| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0311/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/315 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/315
2019 10 31 2019/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал,
хохирогч Ж.Бат-Ирээдүй,
иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн П.Мт холбогдох эрүүгийн 1934004070353 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1998 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүүгийн хамт, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг 6-2-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн П.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хөндлөнгийн даваа” гэх газар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 23-04 УНХ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Цэнджавын амь насыг хохироосон, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал:
...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод байсан. Манай хүүхэд манай ангийнхан ойрхон салхинд гараад ирье гэж хэлсэн. Би зөвшөөрөөд үдээс хойш залгахад утсаа аваагүй, дахин залгахад утсаа аваад бид нар явах гээд аяны зүйлсээ бэлдэж байна гэсэн. Үүнээс хойш орой 23 цагийн үед танихгүй дугаар над руу залгаад бид нар осолд орчихлоо гэж хэлсэн. Би тэгээд хаана байгаа юм гэж хэлэхэд бид нар Налайхад ирчихсэн байна гэж хэлээд охин чинь хамт явж байсан гэж хэлэхэд би мэдсэн. Налайхын эмнэлэг дээр очиход манай охин их хүнд байдалтай байсан. Налайхын эмнэлэг манай охиныг яаралтай хот руу орж нарийн эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар ороод 2 хоноод эмчилгээгээ даахгүй нас барсан гэв. Нэхэмжлэх зүйл 7.833.000 төгрөгийн хохирол нэхэмжлэнэ...,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бат-Ирээдүй:
...П.М нь манай хүүтэй нэг ангийн найзууд байгаа юм. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манайх нэг адуу махалсан юм. Тэгээд манай хүүхэд П.Мыг гуйгаад машинтай нь манай хүүхэд хамт явсан. Би болгоомжтой яваарай гэж хэлсэн. П.Мыг жолооны үнэмлэхгүй гэж мэдээгүй, аавынхаа машиныг нууцаар авсныг нь мэдээгүй. Миний биед хүнд хохирол учирсан эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ...,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвжав:
...Би машинаа гэртээ үлдээж түлхүүрээ охиндоо өгсөн. Тэр үед манай аав, ээж хоёрын бие жаахан тааруу би асарч байсан юм. Осол болсныг шөнийн 2 цагт мэдсэн. Тэгээд аавийнхаа машиныг унаад очсон. П.М нь миний төрсөн хүү учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.
Эрүүгийн 1934004070353 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Ж.Бат-Ирээдүй /хх-ийн 55-56, 57 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвжав /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, гэрч Б.Энхжин /хх-ийн 70-72, 73 дугаар хуудас/, гэрч П.Чимгээ /хх-ийн 75 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөн /хх-ийн 76-77 дугаар хуудас/, гэрч П.М /хх-ийн 78-79, 80-81 дүгээр хуудас/, яллагдагч П.М /хх-ийн 133-135 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаартай дүгнэлт /хх-ийн 90 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 124 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09/214 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 100-105 дугаар хуудас/
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/364 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 113-118 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-21 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-32 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалы хохирлын баримтууд /хх-ийн 36-56 дугаар хуудас/, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн хохирлын баримтууд /хх-ийн 58-66 дугаар хуудас/, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 106-110, 119-122 дугаар хуудас/, шүүгдэгч П.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 138-168 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч П.М нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хөндлөнгийн даваа” гэх газар “Toyota Prius-20” маркийн 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Цэнджавын амь насыг хохирсон, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалын ...орой 23 цагт манай охины найз банди болон Энхжин над руу утсаар залгаад Цэнджав бид хоёр осолд орчихлоо Цэнджавын бие муу байна та Налайхын эмнэлэг дээр хүрээд ирээч гэж байсан. Тэгээд Налайх дүүргийн эмнэлэг дээр очоод охин Цэнджавыг Говьсүмбэр аймаг руу явж байгаад зам тээврийн осолд орсон байсныг би мэдсэн. Охин маань надад Говьсүмбэр аймаг явна гэдгээ хэлээгүй... ...оршуулгын зардалд нийт 7.130.000 төгрөгийн зардал гарсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн ...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү Дөлгөөн, Энхжин, Цэнджав, жолооч П.М нарын хамтаар Чойр орохоор П.Мын приус-10 маркийн машинтай явж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
...би машинд унтаад явж байсан. Осол болохыг би хараагүй, мэдээгүй. Тэгээд унтаад явж байсан би нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Би эмнэлэгт 3 хоног ухаангүй байж байгаад сэрсэн. Тэгээд осол болсон гэдгээ мэдсэн... /хх-ийн 57 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвжавын ...23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өмнө нь “Киай групп” гэх тавилга угсралтын байгууллагад ажиллаж байгаад 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын хөлсөнд авсан юм. Би нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм... ...би өөрийн эзэмшлийн 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй. Учир нь П.М бол миний төрсөн хүү байгаа юм... /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
гэрч Б.Энхжингийн ...4 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал өөдөөс эсрэг урсгалд том машин явж байсан. Тэр машины гэрэлд манай машин гялбаанд орсон. Тэгээд жолоо барьж явсан П.М баруун гар талын хөвөө рүү дарсан. Тэгээд буцаагаад зүүн гар тийшээ зам руугаа жолоогоо дарсан. Тэгээд машин тэнцвэр алдаад замын баруун гар талын хажуу руу онхолдож машин бүтэн эргэсэн. Хэдэн удаа бүтэн эргэж онхолдсоныг би мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд машин доошоо харчихсан би бууж чадахгүй байсан... /хх-ийн 70-72 дугаар хуудас/,
...би П.Мыг жолоочийн үнэмлэхгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд Говьсүмбэр аймгаас гарахад би жолоог бариад явж байтал П.М би өөрөө машинаа барина гээд өөрөө машинаа барьсан юм... ...анх явахад П.Мыг би явъя л даа намайг хөлслөөд аваад явчих гэхээр нь би зөвшөөрөөд П.Мыг хөлслөөд явсан юм... /хх-ийн 73 дугаар хуудас/,
гэрч П.Чимгээгийн ...П.М утсаар залгаад Энхжинтэй Улаанбаатар хот руу мах ачиж явах гэсэн юм гэхээр нь би уурлаад зөвшөөрөөгүй. Тэгтэл надад хэлэлгүйгээр машин унаад Улаанбаатар хот руу явчихсан байсан. 2019 оны 05 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед байх над руу цагдаагаас ярьж байна. 23-04 УНХ улсын дугаартай машин зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би П.Мыг зөвшөөрөлгүй машин явсан байна гэж мэдээд Увс аймгаас шууд Улаанбаатар хотод ирсэн... /хх-ийн 75 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний ...нэг мэдсэн чинь онхолдчихсон байсан. Сэрээд хартал жолооч ах Энхжин хоёр сэрүүн байсан бөгөөд би машины гадаа байсан. Намайг ах Энхжин босгоод хамт ээж дээр очиход ухаангүй байсан мөн талийгаач ухаангүй байсан. Тэгээд л баахан хүмүүс ирсэн байсан... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
яллагдагч П.Мын ...Манай найз Энхжин намайг Улаанбаатар хот руу адууны мах оруулж зарна чи машинаараа хамт яваад өгөөч гэж гуйса. Тэгээд би тухайн үед манай машинд адууны мах багтах юм болов уу би жолоочийн үнэмлэх байхгүй ш дээ замд цагдаа таарвал яах юм бэ гэхэд Энхжин зүгээрээ гэж байсан. Тэгээд би зөвшөөрөөд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний үүрээр 03 цагт би аавынхаа 23-04 УНХ улсын дугаартай тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй аваад найз Энхжин түүний дүү Дөлгөөн түүний ээж Бат-Ирээдүй нарыг аваад мөн махыг нь 100.000 төгрөгөөр тохироод Говьсүмбэр аймгийн төвөөс гарсан... ...эсрэг урсгалаар зөрж өнгөрсөн машины гэрэлд гялбаад тэгээд би сандарсандаа жолооныхоо хүрдийг баруун тийш нь огцом дарчихсан юм. Тэгээд машин замын хажуу руу онхолдсон. Хэдэн удаа бөмбөрснийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би эмнэлэгт сэрснээ л санаж байна... /хх-ийн 133-135 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай ...талийгаач О.Цэнджавын биед гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан битүү гэмтэл: их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, баруун уушгины эдийн няцрал, голтын эрхтэнд цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт /150гр/ дэлүүний эдийн няцрал, элэгний эдэд цус хуралт, эрүү ясны далд хугарал, нүүр зулайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, дух шарх, баруун, зүүн бугалга, баруун, зүүн хөх, зүүн шуу, зүүн гуя, зүүн шагайн үенд цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо... ...Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаартай ...П.Мын биед хүзүүний С5-р нугаламын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаартай ...Б.Дөлгөөний биед дух, баруун тохойд сорви бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 90 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 399 дугаартай ...Б.Энхжингийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 398 дугаартай ...Ж.Бат-Ирээдүйгийн биед зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун 2, 3, 4, 5-р хавирга хоёрлосон хугаралтай, уушги няцрал, цээжний хөндийн цус алдалт, бүсэлхийн нурууны L1, L2, L3, L4-р сэртэнгийн хугарал, L1, Th12-р нугаламын их биеийн хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, хуйханд шарх, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай ...”TOYOTA PRIUS-10” маркийн 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн П.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочийн үүрэг а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 124 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09/214 дугаартай ...”TOYOTA PRIUS-10” маркийн 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.924.800 /гурван сая, есөн зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 100-105 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/364 дугаартай ...П.Мын өмчлөлийн “SAMSUNG GALAXY S6” маркийн гар утасны 103.600 /нэг зуун мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлсэн... талаарх үнэлгээний тайлан /хх-ийн 113-118 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-21 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-32 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалы хохирлын баримтууд /хх-ийн 36-56 дугаар хуудас/, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн хохирлын баримтууд /хх-ийн 58-66 дугаар хуудас/, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 106-110, 119-122 дугаар хуудас/, шүүгдэгч П.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 138-168 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа “Toyota Prius” маркийн 23-04 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочийн үүрэг а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Цэнджавын амь насыг хохирч, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгээ мэдсээр байж жолоодсон өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, учирсан хохирол, хор уршиг болгоомжгүй үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байх тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, мөн шинжээчийн 77, 369, 400, 399, 398, 69 дугаартай дүгнэлтүүд, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 09/214 дугаартай үнэлгээний тайлан, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 07/364 дугаартай үнэлгээний тайлан болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалы хохирлын баримтууд, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн хохирлын баримтууд, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч П.Мыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн О.Цэнджавын амь нас хохирсон, хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал нь оршуулгын зардалтай холбоотой баримтаар 7.893.000 төгрөгийг, хохирогч Ж.Бат-Ирээдүй нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 3.509.047 /гурван сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийг тус тус шүүгдэгч П.Маас нэхэмжилсэн.
Үүнээс шүүгдэгч П.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалд оршуулгын зардалд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн бөгөөд үлдэх 7.443.000 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож,
мөн хохирогч Ж.Бат-Ирээдүйгийн нэхэмжилсэн 3.509.047 /гурван сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийг төлөөгүй ба дээрх 3.509.047 /гурван сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Бат-Ирээдүйд олгож тус тус шийдвэрлэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин иргэний нэхэмжлэгч П.Пүрэвжав нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул гаргуулах хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч П.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг зохих хэмжээгээр төлснийг, үлдэх хохирлыг, мөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн тодорхой ажил үүрэг гүйцэтгэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол төлөх хугацааг тэнссэн хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч П.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнсэж албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүгдэгч П.Мын эзэмшлээс “SAMSUNG” маркийн гар утас битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож уг “SAMSUNG” маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч ОЮ98060218 дугаарын регистртэй, Б овгийн П.Мт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн П.Мт шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн П.Мын тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Б овгийн П.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргалд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлснийг, үлдэх 7.443.000 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг, мөн хохирогч Ж.Бат-Ирээдүйд 3.509.047 /гурван сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийг тус тус нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүгдэгч П.Мын эзэмшлээс “SAMSUNG” маркийн гар утас битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож уг “SAMSUNG” маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч ОЮ98060218 дугаарын регистртэй, Б овгийн П.Мт буцаан олгохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн П.Маас нийт 10.952.047 /арван сая есөн зуун тавин хоёр мянга дөчин долоон/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ИЭ74111867 дугаарын регистртэй, Алаг адуут овгийн Дүгэрийн Амаржаргалд 7.443.000 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг,
хохирогч ЕТ77041306 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жаргалсайханы Бат-Ирээдүйд 3.509.047 /гурван сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Хохирогч ЕТ77041306 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жаргалсайханы Бат-Ирээдүй нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн П.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.+
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн П.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН