| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0336/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/335 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/335
2019 11 15 2019/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дуламжав,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Л.Ад холбогдох эрүүгийн 1934007830414 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт 1982 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 22-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн Л.А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.А нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Шар булагийн рашаан” гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Энх-Амагалантай маргалдаж, улмаар түүнийг хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934007830414 дугаартай хэрэгт хохирогч Б.Энх-Амгалан /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч Б.Энх-Амгалан /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Л.Батболд /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Х.Ариунболд /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч П.Энхболд /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхбаяр /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Мэндбадрах /хх-ийн 12 дугаар хуудас/, шинжээч Б.Батчимэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, яллагдагч Л.А /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас болон хохирогч Б.Энх-Амагалангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Б.Энх-Амгалангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18, 31-39 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Л.А нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Шар булагийн рашаан” гэх газарт Б.Энх-Амгалантай маргалдаж, улмаар түүнийг хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Энх-Амгалангийн ...Миний хувьд бушуухан л салмаар байгаа бөгөөд би анхнаасаа цагдаа сэргийлэх гэж явах хүсэлгүй байсан ба одоо миний биеийн байдал хэвийн болсон байгаа... ...тэр хутга одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үед цус нөж болоод тэнд нь хаясан байх гэж бодож байна... /хх-ийн 4 дүгээр хуудас/,
гэрч Б.Энх-Амгалангийн ...ууж байтал гартаа хутга барьж ирээд миний мөрөнд хүрэх шиг болсон ба би тэр үед юм мэдээгүй ба та яагаад хутга бариад над руу чичиж байгаа юм бэ гээд босоод цохиод авах гэтэл тэнд байсан манай клубийн хүмүүс салгаад тэгээд хүүе наад мөрөнд чинь хутга нь орчихсон байна шүү дээ гээд гэхээр нь хартал мөрнөөс цус гарч байсан. Тэгээд би тэндээ мөрөндөө боолт хийлгээд 2 хоносон бөгөөд тэр хугацаанд Л.А нь огт тоохгүй байсан. Уучлалт ч гуйхгүй байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэх болсон юм... /хх-ийн 5 дугаар хуудас/,
гэрч Л.Батболдын ...би хоол идээд сууж байтал гэнэт пижигнээд Энх-Амгалангийн дээрээс Л.А дээрээс Л.А дараад унах шиг болсон. Тэгээд бүгдээрээ босоод салгаад авахад Энх-Амгалан намайг наадах чинь шаачихлаа гээд хэлэхэд цус зүүн мөр хэсгээс нь нэвчээд гараад ирсэн. Тэгээд бүгдээрээ тал талаас нь боолт хийж, шархийг нь цэвэрлэсэн ба би тэр өдөртөө буцаад Улаанбаатар хот явсан юм... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч Х.Ариунболдын ...би яг хөдлөх гэж байтал платикан дотроос хутга шөвөг болчихлоо гээд гарч ирцгээсэн ба би Энх-Амгалангийн шархыг хараад ариутгаж боож өгөөд уралдааны цаг болоод дуудаад байсан болохоор түрүүлээд яваад өгсөн юм. Тэгээд Энх-Амагалан нь тэнд 2 хоноход цуг байсан бөгөөд Л.А нь Энх-Амгалангаас уучлалт гуйсан бөгөөд хэл амаа ололцлоо л гэж бодсон юм... ...Би яг хэрэлдэж байхад нь бол хажууд нь байсан ба яг юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч П.Энхболдын ...Л.А, Б.Энх-Амгалан нар нь хоорондоо маргалдаад байсан ба яг юунаас болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би яг асуудал болох үед гадаа машинд засвар, үйлчилгээ хийгээд байж байсан бөгөөд нарын юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Намайг гадаа байж байхад нэгнээ гэмтээчихлээ гэхээр нь би ороод шархыг нь цэвэрлэлцээд тэр хоёртой тус тустай нь уулзаж хоорондоо эвлэрэх талаар ярилцаж гар бариулж байсан юм... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Б.Мөнхбаярын ...нэг мэдсэн хүмүүс хүүе хаая гээд бужигналдаад явчихсан ба би майханд яваад ортол Б.Энх-Амагалангийн зүүн мөрнөөс цус гарчихсан шарх үүссэн байсан... ...Л.А, Б.Энх-Амгалан нар миний харснаар дунд зэргийн согтолттой байсан санагдаж байна. Тэр үед сандралдаад хэн нь хэр согтуу байгааг ч анхаарах сөхөөгүй байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
гэрч Б.Мэндбадрахын ...гэнэт пижигнэлдээд л явчихсан ба би босоод салгаад хартал Б.Энх-Амгалангийн мөрнөөс цус гарч байсан. Тэгээд би Л.Аг майхнаас аваад гарсан ба юу болсон юм бэ цаадхын чинь гар хөлнөөс цус гараад байна гэхэд дотор Энх-Амгалан намайг хутгалчихлаа шүү дээ гээд орилоод байсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
шинжээч Б.Батчимэгийн ...Б.Энх-Амгалан гэх хүний зүүн мөрөнд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд баруун сарвуунд өнгөц шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... /хх-ийн 41 дүгээр хуудас/,
яллагдагч Л.А ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Энх-Амгалантай маргалдаж улмаар түүнийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 664 дугаартай ...Б.Энх-Амгалангийн биед зүүн мөрөнд шарх, баруун сарвуунд өнгөц шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас болон хохирогч Б.Энх-Амагалангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Б.Энх-Амгалангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18, 31-39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Л.Ад холбогдох эрүүгийн 1934007830414 дугаартай хэргийг шүүгдэгч Л.Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.Энх-Амгалан нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Агийн согтуурсан үедээ иргэн Б.Энх-Амгалантай маргалдаж, улмаар түүнийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хутгаар хүнийг цохиж, хатгах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, хатгасан, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон, хатгасан хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодож, хатгасан үйлдэл учирсан хөнгөн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Энх-Амгалангийн эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, баруун сарвуунд өнгөц шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Энх-Амгалан нь, шүүгдэгч Л.Агаас эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Л.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Энх-Амгалан нь шүүгдэгч Л.Ад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Л.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С овгийн Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Л.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С овгийн Л.Аг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч С овгийн Л.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Энх-Амгалан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН