Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

   2019          09         24                                      2019/ШЦТ/800

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,  

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Н.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-д холбогдуулж яллах дүгнэлт 1905031270847 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М-д, 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.М-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ....од Т.А-ыг “гэр бүлийн маргаанд оролцлоо” гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Н.М-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэр бүлийн маргаан болсон. Дүүд нь уурандаа гар гэж хэлж чирсэнээс өөр зүйлгүй.  Уг үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан байж магадгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.А-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...М- жижиг өрөөнөөс орилоод гарч ирээд салаавч гаргаад миний нүүрэн дээр тулгаад зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би босоод яаж байгаан бэ гээд өөрөөсөө түлхээд холдуултал “янхан, банзал, гичий, пиздагаар” дуудаад“ чамаар амьдралаа заалгахгүй гарч зайл” гээд гарнаас зулгаагаад татаад байхаар нь би гарахгүй гэтэл нуруу руу гараараа 2-3 удаа цохиод, том өрөөний хаалга руу саваад дахиж гар өчиж дээрээс дарж унагаад зүүн гарнаас чирсээр байгаад гэрээсээ гаргаад түлхэхэд би урагшаа өвдөглөөд газар унасан.Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. Миний биед учирсан гэмтлийг хүргэн ах М- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/,

Гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...чи 2 хүүхдээ авчихад яадгийн гээд маргаж байхад гал тогооны өрөөнд хоол хийж байсан дүү А- орж ирээд чи хүүхдээ аваач яахаараа дандаа манай эгч авч байдгийн, чи хүүхдээ авалцахад яадын гэтэл А-ы урдаас “чамд ямар хамаатай юм бэ, бид 2-н дунд битгий хэрүүл хийгээд бай зайл” гээд маргаад байсан. М- жижиг өрөөнөөс гарч ирээд салаавч гаргаад А-ы нүүр рүү тулгаад, нүүр рүү нь 1 удаа алгадчих шиг болсон. Тэгтэл А- босч ирээд М-ыг түлхтэл М- А-ыг “зайл гичий минь, энэ чинь миний гэр гичий минь, чи дандаа архи уухаараа манайд ирдэг биздээ гээд пизда, янхан, банзал” гэж хараагаад хөөгөөд байсан. А- гарахгүй гээд тэр хоёр хоорондоо бие биенийгээ түлхэлцээд байсан. Тэгж байхдаа М- А-ы дээр дарж унагаж байсан. Тэгээд босч ирээд түлхэлцэж байгаад зайл гичий минь гээд зүүн гарнаас нь татаж чирээд гэрээс гаргаад хаалга хаачихсан. Тухайн үед М- миний биед халдаж гар хүрч цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/

Шинжээчийн 9352 тоот дүгнэлтэд: “...Т.А-ы биед тархи доргилт, зүүн мөр, тохойн үений зөөлөн эдийн няцрал, бугалга, тохой, шуу, гарын ядам, чигчий хуруунд цус хуралт, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун шагай үенд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх  хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20-р хуудас/,

Яллагдагчаар Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...21 цагийн  үед ...хэвтэж байтал эхнэр угаалгын өрөөнөөс гарч ирээд “хүүхдээ ав” гэхээр нь “чи авчих ” гэтэл цаанаас дүү А- нь “чи хүүхдээ аваач, манай эгч хамаг ачааллыг үүрч байна, чи их давраад байгаа нөхөр шүү хамаг юмыг чинь манай эгч болгоод хийгээд байна” гэхээр нь “чамд хамаагүй” гэтэл “чи ерөөсөө юу ч хийхгүй манай эгч хийгээд байна өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн байраар амьдарч байж” гэхээр нь би “чамаас би мөнгө гуйгаагүй, чи манайд ирэх болгондоо эрүүлдээ ч согтуудаа ч хэрүүл хийх юм, өмнө нь танай хашаанд байхад хөөж байсан одоо манайхаас гараад зайлчих, би танай эгчтэй суугаад 6 жил болохдоо та нараас нэг ч удаа мөнгө гуйж байгаагүй, зайл гээд салаавч өгтөл гэтэл урдаас хэрэлдээд үсний шампунь авч надруу шидтэл газар уначихсан. Би уурлаад А-ы зүүн гарнаас чирээд гэрээсээ гаргах гэтэл гарахгүй гээд зууралдаад байхаар нь хүчээр чирсээр байгаад хөөж гаргаад хаалгаа хаагаад унтлагын өрөөндөө хэвтэж байтал 2 цагдаа ирээд намайг гавлаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Гэр бүлийн асуудалд оролцож хэрүүл хийснээс болоод өнөөдөр ийм асуудал үүсээд байна. А-ыг манай гэр бүлийн асуудалд оролцож байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 8-10, 23-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.М-нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ....од Т.А-ыг “гэр бүлийн маргаанд оролцлоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.А-ы: “...М-ын жижиг өрөөнөөс орилоод гарч ирээд салаавч гаргаад миний нүүрэн дээр тулгаад зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би босоод яаж байгаан бэ гээд өөрөөсөө түлхээд холдуултал “янхан, банзал, гичий, пиздагаар” дуудаад “чамаар амьдралаа заалгахгүй гарч зайл” гээд гарнаас зулгаагаад татаад байхаар нь би гарахгүй гэтэл нуруу руу гараараа 2-3 удаа цохиод, том өрөөний хаалга руу саваад дахиж гар өчиж дээрээс дарж унагаад зүүн гарнаас чирсээр байгаад гэрээсээ гаргаад түлхэхэд би урагшаа өвдөглөөд газар унасан. ...Миний биед учирсан гэмтлийг хүргэн ах М- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Т.Б-ы “...чи 2 хүүхдээ авчихад яадгийн гээд маргаж байхад гал тогооны өрөөнд хоол хийж байсан дүү А- орж ирээд чи хүүхдээ аваач яахаараа дандаа манай эгч авч байдгийн чи хүүхдээ авалцахад яадын гэтэл А-ы урдаас “чамд ямар хамаатайн бид 2-н дунд битгий хэрүүл хийгээд бай зайл” гээд маргаад байсан. М- жижиг өрөөнөөс гарч ирээд салаавч гаргаад А-ы нүүр рүү тулгаад, нүүр рүү нь 1 удаа алгадчих шиг болсон. Тэгтэл А- босч ирээд М-ыг түлхтэл М- А-ыг “зайл гичий минь, энэ чинь миний гэр гичий минь чи дандаа архи уухаараа манайд ирдэг биздээ” гээд “пизда, янхан, банзал” гэж хараагаад хөөгөөд байсан. А- гарахгүй гээд тэр хоёр хоорондоо бие биенийгээ түлхэлцээд байсан. Тэгж байхдаа М-, А-ы дээр дарж унагаж байсан. Тэгээд босч ирээд түлхэлцэж байгаад “зайл гичий минь” гээд зүүн гарнаас нь татаж чирээд байгаад гэрээс гаргаад хаалга хаачихсан...” гэсэн мэдүүлэг, /хх-н 17-18/, шинжээчийн 9352 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-нь хохирогч Т.А-ыг гэр бүлийн маргаанд оролцлоо гэх шалтгаанаар гэрээсээ хөөж, нүүр рүү нь цохиж, чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А-ы биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.М-нь үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Н.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР