Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

   2019          09         19                                      2019/ШЦТ/792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Н.Энхболд,

Насанд хүрээгүй хохирогч: Э.Н-, хууль ёсны төлөөлөгч С.Э-, өмгөөлөгч Б.Онолтуяа,

           Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805013770617 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сард ..... 15 настай иргэн Э.Н-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н- бид хоёр 2017 оны 3 сард танилцсан. Тэгээд 6 сараас хойш үерхэж эхэлсэн. Цаашдаа амьдарна гэж ярьдаг байсан. Анх бэлгийн харьцаанд 6 сард орсон. Байнга уулзаж бэлгийн харьцаанд ордог байсан. Манай ээжийг ажилтай үед манай гэрт ирдэг байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх 3 сард танилцаад, 6 сард үерхэж эхэлсэн. 6 сард уулзсан гэж худлаа, 10 сард уулзаад, гадаа хүйтэн байна манайд оръё гэсэн. Гэрт нь ороход хүн байхгүй байсан. Бид хоёр юм ярьж байхад Б-нэг мэдэхэд архи гаргаж ирээд надад аягалж өгсөн. Би ууж үзээгүй гэхэд зүгээрээ чи оюутан болох гэж байгаа хүүхэд ууж сур гээд би 2 балгасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд бие хөндүүр болчихсон байсан. Намайг уйлаад сууж байхад Б-аргадсан. Би гэртээ харьмаар байна гэхэд намайг таксинд суулгаж өгсөн. Тэгээд 10 сард биений юм ирэхгүй байхаар нь Б-д хэлсэн. Хааяа уулздаг байсан. Би жирэмсэн болсон талаараа хэлэхэд наад хүүхдээ авахуул гээд уурласан. Нэг өдөр утсаар залгаад би зулбуулах эм аваад ирлээ, гарч ирээд авчих гэсэн. Тухайн үед миний утсыг булааж аваад зугтсан. Миний хүүхэд биш наад хүүхдээ авахуул гэсэн. 1 сард эмнэлэгт үзүүлье гээд намайг дуудсан. Тэр үед намайг хашгичаж загнаад байхаар нь би айгаад гэрлүүгээ орсон. Тэгээд ээж 2 сард мэдээд эмнэлэгт очсон. Тухайн үед ч тэр одоо ч гэсэн миний нэр төрд халдаж байгаад би маш их гомдолтой байна..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би охин Н-ыг 2018 оны 7 дугаар сараас эхлээд хүүхэдтэй үерхээд байгаа талаар мэдсэн. Хэзээ яаж уулзсаныг нь мэдээгүй. Надтай уулзуулахгүй юм уу гэхэд хувийн сургуульд сурдаг. Надаас 2 ах гэж байсан. Би утсыг нь аваад Б-д манай хүүхэд 16 нас хүрээгүй гэж хэлж байсан. Тухайн үед би сануулаад өнгөрч байсан. Охиноо айлаар хоноод, хичээлээ тараад айлд очоод байдаг талаар мэдэхгүй байна. 2018 оны 2 дугаар сараас хойш биеийн байдал нь сонин болоод эмнэлэгт үзүүлэхэд ийм зүйл болчихсон байсан. Охиноо дагуулаад гэрт нь очиход өөрөө байгаагүй. Ээж нь авч хэлэлцэхгүй өгдөг газар нь өг гэсэн. 16 насанд хүрээгүй охиныг минь ийм болгочихоод нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Миний охины нэр хүндэд халдаад ийм байдалд хүргэсэнд бид сэтгэл санааны маш хүнд байдалд байгаа. Б-д зохих хариуцлагыг оногдуулж, баримтаар гаргаж байгаа шинжилгээ, эмчилгээний хохирол төлбөр 531.400, өмгөөлөгчийн хөлс 3.300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, нийт 18.831.400 нэхэмжилж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-гэх залуутай 2017 оны 3 дугаар сард фэйсбүүкээр танилцаад түүнээс хойш чатладаг байж байгаад 6 дугаар сард Б-хоёулаа үерхэе гэж гуйдаг болсон. Тэгээд 10 дугаар сард анх удаа Үйлдвэр комбинатын 120-ын тэнд уулзаад сууж байхад “гадаа хүйтэн байна, манай гэрт оръё, манай гэрт манайхан байгаа” гэж хэлэхээр нь дагаад орсон. Гэтэл гэрт нь хэн ч байгаагүй. Тэгээд “танайхан байгаа гэсэн биз дээ” гэж асуухад “нөгөө өрөөнд байгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө өрөөнийх нь хаалга хаалттай байхаар нь бид хоёр юм яриад сууж байхад хаанаас юм мэдэхгүй нэг шил 0.5 литрийн шилтэй архи гаргаж ирээд энийг уучих гээд аягалаад өгөхөөр нь “юу яриад байгаа юм, би архи уудаггүй” гэсэн чинь “зүгээр уучих, чи надад итгэхгүй байгаа юм уу, олон сар хоорондоо харьцсан, чи намайг мэдэж байгаа байлгүй дээ, дараа ингээд найз нөхөдтэйгээ уулзах, оюутан болоод архи уухаар болбол дараа ер нь чамд хэрэгтэй, надад итгээд уугаад үз” гэж хэлэхээр нь нэг удаагийн аяга шиг аяганд хийж өгсөн архинаас хоёр балгаад, юм яриад сууж байсан чинь толгой эргээд ухаан санаа орж гараад түүнээс хойш, юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь миний бие хөндүүр болоод босоод явах гэсэн чинь хөл салгалаад явж чадахгүй байхаар нь уйлаад сууж байсан. Тэгтэл Б-хүрч ирээд намайг аргадаад “одоо ингээд ийм юм болсон юм чинь бид хоёрын дунд үлдэнэ, би хүнд хэлэхгүй, нэгэнт ийм юм болсон юм чинь намайг ойлгоод надтай үерхэнэ биз дээ” гэж хэлэхээр нь би “гэртээ харимаар байна” гэхэд намайг гаргаад таксинд суулгаж өгсөн. Тэгээд би гэртээ хариад байж байхад араас чатлаад “өдий насны охин ийм юм үзээгүй байна гэж юу байхав дээ, санаа зоволтгүй, чиний насны охин ийм юм үзээгүй байдаггүй юм, юунд нь санаа зовдог юм” гэж хэлсэн. Түүнээс хойш болсон асуудлын талаар ээжээсээ нуугаад хэлж чадаагүй ба Б-тэй гадуур хэд хэдэн удаа уулзсан. Тэгээд 11 дүгээр сард миний биений юм ирэхгүй байхаар нь хэлсэн чинь зүгээрээ сэтгэл санаанаас болоод биений юм ирэхгүй байх тохиолдол байдаг юм. Анхны удаа тийм юм хийхэд жирэмсэн болдоггүй юм гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын эхэнд бид хоёр муудалцаад харьцахаа больсон. Миний биений юм ирэхгүй байхаар нь тест аваад шалгаад үзэхэд жирэмсэн болсноо мэдээд Б-д хэлэхэд “асуудлыг чинь шийдэж өгнө” гэж хэлээд түүнээс хойш нэг их удалгүй манай гэрийн гадаа ирээд “би зулбуулдаг эм олоод ирлээ, гарч ирээд эмээ авчих” гээд дуудахаар нь гараад очиход “утсаа өгч бай” гээд миний гар утсыг аваад чат уншаад над руу гар далайгаад “янхан гичий, чи намайг хуурч байсан байна, өөр хүнтэй харьцаж байсан байна” гээд гар утас аваад “би чиний чатаар харьцсан хүмүүстэй чинь очиж уулзана” гэж хэлээд гар утас аваад явахаар нь гарахад алга болчихсон. Тэгээд хэсэг байж байгаад буцаж ирээд гар утас өгөхөөр нь “чи эмээ авчраагүй юм уу” гэхэд “би чамайг ингэж олж уулзахгүй бол чи надтай уулзахгүй байсан биз дээ” гэж хэлж байсан. Би түүнтэй анх танилцаж байхдаа фэйсбүүкээр өөрийгөө 15 настай гэж танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 1-н 120-126/,

Гэрчээр С.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би ээж, охин Э.Н-ын хамт амьдардаг юм. Тэгээд ажилтай болохоор тэр болгон гэртээ байдаггүй юм. Тэгээд манай охин нэг залуутай найзлаад байгааг өөрөөс нь сонссон юм. Тэр хүүхдийг нь ямар учиртай, хаана байдаг юм гэж асуухад “хувийн сургуульд оюутан, надаас хоёр насаар ах” гэж хэлэхээр нь “ээжтэйгээ уулзуулахгүй юм уу” гэсэн чинь юм хэлээгүй. Түүнээс хойш 2018 оны 3 дугаар сард гэдэс нь томроод жирэмсэн болсныг нь мэдээд “хэнээс жирэмсэн болсон юм” гэж асуухад “үерхэж байсан Б-гэх хүүхдээс жирэмсэн болсон, би таниас айгаад хэлж чадаагүй юм” гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. ...манай охин насанд хүрээгүй хүүхэд байгаа юм …2017 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна өдөр судрыг нь сайн санахгүй байна. Би охин Н-ыг Б-гэдэг залуутай үерхээд байгааг мэдээд гар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байхаар нь ажлынхаа 771830,, гэсэн дугаараас Б-866950, гэсэн дугаар руу залгасан чинь нэг хүүхэд аваад Б-д утсаар яръя гэж байна гээд цааш нь гар утсаа өгөхөөр нь “чи манай охинтой уулзаад байгаа юм байна, хаана сурдаг, юу хийдэг” талаар нь асуухад хувийн сургуулийн 2 дугаар курс, дизайнерын ангид сурдаг, өөрийгөө 18 настай гэж танилцуулж байсан. Би тэр үед нь манай хүүхэд 16 насанд хүрээгүй байгаа шүү гэж хэлэхэд “тиймээ би мэдэж байгаа” гэж өөрийнхөө амаар хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127-128, 135-137/,

Гэрч А.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...би Э.Н-тай 4 дүгээр ангиасаа өдийг хүртэл найзалж нөхөрлөж байна. Б.Б-ийг манай найзтай үерхэж байгаа гэдгээр нь бага зэрэг танина. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай найз Э.Н-ын 16 насны төрсөн өдөр болж байсан. Тэгээд бид хамт Тэнгис кино театрт кино үзэж байсан. Тухайн үед Б.Б- нь Э.Н-ыг 16 насны төрсөн өдөр нь болж байсныг мэдэж байсан. Би тэр үед нь Б.Б-д хандан “манай жаахан найзыг авч үерхчихээд аятайхан хайрлаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Б-нь “за” гээд инээгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 142-143/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- нь манай гэрээр байнга орж гараад, ирж очин явдаг байсан. Заримдаа манай гэрт ирэхдээ гэрээсээ хоол идчихсэн ирдэг байсан. Тэр хоёр үерхэж байсныг манай гэрийнхэн бүгд мэднэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-130/,

Гэрч С.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сараас хойш манайхаар нэг охин өдөр алгасахгүй ирдэг байсан. Тэр охин нь одоо цагдаад гомдол гаргаад байгаа охин байгаа юм. Би тэр охинтой үерхэж, найзалж, нөхөрлөж байна гэж бодож байсан. Би тэр охиных нь нэрийг сайн мэдэхгүй, манай хүүхдүүд Наркаа гэж дуудаад байдаг...” гэсэн мэдүүлэг / хх 1-н 131-132/,

Гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сараас хойш үерхэж байгаа юм. Хоорондоо яаж танилцсан талаар нь сайн мэдэхгүй. Миний хувьд Н-тай дотны найз байгаагүй болохоор нарийн ширийн зүйлийг нь асуугаад байдаггүй. Өмнө нь олон удаа хоорондоо уулздаг байсан. Зарим үедээ Н- ээждээ манай ихрийн нэрийг бариад манайд хонолоо гээд Б-д очиж хонодог байсныг мэднэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133-134/,

Гэрч С.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад Н- яг тодорхой зүйл хэлээгүй. Тухайн үед Н- надад ч Б-н талаар худлаа ярьж явж байсан байна лээ. Н-ыг худлаа ярьж байсан гэдгийг нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Т-й уулзаж ярьж байхдаа мэдсэн бөгөөд Н-, Т-д намайг муулаад Т-г надад муулаад л яваад байсан. Тэгээд энэ яриаг нэг мөр болгохын тулд би Т-тэй холбоо барьсан юм. Тэгээд Т-д Н- чатаар Б-н талаар цагдаад худал мэдүүлэг өгсөн. Мөн надтай 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ЭЕШ эхлэхийн өмнө надтай уулзахдаа ээж Б-г заавал шоронд явуулна гээд байгаа, тэгээд би цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 67-68/,

Гэрч Э.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- надтай чатладаг байсан. Фэйсбүүк хаягаа устгасан байгаа. Нилээн хэдэн фэйсбүүк хаягтай байсан. Одоо надтай харилцдаг Н- гэсэн хаяг л байгаа. Тэр хаягаар нь сүүлд он, сарыг нь сайн санахгүй байна, чатаар харилцах үед Н- өөрөө надад би цагдаагийн газарт очоод чамайг сайн мэдэхгүй, мөн Б-н талаар худал мэдүүлэг өгсөн гэж ярьж байсан. Энэ чатууд нь надад байгаа” гэсэн мэдүүлэг /хх 2-н 69-70/,

Шинжээчийн 3883 тоот дүгнэлтэд: “...Э.Н- нь ургийн биологийн эх байна. ...Б.Б- нь Э.Н-ын ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх магадлал 99,99% байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 146/,

Шинжээчийн 350 тоот дүгнэлтэд: “...Уг ураг нь 19-20 долоо хоногтой буюу жирэмсний 4 сар 21-28 хоногтой байхаар байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 167/,

Шинжээч эмч Б.Г-ийн “...биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлтээс үзэхэд сорьц авсан нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байх бөгөөд уг өдрөөс өмнөх 4 сар 21-28 хоногийг тоолж жирэмсэн болсон байх, насыг тоолж тогтооно”  гэсэн мэдүүлэг /хх 1-н 171/,

Яллагдагчаар Б.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Э.Н- гэх охинтой 2017 оны 3 дугаар сард фэйсбүүкээр анх танилцаж байсан. түүнээс хойш байнга холбоотой байдаг байсан. Хамгийн анх 2018 оны 6 дугаар сарын эхээр Н-тай гэрт нь уулзаж байсан. ...Би Э.Н-тай бэлгийн харьцаанд 3 удаа орж байсан. Би тэр үед ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл түүнд өгч байгаагүй. Би Э.Н-ыг 2001 онд төрсөн гэдгийг нь мэдэж байсан. ...2017 оны 12 дугаар сарын үед Н-ыг жирэмсэн нэг хоёр сартай байхад бэлгийн харилцаанд орсон гэж санаж байна. 2017 оны 10 дугаар сард Н-ын төрсөн өдөр болохоос өмнөхөн нэг удаа бас бэлгийн харилцаанд орсон бөгөөд тэгэхэд Н- тухайн үеийн бэлгийн харилцаанаас болоод жирэмсэн болсон байсан. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 2-н 77-78, 84-85/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 13/, Хохирогчийн өргөдөл /хх 1-н 14/, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 97-118/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 193-194, 207-215/, хохирогчийн өвчний түүх /хх 1-н 201-206/, насанд хүрээгүй хохирогч Э.Н-ын насыг тоолсон тэмдэглэл /хх 1-н 219-221, 2-н 63/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-н 19-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх 2-н 54/, шүүгдэгчийн фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 58-62/,

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны 8 тоотод 15 настай иргэн Э.Н-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Э.Н-ын: “...10 сард биений юм ирэхгүй байхаар нь Б-д хэлсэн. Хааяа уулздаг байсан. Би жирэмсэн болсон талаараа хэлэхэд наад хүүхдээ авахуул гээд уурласан. Нэг өдөр утсаар залгаад би зулбуулах эм аваад ирлээ гарч ирээд авчих гэсэн. Тухайн үед миний утсыг булааж аваад зугтсан. Миний хүүхэд биш наад хүүхдээ авахуул гэсэн. 1 сард эмнэлэгт үзүүлье гээд намайг дуудсан. Тэр үед намайг гашгичаж загнаад байхаар нь би айгаад гэрлүүгээ орсон. Тэгээд ээж 2 сард мэдээд эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг, гэрчээр С.Э-ийн: “...2018 оны 3 дугаар сард гэдэс нь томроод жирэмсэн болсныг нь мэдээд “хэнээс жирэмсэн болсон юм” гэж асуухад “үерхэж байсан Б-гэх хүүхдээс жирэмсэн болсон, би таниас айгаад хэлж чадаагүй юм” гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл 17 нидельтэй жирэмсэн байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Учир нь манай охин насанд хүрээгүй хүүхэд байгаа юм …2017 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна өдөр судрыг нь сайн санахгүй байна. Би охин Н-ыг Б-гэдэг залуутай үерхээд байгааг мэдээд гар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байхаар нь ажлынхаа 771830,, гэсэн дугаараас Б-866950, гэсэн дугаар руу залгасан чинь нэг хүүхэд аваад Б-д утсаар яръя гэж байна гээд цааш нь гар утсаа өгөхөөр нь “чи манай охинтой уулзаад байгаа юм байна, хаана сурдаг, юу хийдэг” талаар нь асуухад хувийн сургуулийн 2 дугаар курс, дизайнерын ангид сурдаг, өөрийгөө 18 настай гэж танилцуулж байсан. Би тэр үед нь манай хүүхэд 16 насанд хүрээгүй байгаа шүү гэж хэлэхэд “тиймээ би мэдэж байгаа” гэж өөрийнхөө амаар хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127-128, 135-137/, гэрч А.Уянгын: “...би Э.Н-тай 4 дүгээр ангиасаа өдийг хүртэл найзалж нөхөрлөж байна. ...манай найз Э.Н-ын 16 насны төрсөн өдөр болж байсан. ...Б.Б- нь Э.Н-ыг 16 насны төрсөн өдөр нь болж байсныг мэдэж байсан. Би тэр үед нь Б.Б-д хандан “манай жаахан найзыг авч үерхчихээд аятайхан хайрлаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Б-нь “за” гээд инээгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 142-143/, гэрч Б.Б-ийн: “...Н- нь манай гэрээр байнга орж гараад, ирж очин явдаг байсан. Заримдаа манай гэрт ирэхдээ гэрээсээ хоол идчихсэн ирдэг байсан. Тэр хоёр үерхэж байсныг манай гэрийнхэн бүгд мэднэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-130/, гэрч С.Х-гийн: “...2017 оны 6 дугаар сараас хойш манайхаар нэг охин өдөр алгасахгүй ирдэг байсан. Тэр охин нь одоо цагдаад гомдол гаргаад байгаа охин байгаа юм. Би тэр охинтой үерхэж, найзалж, нөхөрлөж байна гэж бодож байсан. Би тэр охиных нь нэрийг сайн мэдэхгүй, манай хүүхдүүд Наркаа гэж дуудаад байдаг...” гэсэн мэдүүлэг / хх 1-н 131-132/, гэрч Д.У-ийн: “...2017 оны 6 дугаар сараас хойш үерхэж байгаа юм. Хоорондоо яаж танилцсан талаар нь сайн мэдэхгүй. Миний хувьд Н-тай дотны найз байгаагүй болохоор нарийн ширийн зүйлийг нь асуугаад байдаггүй. Өмнө нь олон удаа хоорондоо уулздаг байсан. Зарим үедээ Н- ээждээ манай ихрийн нэрийг бариад манайд хонолоо гээд Б-д очиж хонодог байсныг мэднэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133-134/, гэрч С.Г-гийн: “...Надад Н- яг тодорхой зүйл хэлээгүй. Тухайн үед Н- надад ч Б-н талаар худлаа ярьж явж байсан байна лээ. ....Т-д Н- чатаар Б-н талаар цагдаад худал мэдүүлэг өгсөн. Мөн надтай 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ЭЕШ эхлэхийн өмнө надтай уулзахдаа ээж Б-г заавал шоронд явуулна гээд байгаа, тэгээд би цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 67-68/, гэрч Э.Т-гийн: “...Н- өөрөө надад би цагдаагийн газарт очоод чамайг сайн мэдэхгүй, мөн Б-н талаар худал мэдүүлэг өгсөн гэж ярьж байсан. Энэ чатууд нь надад байгаа” гэсэн мэдүүлэг /хх 2-н 69-70/, шинжээчийн 3883,  350 тоот дүгнэлтүүд, тэмдэглэлийн дэвтэр, фейсбүүкээр хохирогч, шүүгдэгч нарын харьцаж байсан талаарх баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь насанд хүрээгүй хохирогч Э.Н-ыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар хохирогчийг жирэмсэн болгосон нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

            Насанд хүрээгүй хохирогч Э.Н- нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед арван таван настай, арван зургаан насанд хүрээгүй байсан нь нас тоолсон тэмдэглэл, мөн жирэмсэн болсон нь шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байгаа тул тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон, эмчилгээний зардал 531.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Э-т нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3.300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нийт 18.300.000 төгрөгийн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Сэтгэл санааны хохирлыг Монгол Улсын хууль тогтоомжоор мөнгөн хэлбэрээр шилжүүлж гаргуулах хууль зүйн боломжгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол ...хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас 16 насанд хүрээгүй хохирогч жирэмсэн болсон улмаар ураг зулбуулсан зэрэг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-г “хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эс 531.400 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Н-, хууль ёсны төлөөлөгч С.Э- нарт олгосугай.
  6. Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 3.300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, нийт 18.300.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР