн ярьж буй 183 хоногийн хүү төлөх боломжгүй би 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хүүг л төлөх боломжтой хүү болох 1 167 949 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, алдангийг ч мөн адил хүлээн зөвшөөрөхгүй, зогсоолын төлбөрт 274 500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь би энэ нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл миний нэр дээр байсан автомашиныг 3 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг. Би зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, автомашин маань 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зарагдсан гэсэн. Би өмчлөх эрхээ зээлийн гэрээг хийх үед итгэмжлэлээр нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож нотариатаар баталгаажуулсан байсан юм. Тиймээс автомашины өмчлөх эрх амархан шилжсэн юм гэв.                                                     

 

Шүүх: Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ХХХХХээс зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдийн улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Шүүгч хэргийг шүүх явцад Зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт заасан зүйлийг анхаарахыг хүссэн ч энэ зүйлийг хэрэгсэлгүй зээлийн гэрээний хугацааг зээлийн гэрээнд заасан хугацаагаар тооцсон нь буруутай гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт "Зээлийн гэрээ нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ" гэж заасан. Хариуцагч ХХХХХ нь зээлийн үндсэн өр болох 1 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжих гэрээний дагуу үүрэг хангагдсан гэж үзсэн байгаа. Харин зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар "Зээлдүүлэгч нь зээлдэгчээс төлбөрийг хэсэгчлэн төлөх түхай бүр эхний ээлжинд алданги, дараа нь хүү, үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлнэ" гэсэн байгаа. Үүнийг шүүх хурлын явцад шүүгчид онцгойлон анхаарахыг хүссэн боловч шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан гэж үзсэн нь гэрээний дагуу хэргийг авч үзээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийг 4.7 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /хэргийн 4-8 дугаар тал/

           

            Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч зээлийн хүүд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 140 000 төгрөг өөрөө зөвшөөрч төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

            Харин нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХийг үндсэн зээлийг гэрээнд заасан хуагцаа хэтрүүлж төлсөн гэсэн үндэслэлээр алданги нэхэмжилж, хариуцагч автомашиныг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдсан гэж маргасан байна.

 

            Фидуцийн гэрээгээр уг машиныг 4 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч 3 500 000 төгрөгөөр худалдсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй.

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.4 дэх заалтад алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан бөгөөд гэрээний талууд алданги гэсэн үгээр илэрхийлж байх боловч уг тохиролцоо нь агуулгын хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар төлөх торгуулийн агуулгатай байна.  \

 

            Иймд хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байх тул алдангийн хэмжээг 57 551 төгрөгөөр нэхэмжлэгчийн тодорхойлсон үнийн дүнгийн хэмжээгээр алдангийг гаргуулах үндэслэлтэй болно.

 

            Иймд нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон торгуулийг шаардах эрхтэй болно.

 

             Талууд гэрээний 2.2.6-д автомашиныг гараашид хадгалах зардлыг нэг хоногийн     1 500 төгрөг байхаар тохиролцсоноор талуудын хооронд автомашиныг хадгалахтай холбоотой эрх, үүрэг үүссэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.2-т зааснаар уг автомашиныг худалдсан 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх 183 хоногт хоногийн 1 500 төгрөгөөр тооцож 274 500 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүд 1 167 949 төгрөгийг шаардсаныг хангаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд гэрээндээ зөвхөн нэг сарын хүүг тохиролцсон, гэрээний хугацаа буюу хүү төлөх хугацааг сунгасан бичгээр хийсэн тохиролцоо байхгүй тул нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссанаас хойшх хүүгийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас алданги 57 551 төгрөг, автомашин хадгалсны хөлс 274 500 төгрөг, нийт 332 051 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн

 давж заалдсан гомдлыг зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03290 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 422 дугаар зүйлийн 422.4.2-т зааснаар ХХХХХээс 332 051 төгрөг гаргуулан “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 167 949 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтад “…ХХХХХээс 10 611 төгрөг гаргуулан “ХХХХ”ХХК-д олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-аас төлсөн 38 950 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                          ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО