Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 913

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

  улсын яллагч Г.Ганхөлөг,

иргэдийн төлөөлөгч С.Энхзаяа,

  шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

  хохирогч Г.Х-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Цад холбогдох эрүүгийн 1905034091022 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Ц.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 4 дүгээр гудамжинд иргэн Г.Х-ий хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цус хуралдалт, бүдүүн гэдэс, сэмжний хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ:

“...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тамхи авахаар гэрээсээ гараад Гандангаас доош уруудаад явж байхдаа хохирогч Х-тэй таарч маргалдсан. Буцаж гэр рүүгээ орж хутга аваад, Х-тэй дахин маргалдаж, ноцолдож байгаад харахад миний барьж байсан хутга хохирогчийн гэдсэнд орсон байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Х-э мэдүүлэхдээ:

“...Шүүгдэгч Ц.Ц намайг тамхи асуусан гэж байна. Би огт тамхи татдаггүй. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монелоос хүнтэй уулзах гэж гараад уулзах хүн маань байхгүй болохоор нь Гандангаас доош уруудаад явж байтал Ц.Ц намайг мөрлөсөн. Тухайн үед би мориноос унаад мөрөө гэмтээсэн байсан учир мөрлөх үед мөр өвдөхөөр нь би “урдахаа хараад яваач” гэж хэлээд өнгөрсөн. Тэндээс би урд талын цайны газар руу орж 2 ширхэг хуушуур идчихээд гараад иртэл Ц.Ц намайг хутгалсан. Тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй, хажуу талаас нэг эмэгтэй хараад цагдаад дуудлага өгсөн юм. Би гайгүй байх гэж бодсон боловч их хэмжээний цус алдсан. Хагалгаанд ороход шүүгдэгч Ц.Ц ирээгүй. Мөрдөн байцаагч дугаарыг нь хамаагүй өгч болохгүй гэж хэлээд, сүүлд уулзалдсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Цын өгсөн:

“...Би хохирогч Г.Х-ийг санаатай хутгалах гэж хутгалаагүй. Тухайн өдөр би гэрээсээ гараад дэлгүүр орон тамхи аваад, буцаад гэр рүүгээ явж байхад хохирогч надтай мөрөөрөө маргалдаад гарсан. Тэр үед хохирогч бид хоёр мөргөлдсөн асуудлаас болж хэн хэнийгээ мөрлөсөн талаар маргаж байгаад би гэрлүүгээ орсон. Тэгээд би гэртээ ороод хоёр хүүхэддээ талх зүсэж өгөх гээд хутга аваад байж байхдаа гэрээс гарсан байсан. Тэгээд би гудамжинд явж байсан хохирогчийн араас очин зүгээр хөөе гээд дуудсан чинь хохирогч над руу эргэж харахдаа миний гартаа барьсан хутганд хутгалагдсан юм шиг байсан. Тухайн үед би хохирогчийг хутгалсан гэдгээ мэдээгүй байсан. Тэр үед анх цагдаа дуудлага өгсөн эгч хөөе чи хүн хутгалчихлаа гэхээр нь хохирогч миний гарт байсан хутганд хутгалагдсан болохыг мэдсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг өөрийнх нь хүсэлтийн дагуу барагдуулах болно

Би тухайн өдөр шар өнгийн элгэн богино захгүй хүрэмтэй, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 71-74/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Х-ий өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Монел орчим Төмөрбаатар гэдэг найзтайгаа нэг 0,5 литрийн архи хувааж уучихаад Баянгол дүүргийн 16-р хороонд Гандан орж хүнээс юм авахаар 15:00 цагийн үед явсан. Тэгээд би Ганданд 17:00 цаг болж байх үед ирсэн бөгөөд миний уулзах ёстой хүн байхгүй болохоор жаахан хүлээж байхдаа Гандангийн төв хаалганаас жаахан урагш яваад хэрэг болсон гэх гудамжинд байдаг цайны газар хоол идчихээд жаахан  сууж байтал нөгөө цайны газар хаах гээд байна гэхээр нь би заза тэгвэл би гэртээ харъя гэж бодоод цайны газраас гараад нөгөө гудамжинд Бөмбөгөрийн автобусны буудал чиглээд явж байтал үл таних залуу миний баруун мөрийг зүүн мөрөөрөө мөрлөөд гарсан. Тэр асуудал болохоос өмнө миний баруун мөр гэмтэлтэй байсан болохоор маш их өвдөөд би нөгөө залуу руу эргэж хараад чи замаа харж явалдаа, хүн мөргөчихлөө гэсэн чинь нөгөө залуу миний өөдөөс чи муу юу юм бэ гэх зэргээр хэдэн үг хэлээд надтай маргах шиг болохоор би тэр залууг чи дуугүй бай гэж хэлээд эргээд явсан. Тэгээд эргэж хараад явж байтал миний ард нэг хүн хөөе гэх шиг болохоор нь би эргээд хартал, намайг мөрлөчихөөд маргаад байсан залуу надад чамайг ална гэж хэлээд миний гэдэс орчим цохих шиг болсон. Тэр үед миний гэдэс орчим их эвгүй болохоор нь би хоёр гараараа дараад доошоо суутал нөгөө залуу гартаа хар өнгийн иштэй ахуйн хэрэглээний хутга барьчихсан, тэр хутганых нь үзүүр хэсэг нь цус болчихсон байсан бөгөөд би доошоо шууд хэвтсэн чинь нөгөө залуу миний дээрээс нэг дэвсчихээд яваад өгсөн. Тэгээд би гараа хартал нил цус болчихсон байсан бөгөөд нэг хэсэг шоконд орон манарч байгаад нэг сэргэсэн чинь эмнэлэг дээр сэргэсэн.

Миний бие одоо эмнэлгээс гараад өдөр болгон боолт хийлгэж байгаа бөгөөд одоохондоо миний хэвлийн дээрх шархнаас эдээ гараад байгаа боловч эмч нар бол гайгүй гээд байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.А-ийн өгсөн:

            “...2019 оны 8 дугаар сарын 25-ны 19:00 цагийн орчимд гэрээсээ гараад явж байхад БГД-н 16-р хороо Туулын 4-р гудамжинд бор шаргал куртик хар өмдтэй хүзүүн дээрээ том шивээстэй залуу, махлагдуу өндөрдүү биерхүү биеийн тамирын саарал өмд цамцтай залууг гараараа цохиод газар унахаар нь дэвсээд байсан. Тэгээд гартаа хутга барьчихсан уг саарал цамцтай залууг хэвлийний зүүн хэсэгт нь хутгалчихсан. Би хутгалуулдаг залуу дээр очоод та яасан зүгээр үү гээд гэдсийг нь харахад цус гарч байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд уг хутгалдаг залууг араас нь дагаад явж байгаад цагдаа нар ирэхээр нь бариулж эрүүлжүүлсэн.

Тэр үед би яллагдагч залууг араас нь дагаж байхдаа такси барих гээд нэг Приус зогсоохоор нь таксины жолоочид наад хүн чинь хүн хутгалсан гэж хэлсэн чинь нөгөө такси явсан. Харин тэр үед яллагдагч залуу намайг дагаж байгааг мэдээд зугтаасан бөгөөд надтай хамт явсан нэг дугуйтай хүүхэд араас нь хөөсөн бөгөөд би наана нь байхдаа яллагдагч залуугийн араас зүгээр явж байсан хүмүүс рүү хүмүүсээ наад залуугаа бариад аваарай гэж орилсон. Өөр нэг энгийн хувцастай махлаг биетэй гэмээр шар царайтай залуу гэнэт яллагдагч залууг бариад авсан.

Миний харснаар хохирогч залуу газар уначихсан, дээрээс нь яллагдагч гэх залуу нь аль хөлөөрөө гэдгийг нь санахгүй байна нэг хөлөөрөө хохирогчийн дээрээс дэвсээд, гараараа цохиж байсан. Тэр үед яллагдагч залууг цагаан футболктой махлаг биетэй залуу татаад салгаж байхад хохирогч залуу босоод ирсэн байсан. Тэгэх хооронд л яллагдагч залуу, хохирогч залуугийн хэвлийн орчим хутга гаргаж ирээд хатгачихсан. Тэр явдлыг би маш тодорхой харсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 91-92/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ц-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 25-ны өглөө манай хамтран амьдрагч Ц.Ц гэртээ байхдаа ганцаараа нэг ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво уучихаад тамхи авах гэсэн юм хайраа 2.000 төгрөг өгчих гэхээр нь би мөнгө өгөөд явуулсан. Тэгээд Ц тамхинд яваад ирэхдээ дух нь шалбарсан, хамарнаас нь цус гарсан байдалтай нилээн ууртай орж ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуутал Ц харин гудамжинд явж байсан нэг пизда тамхиа өгчих гэдэг байна шүү дээ гэж байсан. Тэгээд Ц гэрээс огт гаралгүй байж байгаад 16:00 цагийн үед дахин тамхи авахаар болоод би Цад хайрцаг тамхи аваад ир гээд гаргасан. Тэгээ удаагүй байтал Ц гаднаас нилээн хурдтай орж ирээд буцаад гарахдаа гэрт байсан хар иштэй хутга шүүрэн аваад гарсан. Тэр үед би бага охиныхоо памперсыг солиод Цын араас гарч машинаа асаагаад гэрээс гарч гудамжинд явж байтал Цад хутгалуулсан гэх хүн гэдсээ гараараа дарчихсан, гараар дарсан хэсгээс нь цус гарсан байдалтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 94-95/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-нna өдрийн шинжээчийн 10312 тоот: 

  1. Г.Х-э-н биед хэвлийн зүүн доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, бүдүүн гэдэс, сэмжний хатгагдсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

  2.5.6. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4.7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 4 дүгээр гудамжинд иргэн Г.Х-ий хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий цус хуралдалт, бүдүүн гэдэс, сэмжний хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Цын “...анх цагдаад дуудлага өгсөн эгч хөөе чи хүн хутгалчихлаа гэхээр нь хохирогч миний гарт байсан хутганд хутгалагдсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Г.Х-ий “...нэг хүн хөөе гэх шиг болохоор нь би эргээд хартал, намайг мөрлөчихөөд маргаад байсан залуу надад чамайг ална гэж хэлээд миний гэдэс орчим цохих шиг болсон. Тэр үед миний гэдэс орчим их эвгүй болохоор нь би хоёр гараараа дараад доошоо суутал нөгөө залуу гартаа хар өнгийн иштэй ахуйн хэрэглээний хутга барьчихсан, тэр хутганых нь үзүүр хэсэг нь цус болчихсон байсан бөгөөд би доошоо шууд хэвтсэн чинь нөгөө залуу миний дээрээс нэг дэвсчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч С.А-ийн “...БГД-н 16-р хороо Туулын 4-р гудамжинд бор шаргал куртик хар өмдтэй хүзүүн дээрээ том шивээстэй залуу махлагдуу өндөрдүү биерхүү биеийн тамирын саарал өмд цамцтай залууг гараараа цохиод газар унахаар нь дэвсээд байсан. Тэгээд гартаа хутга барьчихсан уг саарал цамцтай залууг хэвлийний зүүн хэсэгт нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Д.Ц-ын “...би юу болсон талаар асуутал Ц харин гудамжинд явж байсан нэг пизда тамхиа өгчих гэдэг байна шүү дээ гэж байсан. Тэгээд Ц гэрээс огт гаралгүй байж байгаад 16:00 цагийн үед дахин тамхи авахаар болоод би Цад хайрцаг тамхи аваад ир гээд гаргасан. Тэгээд удаагүй байтал Ц гаднаас нилээн хурдтай орж ирээд буцаад гарахдаа гэрт байсан хар иштэй хутга шүүрэн аваад гарсан. Тэр үед би бага охиныхоо памперсыг солиод Цын араас гарч машинаа асаагаад гэрээс гарч гудамжинд явж байтал Цад хутгалуулсан гэх хүн гэдсээ гараараа дарчихсан, гараар дарсан хэсгээс нь цус гарсан байдалтай явж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 10312 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Цыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу ахуйн хэрэглээний хутгыг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан гэмтэл түүнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хөнгөрүүлэн үзэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх талаар санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан хутга, хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх зүйл үгүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г.Х-ий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсноор эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан төлбөр болох 1.973.608 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Цаас гаргуулж, хохирогч Г.Х-эд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.Цад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Цыг 05 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Цад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар зэрэгт тохирно гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Цад 05 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Цад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Цаас нийт 1.973.608 төгрөг гаргуулж, хохирогч Г.Х-эд олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цад авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                           А.АЛТАНХУЯГ                                       

                                                                                                С.БОЛОРТУЯА