Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

 

   2019          09         23                                      2019/ШЦТ/796

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч: Б.Н-,

Шүүгдэгч: Б.Д-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905031180912 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д-, 1970 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д-нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн баруун доош уруудах зам дээр иргэн Б.Н-ыг “замын хөдөлгөөнд дүрмээр явсангүй” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Гандангаас доошоо уруудах замд явж байхад хоорондоо зайтай байхад хурдтай ороод ирсэн. Би тухайн үед яаруу явж байсан учраас бухимдаад маргалдсан. Хохирогч миний өөдөөс салаавч гаргаад байсан. Зам дээр явж байхад хажуугаар гарахдаа салаавч өгөөд байхаар нь бухимдсан. Би хохирогчийг орк гэж хэлээгүй. Хохирогчийн нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэв.

Хохирогч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Гандангийн уулзвараас хоёрдугаар эгнээнд явж байхад хажуу талын нэгдүгээр эгнээнээс огцом дараад орж ирсэн. Тэгээд миний хажуугаар гараад гэрлэн дохион дээр зогссон. Гэрлэн дохион дээр цонхоо буулгаад намайг харчихаад бууж ирээд дүрмээ мэдэх үү гээд доромжлоод намайг цохиход хамарнаас цус гарсан. Би машиныхаа арааг салгаад тоормос гишгээд бууж ирэхэд намайг боогоод байсан. Тэгээд зам дээр байсан ах хараад бид хоёрыг салгасан. Би цагдаад дуудлага өгөөд өргөдөл бичиж өгөөд гэмтэлд үзүүлсэн..” гэв.

Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарны 27-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гэсэр сүмийн баруун талын замаар уруудах 2 дугаар эгнээгээр ..... улсын дугаартай цагаан өнгийн приүс-20 загварын автомашинтай явж байсан чинь нэгдүгээр эгнээнд явж байсан ..... УББ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приүс машин 1 дүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү огцом дараад эргэхээр нь би эсрэг урсгал руу шахагдаж ороод зогссон чинь нөгөө машин тэр чигээрээ цаашаагаа яваад гэрлэн дохион дээр очоод зогссон. Тэгэхээр нь би араас нь машинтайгаа очоод зогссон чинь жолооч нь машинаасаа бууж ирсэнээ чи муу тэнэг муу мал минь дүрмээ мэдэх үү, орк минь гэхээр нь би эгнээгээрээ явж байсан гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод байсан ба би машиндаа суугаад гэрэл асчихлаа одоо яв гэсэн чинь .... УББ приүс машины жолооч машинаасаа бууж ирээд жолооч талын цонхоор нүүрлүү гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11-р хуудас/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр Б.Д-тэй утсаар яриад ажлаас ирж аваарай гэсэн чинь ойрхон ирж байна гэхээр нь би ажлынхаа гадаа зогсоод байж байсан чинь Б.Д- хүрээд ирсэн ба нэг харсан чинь хүзүү нь улаан эрээн болсон байсан... тэгэхээр нь хүзүүгээ яасан юм бэ гэсэн чинь аа нэг хүнтэй маргалдаад гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/

Шинжээчийн 9295 тоот дүгнэлтэд: “...Б.Н-ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, эрүүнд зулгаралт, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 16-р хуудас/,

Яллагдагчаар Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-70-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн гэмтэл авсан гэх гэрэл зураг /хх-н 26-28, 30-33/, хохирлын баримтууд /хх-н 34-35/, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-н 35/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37,46-54/, хяналтын камер шалгасан тухай тэмдэглэл /хх-н 73-75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Д-нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр  Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн баруун доош уруудах  зам дээр иргэн Б.Н-ыг “замын хөдөлгөөнд дүрмээр явсангүй” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Н-ын: “...Гэрлэн дохион дээр цонхоо буулгаад намайг харчихаад бууж ирээд дүрмээ мэдэх үү гээд доромжлоод намайг цохиход хамарнаас цус гарсан. Би машиныхаа арааг салгаад тоормос гишгээд бууж ирэхэд намайг боогоод байсан. Тэгээд зам дээр байсан ах хараад бид хоёрыг салгасан..” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-ын: “...Б.Д- хүрээд ирсэн ба нэг харсан чинь хүзүү нь улаан эрээн болсон байсан... тэгэхээр нь хүзүүгээ яасан юм бэ гэсэн чинь аа нэг хүнтэй маргалдаад гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/, шинжээчийн 9295 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д-нь хохирогч Б.Н-тай замын хөдөлгөөнд дүрмээр явсангүй гэж маргалдан, түүний  нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 160.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн хүсэлт /хх-н 76/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нь цаашид хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн, хохирогч нь тухайн хагалгаанд ороогүй, энэ талаар баримт байхгүй, хохирол бодитой учраагүй, мөн хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой биш байх тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба уг торгуулийг ялыг биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн баримттай хохирлыг төлсөн, хохирогч гомдолтой зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Н- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР