Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 702

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц ” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц  ХХК-ийн төлөөлөгч Ц.М*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц ” ХХК нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт L-47-98-г (XXY) планшетэд, доорхи солбилцол бүхий Хамар нэртэй 7181,09 га талбайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулахаар өргөдөл гарган 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 7/1047 тоот албан бичгаар “Танай компани 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын Кадастрын хэлтэст анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа булангийн 8 цэг бүхий 1781,09 га талбайд анх хүсэлт гаргасан боловч солбилцолд өөрчлөлт оруулж булангийн 12 цэг бүхий 7018 га талбай болгож хасалт хийгдсэн байгаа тул олгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

Анх гаргасан өргөдлийн солбилцолыг өөрчлөхдөө тус газрын ажилтнуудын зөвшөөрөлтэй өөрчилж, мэргэжлийн байгууллагаараа зураг хийлгэсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 7/1047 тоот албан бичгээр өгсөн хариуны хууль зүйн үндэслэлийг шалгаж, уг зөвшөөрлийг хуулийн дагуу олгуулж шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/1987 тоот албан бичгээр олгох боломжгүй гэсэн хариуг аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасны дагуу ерөнхий болзлыг хангасан тул манай компани нь хууль журмын дагуу өргөдөл гаргасан, 2015 онд гаргасан өргөдөл удаан хугацаанд шийдвэрлэгдэхгүй байсан.

Анх гаргасан өргөдлийн солбилцолыг тус газрын ажилтнуудын зөвшөөрөлтэй өөрчилж, мэргэжлийн байгууллагаараа зураг хийлгэн, зохих журмын дагуу өргөдлийг өгсөн бөгөөд энэ нь уг талбайд зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурьдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 17.3.3 дах хэсэгт “Тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хорглосон газар” гэж тус тус хуульчилсантай нийцэж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 18.2-т заасан хавсаргах баримтыг хавсаргасан, 19.1-т заасан өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэсэн, өргөдөл түүнд хавсаргах баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэсэн, тухайн өдрийн хасгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийсэн, бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2 18.2-т шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсэн, хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй зэрэг хуулийн шаардлагыг хангаж байхад тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэсд даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Ц ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

                “Ц ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7181,09 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

                Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17  дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т  “хайгуулын  тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгуулагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн.

               “Ц ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа булангийн 8 цэг бүхий 7181,09 га талбайд хүсэлт гаргасан боловч солбилцолд өөрчлөлт оруулж булангийн 12 цэг бүхий 7018 га талбай болгон хасуулсан байна.

               Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаас бусад тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийн талбайн солбилцолд өөрчлөлт оруулах боломжгүй мөн анх өргөдөл  гаргасан 7181,09 га бүхий талбай нв усан сан бүхий газартай давхцалтай байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан нөхцөлийг хангаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр хүргүүлж мэдэгдсэн байна.

                Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1047 тоот албан бичгээр мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай шаардлага гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-д “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Ц ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь мөн хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “Ц ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дээрх хуульд заасны дагуу шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” саналыг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байх боловч тухайн үед хариуцагчаас нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. 

Өөрөөр хэлбэл тухайн үед Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийхээ хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн боломжтой байсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ц  ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, хариуцагч нь өргөдлийг шийдвэрлээгүй байх явцад Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд өөрчлөлт оруулсанаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан булангийн 8 цэг бүхий 7181.09 га талбай нь усан сангийн газартай давхцалтай болсон байна. 

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ц  ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А*******баатар уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй саналыг ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг Ашигт малтмалын газрын Эрхзүйн хэлтэс тодорхойлсон. Иймд NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн орон нутгаас авах санал хүсэлт, маягтыг Говь-Алтай аймгийн Тамгын газарт дахин илгээж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Засаг даргад “дахин мэдэгдэл” хүргүүлж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “дэмжсэн” саналыг ирүүлсэн байна. 

Хариуцагчаас “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаас бусад тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах боломжгүй, анх өргөдөл гаргасан 7181,09 га бүхий талбай нь усан сан бүхий газартай давхцалтай байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан нөхцөлийг хангаагүй тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан” гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.  

Ц  ХХК нь анх өргөдөл гаргахад ямар нэгэн давхцалгүй байсан, Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин мэдэгдэл явуулсан, Ашигт малтмалын газраас давхцалтай хэсгийн солбицолд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэж байсан тухай гэрчийн мэдүүлэг, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15/010 дугаар албан бичгийн дагуу солбицолд өөрчлөлт оруулж шүүлт хийсэн тодорхойлолт хийж байсан зэргээс үзэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Иймд “Ц ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул Ц  ХХК-ийн өргөдлийн талбайн өөрчилсөн солбицолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018.02 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц ” ХХК-д олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц ” ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ