Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 564

 

                                                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Амарзулд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхтуул,

Ялтан Г.Амарзулын өмгөөлөгч А.Ганбат,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Амарзулын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.Амарзулд холбогдох эрүүгийн 201625014224 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Гүндмаагийн Амарзул, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 15-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: МТ90121207/,   

          Г.Амарзул нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-1966 тоотод байх Гүнддуламын гэрт 2016 оны 12 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө бусадтай архидан согтуурч улмаар иргэн Г.Ууганзаяатай маргалдан түүний хоолойг боож хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Амарзулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Гүндмаагийн Амарзулыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулыг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Амарзулын урьд цагдан хоригдсон 188 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тюль /торон хөшиг/, 0.75 литрийн “Хараа” архины шил 3 ширхэг, цагаан өнгийн аяганы хагархай хэсгүүд, тэлээний арал 1 ширхэг, бэлгэвч 2 ширхэг зэрэг зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Амарзулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

          Ялтан Г.Амарзулын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн гэмт хэрэг санамсар болгоомжгүй байдлын улмаас тохиолдлын чанартай үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэг болох үед согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн гэдэгтэй маргахгүй. Гэтэл талийгаач нь Г.Амарзулыг боосон байдаг. Г.Амарзул боох ямар байдгийг өөрт нь үзүүлэх зорилгоор боосон. Хохирогчийг үхчихнэ гэж бодоогүй гэдэг. Иймд болгоомжгүйгээр хүний амь нас хохирсон гэж үзэхээр байна” гэв. 

            Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн талаар шаардлагатай ажиллагаа хийгдэж, нотлогдвол зохих зүйлүүд нотлогдсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Г.Амарзул нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-1966 тоотод байх Гүнддуламын гэрт 2016 оны 12 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө бусадтай архидан согтуурч улмаар иргэн Г.Ууганзаяатай маргалдан түүний хоолойг боож хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантулгын “...Би тухайн хэрэг болдог шөнө буюу 2016 оны 12 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт хоносон ба надад 2016 оны 12 дугаар сарын 3-ны өглөө манай ээжийн төрсөн эгчийн охин буюу үеэл эгч Ариунзул өөрийн утсаар над руу залгаж “урьд шөнө эгч Ууганзаяа чинь нас барчихлаа” гэхээр нь “ээж хаана байгаа юм бэ” гэхэд “Баянзүрх дүүргийн цагдаа дээр байна” гэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирэхэд ээж, Амарзул, Гүндмаа эгч, Энхзул нар байсан. Ингээд би Гүндмаа эгчээс юу болсон талаар асуухад “урьд шөнө эд нар гурав дөрвүүлээ архидаж байгаад эгч чинь нас барчихсан байна” гэж хэлсэн. “...би өөрийнхөө эгчийг бодохоор харамсалтай байна, мөн Г.Амарзул нь надтай үеэл, садан төрөл болохоор бас хэцүү байна, хэргийг шүүх хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдвэрлэнэ биз...” /хх-31/,

            “...сэтгэл санааны хохиролтой байна, хэцүү байна, нэхэмжлээд байх юм алга...” /хх-94/,

         

          Г.Амарзулын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би Ууганзаяаг орон дээр сууж байхад нь татаж унагаагаад газар дээшээ харуулж хэвтүүлээд би дээр нь гарч хөлөө нугалж түүний 2 талаар нь оруулж өвдөглөж суугаад ноцолдож 2 гарыг нь дарж байгаад эхлээд хоолой дээр нь гараараа дарж боож байгаад сүүлдээ зурагтны тавиурын хажууд байсан цагаан өнгийн тюлийг /цагаан өнгийн торон даавуу/ авч 2 гартаа тюльний 2 үзүүрийг ороож байгаад Ууганзаяагийн хүзүүгээр нь 2 ороогоод тюльнийхээ 2 үзүүрийг татаж газар дарж Ууганзаяагийн хоолойг боосон. Тэгтэл Ууганзаяагийн царай хөхрөөд сонин болсон. ...өвдөглөж суухад миний 2 өвдөг шалбарсан, гартаа тюль ороогоод татахад баруун гарын эрхий хурууны хумс хугарсан байсан...” /хх-70-71/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2212 дугаартай дүгнэлтэд “...1.Талийгаач Г.Ууганзаяагийн цогцост хүзүүний арьсан дахь зулгаралт, цус хуралт, дарагдлын ором, хүзүүний булчин, залгиур, төвөнхийн баруун ар хананд цус хуралт, толгойн хуйхан дор дух хэсэгт, эрүү, баруун зүүн эгэм, хоёр гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүү, дээд, доод уруул, баруун гарын хуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.9 промилли, ходоодны шингэнд 4.7 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 4. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүсчээ. 5. Талийгаач нь багалзуурдалтын улмаас буюу хүзүү гаднаасаа дарагдаж амьсгал механикаар бүтэж нас баржээ. 6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна...” /хх-46-47/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 16364 дугаартай дүгнэлтэд “...1. Г.Амарзулын биед 2 хөлийн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун эрхий хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо...” /хх-52/ гэх дүгнэлт, хэрэг учралын газар болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-4-16/, Г.Амарзулын хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-28/, шинжээчийн дүгнэлт /хх-46-47/, хүний биед үзлэг хийсэн шинжилгээ /хх-52/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-118-119/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           

            Анхан шатны шүүх Г.Амарзулын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

           

            Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Амарзул нь 2016 оны 12 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-1966 тоот дахь өөрийн нагац эгч Гүнддуламын гэрт бусадтай архидан согтуурч, үеэл эгч Г.Ууганзаяаг “янхан, гичий манайхаас зайл” гэж хэлснээс үүдэн түүнтэй маргалдан, улмаар түүний баруун хөл өвдөгнөөс доош тайрагдсан буюу хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдаж хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдсээр байж гараараа багалзуурдан, хөшигний тюлээр хоолойг нь боож, механик амьсгал бүтэлтэд оруулж алсан үйл баримт тогтоогдсон байна.    

           

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

 

            Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Г.Амарзулыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

 

            Түүнчлэн шүүгдэгч Г.Амарзулын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

         

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Г.Амарзулын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Боржигон овогт Гүндмаагийн Амарзулыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Гүндмаагийн Амарзулыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулыг 15 /арван тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулыг 12 /арван хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй..” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарзулд оногдуулсан хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Амарзулын урьд цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Амарзулын цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Г.Амарзулын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ