Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 801

 

 

 

 

 

 

  2019          09         25                                      2019/ШЦТ/801

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: А.О-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.О-д холбогдуулж яллах дүгнэлт 1905033170932  дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.О-, 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......тоот регистртэй,

Шүүгдэгч А.О-нь 2019 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Винсвей” баарны үүдэнд иргэн Д.С-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  А.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед Д.С- манай найз хоёр маргалдсан. Намайг хохирогч доромжлоод дараа нь миний уур хүрээд санаандгүй цохьсон. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна..” гэв.

Хохирогч Д.С-гийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Винсвей” пабад орж 3-н давхарт найз Х-тай уулзаад хоёр, хоёр шил пиво захиалж уугаад хоол идсэн. ...3-н эмэгтэй миний хажууд бүжиглэж байсан гэтэл хар өнгийн шигтгээтэй цамц өмссөн эмэгтэй миний цүнхэнд ойртоод гараараа цүнх онгойлгосон байсан. ...ингээд баарны зохион байгуулагч эрэгтэй ирээд уг эмэгтэйг гаръя гээд хамт гарсан. ...Үлдсэн найзад нь эмэгтэй хүмүүс байж яагаад хүний цүнх ухах гээд дайраад байгаа юм бэ гэсэн чинь битгий хуцаад бай би наадахыг чинь танихгүй гэж хэлээд намайг үсдсэн. Би зөрүүлээд үсдээд зогсож байтал баарны хамгаалагч ирээд салгасан. ...баарны зохион байгуулагч яасан талаар асууж байтал намхан тарган биетэй эмэгтэй миний зүүн гар талд зогсож байснаа миний нүүр рүү буюу хамар руу гараараа нэг удаа цохьсон. Энэ үед би арагшаа хаалга мөргөөд саваад унасан. ...би хамраа дараад сандал дээр суусан хамарнаас маш их цус гарсан. Ингээд найз Х- цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/,

Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.С- энэ эмэгтэй миний цүнхийг ухах гээд байсан гэж хэлсэн чинь намхан махлаг хар үстэй эмэгтэй ирээд шууд Д.С-гийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Д.С-гийн хамраас цус гарсан, баарны хамгаалагч ирээд уг эмэгтэй болиулсан... ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/

Шинжээчийн 9985 тоот дүгнэлтэд: “...Д.С-гийн биед хамар ясны ханга хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-н 37/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хохирогч Д.С-г юм яриад зогсож байхад нь А.О- баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьж байна. Энэ үед хохирогч Д.С- гараараа нүүрээ даран газар сууж байна...” гэсэн тэмдэглэл /хх-н 8-10/,

Яллагдагчаар А.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би цохьсон талаараа сайн санахгүй байна,...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

Хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3-4/, хохирлын баримтууд /хх-н 33-35/ компьютерт томографийн оношилгоо /хх-н 36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42-46/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-н 57/, хохирогчийн хүсэлт /хх-н 63/, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий Сиди зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.О-нь 2019 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Винсвей” баарны үүдэнд иргэн Д.С-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.С-гийн: “...Үлдсэн найзад нь эмэгтэй хүмүүс байж яагаад хүний цүнх ухах гээд дайраад байгаа юм бэ гэсэн чинь битгий хуцаад бай би наадахыг чинь танихгүй гэж хэлээд намайг үсдсэн. Би зөрүүлээд үсдээд зогсож байтал баарны хамгаалагч ирээд салгасан. ...баарны зохион байгуулагч яасан талаар асууж байтал намхан тарган биетэй эмэгтэй миний зүүн гар талд зогсож байснаа миний нүүр рүү буюу хамар руу гараараа нэг удаа цохьсон энэ үед би арагшаа хаалга мөргөөд саваад унасан. ...би хамраа дараад сандал дээр суусан хамарнаас маш их цус гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/, гэрч Г.Х-гийн: “...Д.С- энэ эмэгтэй миний цүнхийг ухах гээд байсан гэж хэлсэн чинь намхан махлаг хар үстэй эмэгтэй ирээд шууд Д.С-гийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон... ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/, шинжээчийн 9985 тоот дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.О-нь хохирогч Д.С-гийн нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.С-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт /хх-н 63/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.О-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч А.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР