| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00398/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 398
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* гэж миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань сая 2016 оны 09-р сарын 20-ны өдөр нас барсан юм. Дүүгийнхээ нас барсаны тэтгэмжийг хөөцөлдөх гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс дүүгийнхээ ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгож ир гэсэн.
Дүү Д.******* нь 1988 оны 06-р сарын 13-наас 1994 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилга дээр барилгачнаар орж ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Бид нар баримт бичгийг нь ухаад юм гарч ирэхгүй болохоор нь аймгийн архиваас шүүтэл дүүг маань ажилд авсан тушаал болон гарсан тушаалууд гарч ирсэн. Иймд миний дүү Д.*******ыг 1988 оноос 1994 оны дуустал Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон ******* хувьцаат компанид барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.******* нь Д.*******ыг 1988 оны 06-р сарын 13-наас 1992 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1992 оны 12-р сарын 30-наас 1994 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ХАА-н үйлдвэрлэл үйлчилгээний ******* ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Д.******* нь 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилд орсон нь Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 06-р сарын 13-ны өдрийн 35 дугаартай ажилд авах тухай тушаал, 1992 оны 01-р сарын 01-нээс уг ажлаас чөлөөлөгдсөн тухай8 мөн даргын 1991 оны 12-р сарын 30-ны өдрийн 51 дугаартай тушаалаар тогтоогдож байна.
Харин Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэр нь Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний ******* компани болоход үргэлжлүүлэн ажилласан гэх боловч энэ талаарх баримтгүй байна.
Гэвч Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний ******* компаний ерөнхий захирлын 1994 оны 10-р сарын 24-ний өдрийн 35 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд ...сүүлийн жилүүдэд барилгын салбарт хийх ажилгүй болж, барилгачид сул зогсолтонд орсны дээр цаашид барих барилга олдохгүй байгаа тул хөдөлмөрийн хуулийн 20, 31-р зүйлүүдийг үндэслэн тушаах нь: ...1-р хавсралтанд заасан хүмүүсийг 1994 оны 11-р сарын 01-нээр тасалбар болгон орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсүгэй... гээд ...захирлын 1994 оны 10-р сарын 24-ний 35-р тушаалын 1-р хавсралт гэсэн хэсэгт 1-29 хүртэл дугаарлалт хийж, 6 дээр Д.*******... гэж бичсэн байдлаас харахад Д.******* нь 1992 онд Завхан аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгын ажлаас чөлөөлөгдөж, улмаар 1992 онд үргэлжлүүлэн Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний ******* ХК-д барилгачнаар ажиллаж байгаад 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэстэй байна.
Улиастай сумын ******* ХК нь *******регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 12-р сарын 30-ны өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2015.10.21-ний өдрийн 166 тоот лавлагаагаар тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1988 оны 06 дугаар сарын 13-наас 1992 оны 01 дүгээр срын 01-н хүртэл Завхан аймгийннэгдэл дундын үйлдвэрт барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 10 дугаар сарын 24-н хүртэл Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний ******* хувьцаат компанид барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ